“Тоон сонин”-ы ид шид
Цахим сэтгүүлзүйг нэг үеэ бодвол манайхан таньж мэддэг болчихлоо, нийгмийн сүлжээнээс зааг ялгаатай хүлээн авдаг болчихлоо, цахим сэтгүүлзүйн хурд, боловсронгуй байдлыг хэрэглэгчид мэдрээд эхэлчихлээ, цахим сэтгүүлзүй дараагийн шинэ хандлага буюу “ОНМХ-ийн систем”-ийг бүрдүүлэгч хамгийн сүүлийн хэрэгсэл болохыг судлаачид зах зухаасаа яриад эхэлчихлээ. Эцэст нь цахим сэтгүүлзүй өөрөө интернэт орчинд эзэлж болох тэргүүн дээд байр сууриа олчихлоо.
Ийм нэг дүр төрх, чиг хандлага өнөө цагт бүрэлдэн тогтож, цаашдын хөгжлийн сууриа манай сэтгүүлзүйд тавьж чадсан нь “Цахим сэтгүүлзүй”-г бусадтай харьцуулах ойрын шалтгаан болно.
Ерөөс аливаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн үе тутамдаа нэг эрин үе болж ирсэн түүхтэй. Манайд сонин сэтгүүл 1913, радио сэтгүүлзүй 1937, теле сэтгүүлзүй 1967, мэдээллийн сайт 1996 онд бий боллоо. Эдгээрийн түүхийг харвал тухайн үеэ “байлдан дагуулах”, “ноёлох” шинж чанартай байв. Тухайлбал, өнөө цагийг бид теле сэтгүүлзүйн эрин үе гэж томьёолж буй. Учир нь хэрэглэгчийн олонх цэнхэр дэлгэц рүү “хошуурч” байгаа хэрэг. Хэдий Монголын Радио тэртээ цаг үеэ “байлдан дагуулж” асан, өнөө цагт мэдээлэл, соёлын үнэт өв болж, /одоо ч хэвээр/ чанар чансаатай мэдээллийн хүчирхэг хэрэгсэл байсаар авч нэгэнт хэрэглэгчээ алдсаныг ямар ч зугуйдлагагүйгээр хэлэх нь зүйтэй болов уу.
Түүнчлэн судлаачид хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл аажмаар “үгүй болно” гэдэг. Гэвч түүний үржил шимт хөрсөн дээр технологийн давуу талыг ашиглан боссон шинэ хэрэгсэл бол яах аргагүй мэдээллийн сайт болж байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийн сайт хүн төрөлхтний анхнаасаа шимтэн уншиж ирсэн “сонин” хэмээх сонгодог хэрэгслийг бичлэгийн болоод харагдах загвар, хэлбэрээр нь уламжлан авч түүн дээр улам “шидэт” орчин хийгээд “үйлчилгээг” нэвтрүүлж байна. /Би хувьдаа мэдээллийн сайтыг эх хэлээрээ “Тоон сонин” гэж томьёолохыг санал болгон эрмэлзэж буй. Энэ нэрэнд мэдээлэл, сайт гэх хоёр үгийн утга хоёул багтаж буй. Сайт гэдэг сонины агуулга, хэлбэрийг тэр чигт нь хадгалж үлдэх шинэ тутам хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Интернэт гэдэг тоо, теором, томьёоны орчин. Иймд “Тоон сонин” гэх ойлголтыг санал болгож буй./
“Тоон сонин”-г олон нийт эдүгээ “унших” хэрэгслээр хүлээн авч буй. Харин цаашид сонсдог, үздэг, уншдаг буюу бүгдийг цогцлоосон хэрэгсэл гэдгээр хүлээн авах учиртай. Зарим улс оронд үүгээр нь хүлээн зөвшөөрөөд эхэлчихсэн.
Энэ “Тоон сонин” өнөөдөр бүхнийг багтаах асар том тогтолцоо болж байна. Түүний дотор аудио, видео, текстэн, фото гээд чухам л байж болох бүх хэлбэр агуулагддаг. Нэг талдаа гайхамшиг юм. Хөдөөд тавих зам гүүр, гэрэл цахилгааны нэгэн адил цахим сэтгүүлзүйн дэд бүтэц нөгөөх л интернэт, шугам сүлжээ, шилэн кабель зэрэг нь орон нутагт тулгамдсан асуудал болж байна. Гэлээ ч цаг минут, өнгөрөх тусам борооны дараах мөөг адил түүний хөгжил цэцэглэж буй.
Мэдээлэл хүлээн авах дөт зам
Өнөөдөр хувь хүн, нийгэм нэгэнт цахим ертөнцөөс хараат болж ирсэн. Цааш цаашид түүнд улам шунан дурлаж, иргэд мэдээллийн сувгаа халаасандаа, машиндаа, ажлынхаа ширээн дээр, гэртээ гээд хаана ч авч явдаг болох үзэгдэл нэг өглөө сэрэхэд ирчих биз ээ. Одоо айл өрхүүдийн зурагт ухаалагжиж, интернэтжиж байна. Мэдээллийн сайтаар дамжуулж аливаа телевизийн хөтөлбөрт баригдалгүйгээр хүссэн мэдээ, кино, нэвтрүүлгээ хүлээн авч болдог наад захын үйлчилгээнд хэрэглэгчдийн түрүүч нь амтшаад эхэлчихсэн. Үүнийг мэдээллийн сайт хэмээх “шидэт дөт” зам л шийдэж байна.
Малчин хүн тэртээ үед малынхаа бэлчээрт жижигхэн хар “хүлээн авагчаа” чагнан сууж асан тэр үе илт өөр зүйлээр солигдож, хамаг зүйлийг нэг дор зангидсан ухаалаг гар утас эсвэл таблет ч юм уу, шинэ төхөөрөмжөөр радио сонсож, телевиз үзэж, сонин уншиж болох нь ээ. Мэдээж үүний гэр сав нь нөгөө л “Тоон сонин” байж таарна.
“Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн систем” энэ шидэт “Тоон сонин”-гүйгээр бүрэлдэн тогтох учиргүй гэдэгтэй дэлхий нийтийн чиг хандлага эвлэрэх тийшээ хандаж байна. Энэ нь үнэхээр тогтолцоо мөн юм бол нэг саванд багтах учиртай. Тэдгээр сонсдог, үздэг, уншдаг сэтгүүлзүй үүн дотор л орших юм гэдэгт эргэлзэх зүйлгүй болжээ.
Мэдээллийн сайтын цаашдын чиг хандлага эдгээрийг нэг саванд багтааж, бүгдийг нэг дороос өгдөг хамгийн шилдэг үйлчилгээ болох дүр зурагтай байна. Ингэхдээ илүү их технологийн боломжуудыг эдэлсэн, асар хүчтэй тогтолцоо болж, түүхэн жишгээр мөн л өөрийн гэсэн эрин үетэй “ноёлогч” мэдээллийн хэрэгсэл болох нь гарцаагүй ажээ.
Үүгээр дамжуулан дайхад “Энэхүү “Тоон сонин”-г систем-тогтолцоогоор харж, асар их багтаамж, цар хүрээ, ашиг тус, хүч нөлөөг нь эрт мэдэрч чадсан нийгэм мэдээллийг эзэгнэгч” байх аж. Мэдээллийг эзэгнэх нь чухамдаа ирээдүйг эзэгнэхүйн нэр буй за.