Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гал түймрийн аюулд өртөөд байгаа зүүн аймгуудад ажиллахаар өчигдөр Улаанбаатараас мордсон билээ. Тэрээр түймэртэй байгаа Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж орон нутгийн иргэд, түймрийн голомт дээр гал унтраахаар ажиллаж буй хүмүүс, цэрэг, дайчидтай уулзлаа. Тэд түймэр унтраахаар нойр, хоолгүй ажиллаж байна.
Дорнод аймгийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг, Баян-Уул сумын нутаг дэвсгэрийн 50 хувь нь түймэрт өртжээ. ОХУ-аас хоёр чиглэлээр хил давж орж ирсэн гал ийнхүү Баян-Уул сумын газар нутгийн тал хувийг хамарсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймагт ажилласныхаа дараа Хэнтий, Сүхбаатар аймгийг зорьсон юм. Эдгээр аймагт ажиллах үеэрээ иргэдтэй теле уулзалт зохион байгуулж, орон нутгийн телевизүүдэд ярилцлага өгөв.