Монгол Улс дэлхийд үлэг гүрвэлийн олдвор олддог гурван улсын нэг нь. Энэ сайхан эх орныхоо соёлын өвийг хадгалж, хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, цаашлаад аялал, жуулчлалын эх үндэс болгож гадаадын жуулчдыг татах нь бидний болоод төр, засгийн үүрэг. Тиймээс 2013 онд Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг байгуулж хууль бусаар гадаадад гарсан палеонтологийн асар өндөр үнэ цэнэтэй олдворуудыг буцаан авчирч цуврал үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаа тус музейд “Үлэг гүрвэлийн мөрөөр” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд ирэх бямба гарагт буюу тавдугаар сарын 02-ны өдөр ирсэн бүх үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилж, цаашид хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, музейн боловсролын хөтөлбөр бүхий орчин үеийн технологи, орчинг бүрдүүлсэн дижитал музей болгон хөгжүүлэх төслийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад танилцуулах ажиллагаа "Бишрэлт" ресторанд болох юм байна.
Иймд амралтын өдрөөрөө та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо хамтаар Үлэг гүрвэлийн мөрөөр үзэсгэлэнг үзэж, шинэ музейн төсөлтэй танилцан музейн барилгын засварын хөрөнгө оруулалтад хандив өргөх боломжтой юм. Хандив өргөсөн иргэн, ААН, байгууллага, хамт олонд талархлын олон сюрпризүүдийг тус музейн хамт олон бэлдсэн гэнэ.