Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп Дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр энэ жил 45 нас хүрч байгаа юм. Жил бүр өөрийн төрсөн өдрөө үзэгч түмэнтэйгээ дуу хууртай инээд баясалтай тэмдэглэдэг дуучин маань энэ жил ч мөн адил үзэгч фэнүүдтэйгээ өөрийн төрсөн өдрийн баярыг хуваалцах гэж байна. Түүний 8 дахь удаагийн төрсөн өдрийн тоглолт болох “Сэхүүн салхи” тоглолт нь өнөөдөр орой 19 цагт Монгол бөхийн өргөөнд тоглогдох юм. Олон жил үзэгч түмнийг гайхалтай дуугаараа баясгаж дуучин эмэгтэйдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье.