Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оныхоёрдугаар сарын 4-ний өдрийн 03 тоот тогтоолоор Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулан 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй дэд ажлын хэсэгт Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын холбогдох албан тушаалтнууд болон тус Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд багтжээ.
Байнгын хорооны ажлын хэсгийн зарим гишүүд УИХ-ын 2014 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний анги, салбаруудад хадгалагдаж буй авто болон тусгай зориулалтын техник, галт хэрэгслийн хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцсан бол энэ удаад тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн М.Батчимэг болон ажлын дэд хэсгийн зарим гишүүд энэ сарын 03-04-ний өдрүүдэд Дархан-Уул, Орхон, Булган аймгийн нутагт дэвсгэрт байрладаг зэвсэгт хүчний зарим ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүд эхлээд Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүний тайван цагийн бэлтгэл сургуулилт, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцсан юм.
Тус ангийн захирагч, дэд хурандаа Н.Алтангэрэл тус ангийн бие бүрэлдэхүүн тайван цагт олон талт үүрэг гүйцэтгэх бүрэн чадавхитай, ангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг илтгэлээ. Мөн тэрээр “Зэвсэгт хүчний Жанжин штабаас баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу хичээл сургалт явагдаж байгаа. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох цэрэг дайчдын хэлний бэлтгэлийг хангах үүднээс 2008 онд гадаад хэлний сургалтын төв байгуулж, АНУ-д бэлтгэгдсэн мэргэжлийн багш ажиллуулдаг. Цэрэг, иргэний холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл сурталчилгааг сайжруулах талаар аймгийн Засаг даргын Тамгын газар, цэргийн штаб, орон нутгийн бусад байгууллагатай байнгын холбоотой, ойр дөт ажилладаг” гэдгээ танилцуулсан юм.
Харин ангийн сургалтын төвийн газрын маргаантай асуудлыг зохицуулж өгөх, албан хаагчдын орон сууцны хүрэлцээ хангалтгүй байгаа нь шинээр томилогдон ирж буй офицер, ахлагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад сөргөөр нөлөөлж байгааг анхаарч туслахыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд, ажлын хэсгээс хүслээ.
Тус анги нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох Монголын бие бүрэлдэхүүний бэлтгэл сургуулилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Сүүлийн арваад жилд ангийн нийт бие бүрэлдэхүүний 85 хувь нь буюу давхардсан тоогоор 1100 гаруй офицер, ахлагчид олон улсын энхийг сахиулах болон НҮБ-ын бусад үйл ажиллагаанд оролцоод иржээ. Одоогоор тус ангийн 162 албан хаагч Өмнөд Суданд, 10 албан хаагч Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас уламжлал болгон зохион байгуулдаг үзлэг шалгалт, уралдаан тэмцээнд тус ангийн хамт олон жил бүр амжилттай оролцдог агаад өнгөрсөн жилд гэхэд Зэвсэгт хүчний анги, салбаруудын дунд явагдсан уралдаан тэмцээнд нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ.
Ангийн захирагчийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүд зарим зүйлийг тодруулав. Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр энэ үеэр хэлэхдээ, тус Байнгын хороо УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд төрийн цэргийн бодлогын үндсийн талаарх бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулахад гол анхаарлаа хандуулж ажиллах болно. Бодлогын энэ баримт бичиг батлагдсанаар салбарын олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарна. Иймээс батлан хамгаалах салбарт тулгарч байгаа асуудлыг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх, энэ үндсэн дээр асуудлаа зөв, оновчтой тодорхойлж бодлогын баримт бичигтээ тусгах шаардлагын үүднээс зэвсэгт хүчний анги, салбаруудын үйл ажиллагаа, зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтыг газар дээр нь үзэж танилцах, удирдах болон нийт бие бүрэлдэхүүний санаа бодлыг сонсох нь чухал байгааг онцлов.
Ингээд ажлын хэсгийн гишүүд төрийн цэргийн бодлогын талаарх бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах шаардлага, үзэл баримтлал, түүнд тусгах асуудлаар ажлын дэд хэсэгт ажиллаж байгаа Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах албан тушаалтнууд болон тус ангийн удирдлага, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын ажилтнуудтай санал солилцож, ангийн цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдал, бие бүрэлдэхүүний бэлтгэл сургуулилтын явцтай танилцав.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн М.Батчимэг нар мөн өдрийн /2015.04.03/ үдээс хойш Орхон аймаг дахь зэвсэгт хүчний 186 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Маршал Г.Дэмидийн нэрэмжит, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт тус анги нь анх Цэргийн яамны сайдын тушаалаар 1936 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Хадан хөв хэмээх газар байгуулагдаж байсан түүхтэй аж. “Матадын 8 дугаар морьт дивиз” хэмээн алдаршсан тус дивиз байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах үүргээ үнэнчээр гүйцэтгэн 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд амжилттай оролцож баатарлаг гавьяа байгуулсан түүхтэй. Энэ домогт дивизийн дайчдын дундаас Д.Нянтайсүрэн, Ч.Дугаржав, Д.Самдан, В.Шарав нар улсын баатар цол хүртжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа дивизийг татан буулгаж байлдааны тугийг нь Барилгын цэргийн 8 дугаар батальонд хадгалуулсан агаад улмаар 1979 онд 8 дугаар морьт дивизийн байлдааны тугийг одон тэмдгийн хамтаар мотобуудлагын 186 дугаар нэгтгэлд шилжүүлэн хадгалуулжээ. Засгийн газрын 2000 оны 60 дугаар тогтоолоор тус ангийг маршал Г.Дэмидийн нэрэмжит болгосон байна.
Ангийн захирагч, хурандаа Ө.Эрдэнэ-Очир зэвсэгт хүчний хөгжлийн бодлогод нийцүүлэн ангийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн түвшинг дээшлүүлж, олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах гол зорилт тавьж, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа гэдгээ илтгэлээ. Тус ангиас НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор 535 офицер ахлагч, гэрээт цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ. Одоо тус ангийн хоёр офицер, 6 ахлагч Афганистанд, 11 офицер, 28 ахлагч, 7 гэрээт цэрэг Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа бол гурван офицер нь Конго, Өмнөд, Хойд Суданд цэргийн ажиглагч болон штабын офицерээр ажиллаж байгаа аж. Мөн ангийн хамт олон туслах аж ахуй хөгжүүлэхэд анхаарснаар 2500 гаруй толгой малтай болж, мал сүргээ Булган аймгийн Орхон, Бүрэгхангай сумдын нутагт өвөлжүүлж хаваржуулдаг байна.
Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд ангийн захирагчийн танилцуулгатай холбогдуулан сонирхсон зүйлээ асууж тодруулав. Мөн тэдний зарим асуултад ажлын дэд хэсэгт ажиллаж байгаа Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчнийн Жанжин штабын холбогдох албан тушаалтнууд нэмэлт хариулт өгч байлаа.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд батлан хамгаалах бодлогын баримт бичгийн шинэ үзэл баримтлалын төслийг боловсруулахад байнгын хороо анхаарал тавьж УИХ-ын 6 гишүүний бүрэлдэхүүнтэй, бас ажлын дэд хэсэгтэй томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Манай байнгын хороонд үе үеийн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан хэд хэдэн гишүүн, мөн улс орны аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар мэргэшсэн, энэ талаар ихээхэн анхаарал тавьдаг гишүүд олон байдаг. Иймээс төрийн цэргийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж батлуулах ихээхэн боломж байнгын хороонд байна гэж үзэж байгаа. Гол нь зэвсэгт хүчний анги салбарыг гардан удирдаж зовлон жаргал, сайн саарыг нь сайн мэдэж, мэдэрдэг та бүхний санаа бодол, туршлага, мэргэжлийн хүний үг чухал байгаа учраас ажлын хэсэг газар дээр нь очиж үзэж танилцах, сонсохыг чухалчилж байгаа юм гэдгийг хэлж байв.
Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн М.Батчимэг төрийн цэргийн бодлогын үндэс нь төрийн бодлогын тулгуур энэ баримт бичиг учраас Монгол Улсын онцлогт тохирсон, улс орны нөхцөл байдал, уламжлал болон олон улсын чиг хандлагыг аль аль талаас нь бодолцсон байх ёстой. Олон талт чиг үүрэг, дайчилгааны тогтолцоо, орон нутгийн хамгаалалт, кибер аюулгүй байдал, нийтийг хамарсан гамшиг, ослын үеийн ажиллагаа, боловсон хүчний бэлтгэл, давтан сургалт, цэрэг, иргэний холбоо гээд олон талаас харж зөв, оновчтой бүтэц, чиг үүргийг тодорхойлоход анхаарах шаардлагатай байна гэдгийг хэлж байв.
Ингээд ажлын хэсгийн гишүүд төрийн цэргийн бодлогын үндсийн талаарх бодлогын баримт бичгийн төсөлтэй холбогдуулан ангийн болон аймгийн цэргийн штабын удирдлагууд, ажлын дэд хэсгийн гишүүдтэй санал солилцов.
Мөн тус ангийн дэд хурандаа Д.Лхагвадоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Батчимэг нар энэ үеэр гардуулж баяр хүргэлээ.
Дараа нь ажлын хэсгийн гишүүд тус ангийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалттай танилцав. Энэ үеэр ангийн захирагч Ө.Эрдэнэ-Очир агуулах, гараашийн дээвэр ихээхэн муудсан тул засварын хөрөнгө шаардлагатай байгаа, мөн гэрээт цэргийн албан хаагчдын байрны хүрэлцээ хангалтгүй байгаад анхаарахыг хүсэлт болголоо.
Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд энэ сарын 4-ний өдөр Булган аймгийн нутаг дахь зэвсэгт хүчний 234 дүгээр ангиар орж бие бүрэлдэхүүний бэлтгэл сургуулилт, зэвсэг техникийн хадгалалт, хамгаалалттай танилцаж, бодлогын баримт бичгийн төсөлтэй холбогдуулан ангийн удирдлага, цэрэг дайчдын санал бодлыг сонсов.
Тус анги нь болзошгүй гамшиг, ослын үед хүн, мал, машин техник, өмч хөрөнгийг гол мөрнөөр осолгүй нэвтрүүлэх, усан саадыг гаталгах, гамшгийн хор уршгийг арилгахад туслах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй аж. Энэ чиглэлээр 2004 онд улсын хэмжээний үзүүлэх сургуулийг тус ангид түшиглэн зохион байгуулахад сайн үнэлгээ авч байжээ.
Ангийн захирагч, хурандаа С.Содов тус анги нь тайван цагт 120 метр урттай хөвөгч гүүрийг дэлгэж, гол усанд саатсан хүн, мал, машин техникийг дамжин өнгөрүүлэх техникийн боломжтой. Мөн 20-60 тоннын даацтай машин техникүүд, моторт болон хийлдэг завь зэрэг гол усны саадыг түргэн хугацаанд даван туулах чадалтай техник хэрэгслүүдтэй улсдаа ганцад тооцогдох анги гэдгийг хэлж байв.
Гамшиг ослын үед онцгой байдлын байгууллагатай хэрхэн уялдаж ажиллах ёстойг ажлын хэсгийн гишүүн М.Батчимэг сонирхоход “Онцгой байдлын ерөнхий газар бие даасан агентлаг болсноос хойш хамтын ажиллагаа суларсан. Энэ нь хоёр өөр удирдлагатай байгууллага болсонтой холбоотой” гэлээ. Харин бригадын генерал Р.Сүхбат онцгой нөхцөл байдал үүссэн үед цэрэг, цагдаа, онцгой байдал зэрэг хүчний байгууллагуудын хамтын ажиллагааны төлөвлөгөө гэж бий. Үүнийг 2012 онд тодотгосон гэлээ.
Хамгийн урт нь 96 метр гүүрийг дэлгэж байсан туршлагатай тус анги 2013 онд ургац хураалтын үеэр орон нутгаас тавьсан хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хөвөгч гүүрээ дэлгэж байжээ.
Тус ангийн туршлагатай ажилтан, ахлах ахлагч Т.Ганболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медалиар шагнасныг УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Батчимэг нар уулзалтын үеэр гардуулж баяр хүргэсэн юм.
Ажлын хэсгийн гишүүд тус ангийн үйл ажиллагаа, зэвсэг, техникийн хадгалалт, хамгаалалттай танилцах үеэрээ гамшиг осол, хямралт байдлын үед хүчний байгууллагуудын үйл ажиллагааг холбох, уялдуулан зохицуулах эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа, түүнчлэн орон нутгийн чанартай зам гүүр, барилга байгууламж барих бүтээн байгуулалтын ажилд энэ ангийн машин техникийг ашиглах боломжийг судалж үзэх саналыг анхаарч үзэх нь зүйтэйг хэлж байв.