Өргөн барьсан төслүүдийн агуулгыг товч танилцуулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн байгууллагуудын төлөөлөлтэй эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ажил хэрэгч өглөөний цай-уулзалт зохион байгуулах үеэрээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг нэн даруй УИХ-д өргөн барина хэмээн мэдэгдсэн юм. 2004 онд УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуулийг баталсан ч хүчирхийллийн гаралт төдийлөн буураагүй, хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэрэг ноцтой хэрэг удаа дараа гарч байгаа билээ. Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчгүй, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотой гэж хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, судлаачид үзжээ.
Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, эмэгтэйчүүдээс бүрдсэн мэргэжлийн баг бүрдүүлж, шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх шаардлагын дагуу тус төслийг боловсруулсан байна.
Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийн тухайд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргах асуудлыг зорилго болгосон байдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримт бичгүүдэд авлигатай тэмцэх чиглэлийн арга хэмжээ тусгагдсан боловч тэдгээрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлж хэрэгжилтийг хангах механизмыг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх бодит хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг санаачлан боловсруулжээ.
Монгол Улс Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг 1998 оноос батлан мөрдөж байна. Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх хэрэгцээ бий болсон. Иймд Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлага үүссэн хэмээн үзсэн байна.
Эдгээр төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулж өгөхийг УИХ-ын дарга З.Энхболдоос хүслээ.