logo
Швейцарийн иргэн Армин Монголын хуулийг тохуурхав

Швейцарийн иргэн Армин Монголын хуулийг тохуурхав

2011/05/17
Сүүлийн өдрүүдэд “Оюуны-Ундраа” гэх нэр урьдын адил хар хэл ам татуулах болов. Анх үүсэн байгуулагдсан цагаасаа л хар хорын хэрэгтэй хутгалдаж хар мөр татуулж байснаас сайныг сонсгож байсангүй. Түүх сөхөе. Сонины шарласан хуудсанд тус компанийн тухай ийм л мэдээлэл тавигдаж байв.
90-ээд онд Монголчууд бүгд ганзагын наймаанд хөл тавьж, чадахаасаа чадахгүйгээ хүртэл амь амьжиргааны төлөө зүтгэж байхад тус компани бүхэл бүтэн МИ-8 онгоцыг хууль бусаар хилээр оруулж ирж эвэртэй туулай үзүүлж байв. Хоёр улсын хилээр бүхэл бүтэн онгоц хулгайгаар оруулж ирнэ гэдэг бөх зүрхтэй, бүдүүн хүзүүтэй хулгайчдын л хийдэг ажил. Түүнээс биш хэвийн хэмжээний сэтгэхүйтэй хүн ийм хил дамнасан хулгайг зориглон хийх нь юу л бол. Уг нь хууль бусаар хилээр орж ирсэн онгоцыг битгий хэл ганц ширхэг үсийг ч улсын орлого болгож хурааж авах ном журамтай атал тэр үеийн Засаг төр “Оюуны –Ундраа”-гийн толгойг нь илж 600 сая төгрөгөөр худалж авсан баримт байна. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн ийм хууль бус наймаа хийж болохгүйг “Оюуны-Ундраа”-гийн ах дүүст сануулаад улс орны эдийн засаг хүнд байгаа тул анхны удаа уучлаад онгоцыг тань улс худалдаж авлаа гэж тов тодорхой хэлсэн нь цагаан дээр хараар дурайтал бий. Гэвч анхнаасаа хэл ам таталсан МИ-8 онгоц оруулж ирсэн эзнийгээ Онцгой байдлын сайд байхад ид шидээ үзүүлж 15 эрдэнэт хүний аминд хүрснийг Монголчууд мартаагүй. Гавьяат нисгэгч Сугар гуай татаад байхад дээшээ биш доошоо яваад байсныг гайхаж хэвлэлд ярилцлага өгсөн нь МИ-8  ямархуу чанартай эд байсныг илтгэдэг.  
Ийм л халуун намтараар бизнесийн түүхээ эхэлсэн “Оюун-Ундраа”-гийн дараагийн маапаан нь “Лхам” худалдааны төв байв. Уг нь “Оюуны -Ундраа” компани өөрийн эзэмшлийн “Лхам” худалдааны төвийг “Зоос” банкны зээлийн барьцаанд тавьж 400 саяын зээл авсан байдаг. Гэвч зээлээ төлөлгүй луу унжиж “Лхам” худалдааны төвийн эрхээ өрөндөө өгсөн ч хууль бус аргад гаршсан тус компанийхан бэлэглэлийн гэрээ байгуулж дараагийн луйвартаа бэлдсэн байж. Харин “Зоос” банкнаас “Глоб”-ын Ж.Мэндбаяр “Лхам” худалдааны төвийг мөнгөө төлөн авсан ч дундаас нь  “Оюуны –Ундраа” компани гарч ирэн хууль шүүхээр гүйсээр учир битүүлэг шийдвэр гаргуулан тус худалдааны төвийг өөрийн болгож “Глоб”-ын хадгаламж эзэмшигчдийг хохироож байв. Усанд унасан нохойг өшиглөдөггүй Монгол хүний нүнжиг бий ч энэ үг “Оюуны –Ундраа”-гийн ах дүүст энэ  огт хамаагүй мэт. Тэд усанд унасан нохойг өшиглөх байтугай дэвсэлдэг хүмүүс. Ж.Мэндбаярыг хэрэгт төвөгт орооцолдон төмөр торны цаана суусныг нь далимдуулан “Лхам” худалдааны төвийг дээрэмдсэн гэхэд бараг болно. Өөрөөр хэлбэл өрөндөө өгсөн “Лхам” худалдааны төвөө худалдан авсан хүний дархлаа суларсныг далимдуулан өөрийн болгохоор хөөцөлдөж гүйсэн нь “Оюуны-Ундраа”-гийн ах дүүсээс л гарах эр хүний “нүнжиг”
Гэхдээ үүний цаана Ж.Мэндбаярыг зориуд түлхэж  бантан хутгасан гэж учир мэдэх хүмүүс ярьцгаадаг юм билээ. Мэдээж энэ хэргийн учиг үзүүрийг хөөвөл нэлээд ээдрээтэй маргаантай сэжиг бүхий адал явдлууд угтана. Ямартай ч үүний цаанаа ахиад л хадгаламж зээлийн хоршооны олон мянган хадгаламж эзэмшигчид зүрхээ зүсэж элгээ эмтэлж хоцорсон нь туйлбаргүй үнэн. 
“Оюуны-Ундраа”-гийн луйврыг цааш нь тоочоод байвал бас л дампуурсан “Анод” банк руу хөтөлнө. Тус компани  “Анод”-д тэрбум 200 саяын өртэй атлаа ширэн нүүрлэж өрөө өгөхгүй луу унжсаар өнөөг хүрсэн. “Анод” банкыг дампуурахад хүргэсэн тэрбумаас дээш өртэй 20 компанийн нэгд “Оюуны –Ундраа” ордог. Гэтэл Монгол банкнаас “Анод”-д эрх хүлээн авагчаар ажиллаж байсан “яс баригч” М.Батжаргал гэх нөхөр өнөөдөр “Оюуны-Ундраа”-гийн гар хөл болчихсон хэвлэлийн хурал хийлгээд сууж байгаа нь хар сэрийг эрхгүй төрүүлнэ. Хэдийгээр Монгол банкны экс ажилтан М.Батжаргал тэтгэвэртээ гарч лаа ч иднэ үү луувангаа ч иднэ үү маньд хамаагүй боловч Монгол улсын төв банкны нөлөө бүхий ажилтан асан хүн ийм эрх ашгийн зөрчилтэй компанийн нэрийн өмнөөс дуугарч байгаа нь хаанаас нь ч харсан сэжигтэй үйлдэл. 
Гэвч “Оюуны-Ундраа”-гийн ах дүүс “Анод”-д өрөө төлөөгүй атлаа дахиад л “Транс” банкыг авахаар сурсан мэхээ хийж ширэн нүүрлэж байна. Мэхт мэхэндээ гэх үгтэй. Хууль бусаар өөрийн болгосон 51 хувь нь тэднийг өөрсдийг нь ороож эхлээд Монгол банкны ерөнхийлөгчийн өрөөнд хүртэл бөөлөөд авчээ. Ямар ч эрүүл саруул ухаанаар бодсон 51 хувийн эрхийг нь эзэмшдэг хүн гудамжинд лааз өшиглөж явна гэж юу байхав. Тэгэхээр эндээс бас л нэг хууль бус үйл ажиллагааны үнэр ханхийж байгаа биз. Банк гэдэг бол зүгээр нэг талхны үйлдвэр биш.  Энд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд наад зах нь бусад арилжааны банкыг дампууруулах хэмжээний найдваргүй зээл авагч биш байх ёстой. Гэтэл “Анод”-оос авсан тэрбум 200 саяа өгөх нь битгий хэл дээрээс нэмж банк авна гэж улайраад байхад төрийн нэрийн өмнөөс тамга түшиж суугаа Монгол банкны ерөнхийлөгч нүдэн балай чихэн дүлий суух учиргүй. Адаглаад л урдын өрөө төлж хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болго гэх нь зүйн хэрэг.
Тэгээд ч банкинд өөрийн гэх мөнгө бараг байдаггүй, хадгаламж эзэмшигчдийн л мөнгө тэнд бий. Хэн ч илүүдээ гарсан мөнгөө банкинд хадгалуулдаггүй. Хуруу хумсаа хуйхлан Туулын мөсийг долоох шахан олсон хэдийгээ хоногийн хоолноосоо илүүчлэн байж үр хүүхдийнхээ хойч ирээдүйд хөрөнгө оруулахаар банкинд найддаг. Гэтэл ийм их итгэл найдварыг өөр дээрээ авсан банкир хүн наад зах нь хүний мөс нүнжигийн хэлтэрхийтэй нэгэн байх  бичигдээгүй хуультай. Хүний хөрөнгөөр сийх ч үгүй гараа угааж, гутлаа тослоод хаячихдаг нэгэнд бол банкны түлхүүр атгуулах нь битгий хэл салхи доогуур нь өнгөрөөхгүй байх дэлхий нийтийн жишигтэйг хэн хүнгүй мэднэ. Гэтэл “Оюуны-Ундраа”-гийн ах дүүс “Анод”-оос авсан зээлээ төлөх тухай огтоос бодохгүй атлаа ганган машин унаж, сайхан хүүхнээр гоёж, хүний өмсөөгүйг өмсөж идээгүйг идэж арабын шейх шиг тансаглаж ам дүүрэн мөнгө ярьж байгааг хүний ёс гэх үү. Хэрвээ тэд хүн бол ганган машинаа зараад эхнэрийнхээ ээмэг бугуйвчийг ч болов тайлж өгөөд хүний мөнгийг өгөх тухай ярьж явах байсан биз. Гэтэл тэрний оронд гэв гэмгүй дүр эсгэн  “Эзэн нь атлаа хаалгаар нь ч шагайх эрхгүй гудманд явна” хэмээн матрын нулимс унагаж явна.
“Транс” банкны  хувийг Швейцарийн иргэн Виедеркехр Армин гэгч нөхөр худалдан авч энэ банкыг дэлхийн жишиг хүрсэн том банк болгох амлалт авч байсан ч удалгүй тар нь танигдаж хамтрагчид нь эрүүгийн хэрэгт холбогдож эхлэв. Тээвэр хөгжлийн банкны захирал Новожилов гэгч нөхөр их хэмжээний зээл хууль бусаар өгсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан байх юм. Монгол улсын хилийг хайс давах дайны бодож бүхэл бүтэн онгоц оруулж ирж байсан “Оюун-Ундраа”-гийнхан шиг Новожилов бас л хоёр улсын хилийг хулгайгаар даваад гарчээ. Түүнийг хил давуулсан албан тушаалтнууд нь өдгөө дээлээ нөмрөөд сууж байна. Харин хэргээс бултаж оргон зайлсан Новожилов гэгч нөхөр хилийн чанадаас утас цохиж “Намайг Монголд эрсний хэрэггүй би Орост байна” хэмээн монголын хууль хяналтын байгууллагыг даажигнасан байна.
Алс холын Швейцарь улсаас захидал занаа бичиж Транс банкыг луйвардуулахгүй гэж байгаа Швейцарийн иргэн Виедеркехр Армин гэгч нөхөр анх тус банкыг авч байхдаа юу гэж байсан нь цагаан дээр хараар дурайтал байна. Тэрбээр тухайн үед ийн ярьж байжээ. 
“ Би S банкны дэд захирал Андрейтай 1992 оноос хойш хамтран ажиллаж бие биеэ сайн мэдэх бөгөөд ТХБанкинд хөрөнгө оруулах боломж байгааг тэрээр мэдэгдсэн бөгөөд энэхүү онцгой боломжийг ашиглан ТХБанкинд хөрөнгө оруулж, цаашид эрчтэй хөгжүүлэхээр тохиролцсон юм. Гол төлөв Орос Монголын хоорондох өмнөх бизнесийн хамтын үйл ажиллагаанд түшиглэн ингэж шийдвэрлэсэн.  Шинэ харилцагчдыг банкинд авчрах нь банкны урт хугацааны хөгжилд чухал ач холбогдолтой гэдэгт би гүнээ итгэж байна. Мөн өөрийн хөрөнгийн одоогийн хэмжээнээс шалтгаалаад бид жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд голчлон анхаарна. Жижиг дунд үйлдвэрлэгч компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна Private банк буюу их хөрөнгөтэй харилцагчдын хөрөнгийг орчин үеийн техник ашиглан оновчтой ашигтай байршуулахад туслах, зөвлөгөө өгөх үйлчилгээг эрхэлнэ. 
Энэхүү үйлчилгээг Швейцарь улсын банкууд анх дэлхийд нэвтрүүлсэн. Миний урт хугацааны зорилго бол Швейцарийн банкуудтай хамтран энэхүү бизнесийг Монголд нэвтрүүлэх явдал юм. 
Deloitte Touche гэж олон улсын нэр хүнд бүхий аудитын компаниар шалгалт хийж дууссаны дараа Инфрастракчер ББСБ-ыг Pramalife даатгалын компани худалдан авах бөгөөд урт хугацааны ирээдүйн байдал үүгээр баталгаажих юм. Энэ нь банкинд үзүүлж буй урт хугацааны миний амлалт юм. 
Мөн банкны актив хөрөнгийг 5 жилийн дотор 100.0 сая $-т хүргэж, өөрийн хөрөнгийн өгөөжийг жилийн 10-15%-д хүргэх болно ” хэмээн уран үгс урсгаж байж тус банкыг өөрийн болгочихоод баахан бантан жонхуу зуурч өөрөө бас л хил даваад явсан байдаг. 
Тэрбээр өөрийн хувиа “Оюуны –Ундраа”-д зарсан гэх боловч энэ нь хууль бусыг Монгол банкны хяналтын албаны даргын дараахь албан тоот нотлоно. 
Инфрастракчер ХХК-д 
Монгол улс
Монгол банк 
2010.05.21 №6/968 
Тоотын хариу 
2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Инфрастракчер ХХК Оюуны ундраа ХХК-нд өөрийн компаний хувьцааг худалджээ. 
Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Инфрастракчер ХХК ингэж худалдахдаа Монголбанкнаас урьдчилан зөвшөөрөл авах, энэхүү хүсэлтээ Тээвэр хөгжлийн банкаар дамжуулан ирүүлэх хууль зүйн үүрэгтэй тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. 
Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийн хоорондын хувьцаа тэргүүн ээлжинд худалдан авах асуудал нь тус банкны дүрэм, Компаний тухай хуулиар зохицуулсан асуудал юм. Банкны тухай хуульд заасны дагуу хувьцаагаа бусдад шилжүүлэх хүсэлтийг ирүүлсэн нөхцөлд Монголбанк шинээр банкны хувьцааг эзэмших этгээд хуульд заасан шалгуурыг хангасан эсэх талаар шалгаж холбогдох зөвшөөрлийг олгоно. Энэ зөвшөөрөл олгогдохоос өмнө Инфрастракчер ХХК Оюуны ундраа ХХК-нд өөрийн компаний хувьцааг худалдсан асуудал нь Банкны тухай хуулийн дагуу хийгдээгүй байна гэдгийг үүгээр мэдэгдэж байна. 
Хувийг: Тээвэр  хөгжлийн банк, Армин Виедеркер нарт. 
Хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн 
Эндээс аанай л мөнөөх муу нэр луу данстай “Оюуны-Ундраа”-гийн ах дүүсийн мөс чанар цухайж харагдана. Тэд Швейцарийн иргэн Виедеркехр Арминаас хууль ёсоор нь хувийг нь худалдаж авсан нь тодорхойгүй тэр бүү хэл худалдан авсан баримтаа ч үзүүлэхгүй байгаа атлаа энэ бол миний банк хэмээн улайм цайм гөрдөж байгаа нь ариун явдал мөн үү? Ерөнхийлөгчийн өглөө бүр сэрэхдээ амны уншлага мэт уншдаг Шударга ёс эндээс үнэртэж байна уу гэж асуумаар байна.
 
С.ГАН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш