“Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” хөтөлбөрийг Швейцарийн Хөгжлийн агентлагын санхүүжилтээр нийт 17 сум,нийслэл Улаанбаатар хотын 3 хороонд хэрэгжүүлсэн юм. Хөтөлбөрийн зорилго нь нутгийн удирдлагын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээнд нийцсэн бодлого боловсруулах үйл ажиллагаа, иргэдэд хандсан үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлсэн шууд ардчилал болон санхүүгийн төвлөрлийг бууруулах зорилгыг дэмжих явдал байв. Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж “Иргэдийн оролцоог дэмжих төсөл нь хамаарах хууль тогтоомжуудын талаарх иргэдийн мэдлэгийг ихээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодлого боловсруулахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх үйл явцыг төлөвшүүлэн бий болгосон” хэмээн дүгнэлээ.
Хөтөлбөр хэрэгжүүлсэн жилүүдэд бага хэмжээний санхүүжилт, техникийн туслалцаа зэргээр дамжуулан орон нутгийн засаг захиргаадад шийдвэр гаргах үйл явц дахь иргэний оролцоог нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн байна. Төслийн зүгээс иж бүрэн тоноглол бүхий Иргэний танхимыг төсөл хэрэгжсэн бүх сумдад байгуулж, олон нийттэй зөвлөлдөх байнгын үйл ажиллагааг бий болгоход хувь нэмрээ оруулжээ. Төслийн сургалт, дэмжлэг нь иргэдийг орон нутгийн удирдлагын чиг үүргийг илүү сайн ойлгох, өөрсдийн ашиг сонирхлын төлөө нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, үйлчилгээний чанарыг сайжруулахыг төрийн албан хаагчдаас шаардах зэрэг боломжийг хангажээ. Түүнчлэн “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөр”-ийн гол бүрэлдэхүүн хэсэг нь Монгол Улсад төвлөрлийг бууруулах, оролцооны арга зүйг хэрэгжүүлэгч орон нутгуудыг бий болгохын тулд загвар орон нутгийн туршлагыг бусадтай хуваалцах, мэдээллийг түгээх, харилцан суралцах явдлыг сайжруулах явдал байсан юм. Өнөөдөр болсон төгсгөлийн семинар нь оролцогч талуудад туршлагаа хуваалцах, оролцооны үйл явцын талаар бие биеэсээ харилцан суралцах боломжийг олгосон бөгөөд семинарын оролцогчид төслийн хүрээнд орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдыг хариуцлагатай байлгах үр дүн бүхий арга зүйд суралцаж, иргэд энэхүү арга замуудаас өндөр үр дүнг хүртсэн болохыг цохон тэмдэглэж байв.
Тус хөтөлбөрийг зорилтот 17 газарт туршилтаар хэрэгжүүлсэн бөгөөд төсөлд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сум, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Дэрэн сум, Ховд аймгийн Жаргалант сум, Архангай аймгийн Цахир, Эрдэнэбулган, Тариат, Өндөр-Улаан сум, Хэнтий аймгийн Биндэр сум, Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8, 13, 14 зүгээр хороод хамрагджээ.
Хөтөлбөр нь аймаг, сум, багийн түвшний орон нутгийн удирдлагын чиг үүрэг, хариуцлагын талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, оролцоот ил тод шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах, иргэний оролцоог хангах үйл ажиллагааны туршлага, сургамжуудыг баримтжуулан, оролцогч талуудтай хуваалцаж харилцан суралцах, орон нутгийн иргэд төрийн албан хаагч нар төрийн үйлчилгээний чанарын төлөө хариуцлага хүлээдэг байлгах зэрэг зорилтыг нэн тэргүүнд тавьсан байна.