logo
Орчин цагийн Боевик Ж.Баянмөнх муурын сахлаар тоглож, аавынд морилох дөхжээ

Орчин цагийн Боевик Ж.Баянмөнх муурын сахлаар тоглож, аавынд морилох дөхжээ

2011/09/28
Сүүлийн үед Говьсүмбэр аймгийн засаг ноён гэж гандан буурахгүй зодоон хийдэг, хийх ч юу байхав өрөөндөө амьтан хүнийг дуудаж авчраад зоддог шинэ цагийн “боевик” болж хувираад байна. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр арав шахам жил суусан сандал ширээгээ алдах дээрээ тулангуут юу ч хийхээс буцахаа байсан бололтой. Ер нь бол Боевик Ж.Баянмөнхийн танхайрсан, өрөө тасалгаандаа хүн барьж авч зоддог үйлдэл нь ганц удаагийнх биш бөгөөд сүүлдээ мэргэших, үндсэн арга барил нь болох төлөвтэй болсон гэж хэлэхэд болохоор болжээ. Хамгийн сүүлд түүнд гэр бүлээрээ “пойлдуулсан” хүмүүс нүдэндээ нулимастай “Өдрийн сонин”-ы редакцид ярилцлага өгөн булайг нь дэлгэжээ. Энэхүү хохирогчийн ярилцлагыг уншигч танд хүргэж байна.  Ер нь бол түүнд зодуулж ямар нэг байдлаар дарамтлуулсан хүмүүсийн тоо хэдийнэ хороо цэргийн тооноос даваад байгааг Эрүүгийн хэрэг үүсгэдэг эрх бүхий байгууллагын сонорт хүргэх гэж хичээх үүднээс нийтлэв.
Ц.Сарантуяа: Засаг дарга Ж.Баянмөнх “Уучлаач” гээд өвдөг тэврэн уйлаад байсан
"Засаг дарга Ж.Баянмөнх зангарагтай авлигач уу" гэсэн цуврал нийтлэл гарсны дараагаар Говьсүмбэр аймгийн иргэд манай сонинд нүдэндээ нулимстай хандаж байна. Засаг дарга Ж.Баянмөнх нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёрыг зодоод зогсохгүй хилс хэрэгт гүтгэн шоронд хүртэл суулгаж  хүүг нь ажлаас халуулжээ. Ингээд ажил амьдралаараа хохирсон, хуульч Ц.Сарантуяатай ярилцлаа.
-Засаг дарга Ж.Баянмөнхтэй юуны учир харгалдах болов?
-Би Говьсүмбэр аймгийн үл хөдлөх хөрөнгийн албаны даргаар ажиллаж байсан юм. 2007 онд  Засаг дарга Ж.Баянмөнх иргэдийн хувьчлаад авчихсан Хонхорын 15 байрыг хууль бусаар авчихсан юм. Аймгийн захиргааны дарга нар  эзэд нь эзэнгүй байгаа байрыг засаад өөрсдөө орцгоосон. Тэгээд Засаг дарга Ж.Баянмөнх хууль бусаар олж авсан орон сууцнуудыг бүртгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохыг шаардсан. Би бүртгэх боломжгүй гэж хэлсэн.
-Үүнээс л зөрчил үүсчээ дээ?
-Тийм ээ. Тухайн үед миний хань Г.Ганбаяр Говьсүмбэр аймгийн байгаль орчны албаны даргаар ажиллаж байсан юм. Засаг дарга Ж.Баянмөнх нөхрийг маань өрөөндөө дуудаж оруулаад  "Танай эхнэр ганцаараа хуульч юм уу. Чи эхнэрээсээ ганц гэрчилгээ гаргуулж чадахгүй байна уу" гэж загнасан байдаг юм. Манай хүн "Би тэр хүний ажлыг мэдэхгүй"  гэж л дээ. Тэгтэл Ж.Баянмөнх багтартлаа уурлаад ширээ тойруулан элдэж байгаад сандлаар цохин унагаад зодсон. Тамгын газрын дарга байсан Санжмятав, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Зандраа хоёр салгасан байдаг юм.
-Уг нь гэрчтэй юм байна?
-Засаг дарга Ж.Баянмөнх манай нөхрийг зодоод уур нь гараагүй. Тэгээд манай нөхрийг ажлаа өг гэж зогсоо зайгүй дарамталж эхэлсэн. Энэ дарамтыг тэсэхээ байсан нөхөр маань "Би ажлаа өгье. Та харин манай эхнэрийг битгий оролдоорой" гэсэн юм. Үүнээс нэг их удалгүй Засаг дарга Ж.Баянмөнх намайг өрөөндөө дуудсан. Яваад ортол "Чи ганцаараа хуульч юм уу. Яахаараа тэр байрыг бүртгэдэггүй новш вэ" гэсэн. Тэгэхээр нь би "Тэр орон сууцыг бүртгэх боломж байхгүй байна. Та ядахдаа "Эдгээр орон сууцны эзэд өмчлөлөөсөө татгалзсан" гэсэн шүүхийн шийдвэр гаргуулаач. Хэрвээ тэгэх юм бол гуравхан минутын дотор гэрчилгээг нь гаргаад өгье" гэж гуйсан. Тэгтэл тас буутал цохиод авсан. Зүгээр нэг цохиод зогсохгүй гараа зангидаад балбаж гарсан.
-Эмэгтэй хүнийг шүү дээ?
-Тийм ээ. Аймаар зодсон. Намайг зодчихоод Иргэдийн Хурлын дарга Д.Гансүхээ дуудаад уулзаж байсан. Би тэр дор нь аймгийнхаа цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Жижүүрийн цагдаа Зоригтбаатар  "Би яаж Засаг даргыг байцаах юм бэ. Эгчээ та цагдаад өргөдөл бичээд өгчих" гэсэн юм. Тэгээд Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Ганболдод өргөдөл бариад очсон. Гэтэл цагдаагийн дарга миний өргөдлийг хүлээж авдаггүй.
-Яагаад хүлээж авдаггүй юм бэ?
-Цагдаагийн хэлтсийн дарга Ч.Ганболд "Чи Засаг дарга Ж.Баянмөнхтэй харгалдаад хэзээ ч дийлэхгүй. Ингэж яваад нэр нүүрээ барна. Аягүй бол чи эргээд гэмт хэрэгтэн болно" гэсэн. Тэгэхээр нь би "Иргэн хүн зодуулчихаад байхад шалгахгүй гэдэг нь юуны учир вэ" гээд уйллаа. "Өргөдөл хүлээгээд аваач" гээд л гуйгаад байгаа хэрэг. Тэгтэл хурандаа Ч.Ганболд "Чи  хохь чинь болно шүү. Чамд сануулж байгаад шалгалаа шүү" гэсэн. Мөрдөн байцаагч нар "Та нөхөртөө зодуулсан, эсвэл юмнаас унаад бэртсэн" гээд мушгиж гарсан. Аймгийн прокуророос "Та өргөдлөө буцаагаад авчихаач. Засаг даргад зодуулсан гэдэг чинь батлагдахгүй байна. Хэргийг чинь хаалаа" гэсэн юм.
-Аймгийн хяналтын прокурорын газраас хааж байгаа хэрэг үү?
-"Энэ хэргийг дахин хянаж өгөөч" гэж хэд хэдэн удаа өргөдөл гаргалаа. Авч хэлцдэггүй. Тэгэхээр нь Цагдаагийн Ерөнхий газрын дарга А.Дулаанжаргалд биеэр өргөдөл өглөө. Бас л байдаггүй. Арга барагдаад "Дорноговийн цагдаагийн хэлтэст шалгуулах" хүсэлт гаргасан. Энэ үеэр намайг "авлига авсан" гэх зохиомол хэрэгт гүтгэсэн.
-Хэн нэгний захиалга байж дээ?
-Мэдээж Засаг дарга Ж.Баянмөнхийн захиалгаар шүү дээ. Би нэг дэлгүүрээс 250 мянган төгрөг нягтлантай зээлж гараад  иртэл "Авлига авсан" гээд дайрчихсан. Зохиомол хэрэг юм чинь тогтоогдсонгүй. Гэтэл цагдаагаас цагдан хорих хүсэлт гаргаад прокурорын орлогч тогтоол гаргасан байгаа юм. Шүүхийн сум дундын шүүгч Наранчимэг "Хорих ямар ч үндэслэл байхгүй. Заавал хорьж шалгах үндэс байхгүй байна. Та нарын бүрдүүлсэн материалд нотлох баримт алга" гэсэн байгаа юм. Цагдан хорих гэж их үзсэн. Харин тэр шүүгч Наранчимэг гэдэг шударга эмэгтэй байсан юм. Тэгтэл маргааш нь Аймгийн шүүхийн дарга Г.Лхагвамаа шүүгч Наранчимэгийг өрөөндөө дуудаад "Чи тэр эмэгтэйг хорих байсан юм. Яасан том толгойтой нөхөр вэ. Засаг дарга Ж.Баянмөнхийн хүсэлтийг авч үзсэнгүй. Хална шүү" гээд нус нулимстай нь холилдтол загнасан байгаа юм.
-Шүүгч Наранчимэгийг дарга Г.Лхагвамаа загнасныг яаж мэдсэн бэ?
-Шүүгч Наранчимэгийг таних ч үгүй. Шүүхэд ажилладаг найз маань утасдаж хэлсэн л дээ. Ингээд байж байтал Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч  "Засаг дарга Ж.Баянмөнхтэй холбогдох хэрэг нотлогдож байна" гэж ярьсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Цагдаагийн хэлтсийн дарга Ч.Ганболд өрөөндөө дуудаад "Чамайг авлига авсан гэдэг зохиомол хэрэг. 250 мянган төгрөг хүнээс зээлээд  шоронд ордог хүн чамаас өөр байхгүй. Чи тэгэхээр Засаг даргын талаар гаргасан өргөдлөө буцаагаад авчих" гэж гуйсан. Би тэгэхээр нь "Засаг дарга Ж.Баянмөнхөөс хэдэн байр авсныг чинь мэднэ шүү. Хэрэг хийсэн эсэхийг цагдаа нар нотол" гэсэн юм. Тэгтэл хурандаа Ч.Ганболд "Чамд анх өргөдөл бариад ирэхэд чинь хэлсэн дээ. Засаг дарга Ж.Баянмөнхтэй харгалдвал хэрэгт холбогдоно шүү" гэж байлаа.
-Та тэгэхэд ажилтайгаа байсан уу?
-Засаг дарга Ж.Баянмөнхөд зодуулаад удаагүй байхад Авлигатай тэмцэх газрын бүхэл бүтэн баг ирж намайг ажилгүй болгож байлаа.
-Яасан шуурхай ажилласан юм  бэ?
-Тэгэлгүй яахав дээ. Үүнээс нэг их удалгүй Засаг дарга Ж.Баянмөнх өрөөндөө дууддаг юм байна. Яваад очлоо. Тэгтэл Засаг дарга Ж.Баянмөнх хэнгэтэл уйлаад "Сараа эгчээ цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад аваач. Би хөгшин настай ээж, аавтай, нялх нойтон хүүхэдтэй хүн" гээд сөхөрсөн. Бүр өвдөг тэвэрчихээд "Би удахгүй зүрхний мэс засалд орно. Амьд гарах ч үгүй байж мэднэ" гээд уйлаад болдоггүй. Эмэгтэй хүн гэдэг чинь өрөвч цайлган, итгэмтгий юм билээ.
-Та уйлахаар нь өрөвдчихлөө гэж үү?
-Хүн өвчин зовлон, аав ээж, үр хүүхдээ яриад уйлаад байхаар хэцүү юм билээ. Тэгэхээр нь "Чи намайг элдвээр оролдоод байхгүй байна биз. Ахиад над шиг эмэгтэйг оролдохгүй байна шүү. Өндөр настай аав, ээжийг чинь бодоод уучиллаа. Дахиад новширвол дэмий шүү хог минь" гээд загналаа. Нөгөөх чинь уйлаад "Би дахин алдаа гаргахгүй" гэсэн юм. Тэр дороо Цагдаагийн хэлтсийн дарга Ч.Ганболд орж ирээд надаар "Гомдолгүй" гэсэн өргөдөл бичүүлээд авсан юм.
-Ингээд бүх зүйл дууссан уу?
-Харин ч эсрэгээрээ эргэсэн. Цагдаагийнхан гялалзтал ажиллаж хавтаст хэрэг бүрдүүлсэн. Сум дундын шүүхээс жил зургаан сарын хорих ял оноосон юм. Энэ үеэр шүүхийн дарга Энхбаатар "Чамд гадны нөлөөтэйгөөр ял тулгасан" гэж хэлж байна билээ. Тэгээд намайг 66 сар мөрдөнд суулгасан. Дараа нь гавьяат хуульч өмгөөлөгч С.Жанцан гуайд хандсан. Дээд шүүхээс "Энэ хэрэг биш" гээд хэрэгсэхгүй болгосон. Дээд шүүхээс хууль зөрчсөн дээрх нөхдөд хариуцлага тооц гэсэн шийдвэр гарсан ч хэн ч тоогоогүй юм.
-Танай хүүг ажлаас нь халсан гэв үү?
-Тийм ээ. Миний хүүг Засаг дарга Ж.Баянмөнхийн захиалгаар ажлаас халсан. Дээр нь нэмээд хэлэхэд намайг шоронд суулгахад хүчин зүтгэсэн аймгийн орлогч прокурор Одхүүд Ж.Баянмөнх гурван өрөө байр, бас Төрийн удирдлагын академид урилгаар сурах эрх өгч суулгасан байна. Эхнэрийг нь төрийн албанд ажилд авсан даа. Манай хуулийн байгууллага хэрхэн ялзарсныг би биеэрээ мэдэрсэн. Улсын мөрдөн байцаах албанд Засаг дарга Ж.Баянмөнхтэй холбоотой материалаа тэр чигээр нь алдчихсан. Ёстой аймаар болсон юм билээ.
-Та нараас өөр зодуулсан хүн бий юу?
-Зөндөө. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Баттөмөрийн Аюушжав гэдэг залууг өрөөндөө зодож байсныг олон хүн мэднэ. Эмэгтэйчүүдийг хэрхэн дарамталдаг ч талаар баримт материал бий.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
 “ӨДРИЙН СОНИН”
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш