logo
Зочид буудлууд АСЕМ-ийн бэлтгэлд нэгдлээ

Зочид буудлууд АСЕМ-ийн бэлтгэлд нэгдлээ

2015/04/28

Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сард болсон АСЕМ-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалтаас дараагийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Уг уулзалтад дэлхийн 53 орны төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл, сайд дарга нар хүрэлцэн ирэх тул Монголын зочид буудлууд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Монголын сэтгүүлчид АСЕМ-ийн төлөө нэгэн зорилгын дор нэгдэхээ илэрхийлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Монголын зочид буудлууд АСЕМ-ийн бэлтгэлд нэгдсэнээ илэрхийлсэн хэвлэлийн бага хурлыг “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.

Уг хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ийн зочид буудал зохион байгуулах ажлын хэсгийн дарга П.Цагаан оролцлоо. Тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ “2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтаас өмнө 10 гаруй удаагийн бэлтгэл арга хэмжээг зохион байгуулна. Тэдгээр арга хэмжээ тус бүрт олон  төлөөлөгч, зочид оролцоно. Хамгийн оргил үе болох чуулга уулзалтын үеэр төлөөлөгчдийн тоо 4500-д хүрнэ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээж авна гэдэг бол нэгдүгээрт, нэр төрийн хэрэг, хоёрт, хариуцлагын асуудал юм.

АСЕМ-ийн төлөөлөгчид Монгол Улс гэсэн айлд ирнэ. Эндээс буцахдаа Монгол гэдэг ямар улс юм бэ гэсэн дүгнэлтээ хийгээд явна. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг. Монголд болох улс төрийн том арга хэмжээг зохион байгуулахад зочид буудлууд, хурлын танхимууд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Түүнд бэлтгэх ажлын явцад зочид буудлууд “Төр засаг нь зочид буудлуудаа дэмжие. Зочид будлууд төр, засгийнхаа хариуцлагатай үүрэг хэрэгжүүлэхэд нь хамтран ажиллая” гэсэн уриан дор нэгдэж байна. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын дараа  Монгол Улсын гадаад нэр хүнд сайнаар дуудагдахаас гадна Монголын экспортын чухал салбар болсон аялал жуулчлалын материаллаг бааз бэхжиж, 40 гаруй зочид буудлын үйлчилгээний чанар чансаа 1-2 одоор дээшилсэн байх зорилт тавьж байна. Өмнө нь Монголын сэтгүүлчид АСЕМ-ийн төлөө нэгэн зорилго дор нэгдсэн. Одоо зочид буудлууд АСЕМ-ийн туган дор нэгдэж байна” гэлээ.

АСЕМ-ийн төлөөлөгчдөд зориулан одоогийн байдлаар 43 зочид буудал сонгоод байгаа бөгөөд түүнээс нэг одтой 2, хоёр одтой 3, гурван одтой 11, дөрвөн одтой 4, таван одтой 3 буудал байгаа юм байна. Тэдгээр буудлыг байршил, замын хөдөлгөөн, аюулгүй байдал, үйлчилгээ зэрэг шалгуураар сонгон авчээ. АСЕМ-ийн чуулган өндөрлөсний дараа 2016 оноос Монголын зочид буудлуудын үйлчилгээний чанар, стандарт дэлхийн аль ч орноос дутахааргүй болно гэсэн зорилтыг тэд өмнөө тавьжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш