logo
“Эмоци” хамтлаг яасан байх нь уу?

“Эмоци” хамтлаг яасан байх нь уу?

2015/04/22

Яасан байх нь уу? “ЭМОЦИ”-ийн тоглолт үзэж, инээдээ барьж дийлэхгүй байсан байх нь. “Тоглож болохгүй тоглоом”-оор наадаж байж хартай эхнэрээ хэрхэн баярлуулахыг, гэрийн мухар сахисан ажилгүй хүүгээ ажилтай болгох гэж яваа ээжийн хөгжилтэй явдал гээд авьяаслаг залуусын дуу бүжиг таны Эмоцийг дээд цэгт нь хүргэж, гурван цагийн турш тасралтгүй инээлгэнэ гэдгийг баттай хэлмээр байна.

Хэн Эмоцийг хамгийн отгон хамтлаг гэж басч байлаа, тэгвэл тэд энэ сарын 11-ний өдрөөс эхлэн өдөр бүр МҮЭСТОрдонд тавьж буй “ТОГЛОЖ БОЛОХГҮЙ ТОГЛООМ” шоу тоглолтоороо жинхэнэ хавар цагийн тэсрэлтийг хийж, тэр бүх асуултуудад цэг тавьжээ.

Энд бас нэг зүйлийг онцолмоор байгаа нь, энэ тоглолтоороо тэд Монголын хошин урлагийн уламжлалт сэтгэлгээнд цоо шинэ хувьсал хийж, өөрсдийн өнгө төрхөөр шинэ шатанд гаргаж ирсэн байлаа.

Жишээлбэл, тэд бүтэн гурван цагийн турш тоглолтоо хүргэхдээ дундуур нь нэг ч удаа хөшиг харанхуйлахгүйгээр тайз чимэглэлээ өөрчилж байсан төдийгүй, үзээд сууж байгаа үзэгчдэд ч зрителийн дунд байгаа биш, жүжигчидтэй хамт, өөрөө номерт оролцож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсныг нуух юун.

Тэдэнд тайзны арын ажилчин гэж тусгай ганц ч хүн байсангүй. Хамгийн отгон хамтлаг гэдгээрээ ч тэр үү, бүх л уран бүтээлчдээ дэмжиж, хамгийн залуу жүжчигчнээ ч тайзан дээр гаргаж байгаа нь үнэхээр бахархууштай санагдсан юм.

Гэтэл, тэдний барьж буй бэлэг энэ бүхнээр ч зогсолгүй хамгийн оргил хэсэгтээ хүртэл Үзэгчдийн дундаас бяр чадлаараа илүүрхсэн хоёр залууг тодруулж, номертоо хамтран тоглуулсан төдийгүй үзэгчдээс хамгийн их алга ташилт хүртсэнийг нь ЖИНХЭНЭ АЗТАНаар тодруулж Сая төгрөг гардуулсан гээд тоглолт бүхэлдээ гэнэтийн бэлэг, бас дахин бэлэг, эмоциор дүүрэн нэг үдэш байлаа.

Тэгвэл, энэ үеэр САЯТАН болсон Л.Түвшинбаярынхаа сэтгэгдлээс хуваалцсан юм.

Та угаасаа бүжиглээр хичээллэдэг байсан уу, сая тайзан дээр Баян Мажарын дүрд маш мундаг тоглолоо?

Дунд сургуульд байхдаа л хаяа нэг урлагийн үзлэгт орохоороо ангийнхантайгаа нийлж бүжиг, дуунд нь ордог байсан. Тэрнээс хойш ерөөсөө иймэрхүү юманд ороогүй юм байна.

Тайзан дээр жүжигчдээс дутахгүй шахам даалгавраа гүйцэтгэж байлаа.

Тайзны ард ороод гарах номероо хүлээж байх хоорондуур жүжигчид маань бас зөвлөгөө өгсөн л дөө. Тэгээд л өгсөн зөвлөгөөгөөр нь чадан ядан бүжиглэлээ.

Яг өөрийхөө хүчээр ялаад сая төгрөг хожчихоор ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Үнэхээр хэлэх үг олдохгүй, тийм нэг гоё байдаг юм байна. Хошин шог, тоглолт маань ч сайхан болж байна. Тэгээд бүр азтай үзэгч болоод сая төгрөг хожсондоо маш их баяртай байна. Ер нь иймэрхүү тоглолт дээр хүмүүс танидаг хүнээ азтан болгодог байх гэж боддог байсан. Тийм юм байдаггүй юм байна. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.

 

Б.Хишигдэлгэр

О.Мөнхдуулга

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш