logo
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2015/04/30

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.30.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн 51,3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нар Тавантолгойн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, уг асуудлыг хэлэлцэх асуудал юунаас болж гацаанд орж хойшлогдоод байгаад тайлбар авахыг хүссэн юм. Тавантолгойн асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсэг гаргах талаар намын бүлгүүд ярилцаад гурван намын бүлэг гурвуулаа нэрээ өгсөн. Ажлын хэсэг хагас бүтэн сайнд ажиллах байх. Яаралтай энэ асуудлыг шийдэж оруулж ирэх хэрэгтэй. Гэхдээ одоо өргөн барьсан хууль, тогтоомжтой нийцэж байгаа эсэх дээр дүгнэлт гарах ёстой. Ямар арга замаар явах вэ гэдгийг ажлыг хэсэгт орсон намын бүлгийн гишүүд бүлэг дээрээ очиж ярих хэрэгтэй. Тэгж байж өөрчлөлт оруулна гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын дарга өгөв.

Гишүүд тайлбар авсны дараа чуулганы нэгдсэн хуралдаан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 61,9 хувиар дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ.

Үүний дараа Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар тус тус танилцуулав.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ын хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх үндэслэл, шаардлагыг харгалзан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар Эдийн засгийн хөгжлийн яам /хуучин нэрээр/-ыг татан буулгасан бөгөөд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 75 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулалтын асуудал хурцаар тавигдаж байна. Шинэ засгийн газар гарч ирснээр хөрөнгө оруулалтын талаар ямар ажил хийв. Хөрөнгө оруулалтын асуудалд илүү ач холбогдол өгч, төр, засаг анхаарлаа түлхүү тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хууль гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгсөн хууль болж чадсан уу. Төрийн захиргааны байгууллагын шилжилт, хууль эрх зүйн орчинд ойр ойрхон хийгдэж байгаа өөрчлөлт нь тогтворгүй байдлыг бий болгож байна. Тогтворжуулалтын гэрчилгээг хэдэн компани аваад байна гэсэн асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, хуулийн төслийн гол ач холбогдол юунд байна вэ. Ерөнхий сайдын мэдэлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг оруулья гэж байгаа юм байна. Гадны хөрөнгө оруулалтыг татах өөр ямар том шинэчлэл байгаа вэ. Өнөөдөр монголд хөрөнгө оруулалт оруулж ирэхэд хамгийн хүнд бэрхшээл нь төрийн албаны хүнд суртал, олон шат дамжлага байгаа. Хичнээн хууль гарсан ч хэрэгжилт муутай байдаг. Энэ асуудалд анхаарсан зүйл байна уу. Дөнгөж сая Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг унагачихлаа. Жинхэнэ зохицуулалт хийх нь энэ хөтөлбөр нь байсан гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хариултдаа, өнөөдрийн хуулийн өөрчлөлт бодлогын бус техникийн шинжтэй өөрчлөлт. Хүлээлт бий болгоод байсан ашигт малтмалтай холбоотой гол гол зохицуулалт бүрэн дүүрэн хийгдсэн. Гадныхан юу хүсч байна гэвэл хамгийн гол нь хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал гэдгийг хэлж байгаа. Хөрөнгө оруулалтын орчинг сайруулах талаар гишүүд санал, санаачлага гаргаад ажиллавал хамтарч ажиллахад бэлэн. Юуны түрүүнд бизнесийнхний нуруун дээрх ачааг хөнгөлөх хамгийн том хууль бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Энэ хуулийг Засгийн газрыг татаж аваад дахин боловсруулж өргөн барьсан. Хуулийн хэлэлцүүлэг хурдан хугацаанд хийгдвэл үр дүн гарах бололцоотой гэлээ.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 78,4 хувиар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудал Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх байв. Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар танилцууллаа.

Мөнгөн ус нь байгаль дээр оршдог элемент бөгөөд хүний үйл ажиллагаатай холбоотойгоор болон өөрөө байгаль дээр ялгарч, хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг онцгой хортой бодис юм байна. Мөнгөн ус нь задарч устдаггүй учраас үүссэн газраасаа хол тархах чадвартай ба агаар, ус, хөрс, ургамал, амьтны хооронд урт хугацаанд шилжиж хөдөлгөөнд оршиж, хүний тархи, төв мэдрэлийн систем, бөөр, уушгийг гэмтээж, мэдрэлийн системийн гажиг, дутуу хөгжилтэй хүүхэд төрөхөд нөлөөлдөг байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү асуултдаа, мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн зохицуулалт, хяналт муу байгаа. Үүнийг хэлэлцэж буй асуудлын хүрээнд зохицуулах ямар боломжтой вэ. Мөнгөн ус агуулсан хаягдлын цуглуулга, хадгалах, устгах асуудлыг зохицуулсан журам байхгүй, менежментийн систем байхгүй байгаагаас, иргэд мэдээлэл муутай, мэдэхгүй байгаагаас болж мөнгөн усанд их хорддог. Тухайлбал хог хаягдалтай цуг маш их мөнгөн ус хаягдаж байна. Түүнийг хогноос тусгаарлах, хоргүйжүүлэх асуудлыг энэ хүрээнд яаж авч үзэх вэ. Мөн мөнгөн ус агуулсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцдаг хүмүүсийн мэдлэг хангалтгүй байгаагийн зэрэгцээ, тэр тоног төхөөрөмжийг эргээд ашиглах боломжгүй болсон үед нь устгадаг, хоргүйжүүлдэг системийг яаж тогтоох вэ гэсэн асуудлыг хөндөв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, мөнгөн ус ашиглалтын асуудал өнөөдөр цэгцтэй болоогүй. Мөнгөн усыг нууцаар оруулж ирдэг гэсэн мэдээлэл байдаг нь хэр бодитой вэ. Гаднаас орж ирж байгаа мөнгөн усны албан ёсны хэмжээ байна уу. Энэ хортой бодисыг багасгах хүрээнд хортой хог хаягдлын үйлдвэрлэл барих асуудал хэзээ шийдэгдэх вэ. Гар аргаар боловсруулж байгаа алтны хэмжээн дээр мөнгөн усыг багасгаж чадсан гэж байгаа нь сайшаалтай байна. Мөнгөн усны хордлогоос болж өвдсөн, эрүүл мэнд нь хохирсон хүн хичнээн байдаг вэ гэсэн асуултыг асуув.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өгсөн тайлбартаа, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан аргачлалыг ашиглан Монгол Улсад анх удаа 2011 онд мөнгөн усны ялгарлын тооллогыг хийхэд улсын хэмжээнд жилд 577.0 тонн мөнгөн ус ялгарч байгаагийн 85.9 хувь нь хөрсөнд, 5.43 хувь нь агаарт, 3.9 хувь нь завсрын бүтээгдэхүүнтэй, 2.6 хувь нь хог хаягдалтай хамт, 1.9 хувь нь усанд, 0.15 хувь нь хог хаягдал устгах болон цэвэрлэх байгууламжид хаягдаж байгаа бөгөөд гол эх үүсвэр нь өнгөт металлын анхан шатны боловсруулалт, мөнгөн ус агуулсан бараа бүтээгдэхүүний хаягдал, нүүрсээр ажилладаг цахилгаан дулааны станц, уурын болон ус халаагуурын зуух гэж тогтоосон гэлээ. Мөн ажлын хэсгээс өгсөн хариултад, мөнгөн усны хэрэглээ манай улсад харьцангуй хязгаарлагдсан. Алтны олборлолтод мөнгөн ус хэрэглэж байгаа ажиллагааг зогсоож чадсан гэж хэлж болно. Төв, Баянхонгор аймагт бага хэмжээгээр нууцаар ашиглаж байгаа тохиолдол байгаа. Ойрын хугацаанд дэлхий нийтээр хориглож байгаа мөнгөн ус агуулсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглээний зүйлсийг улсын хилээр оруулахыг хориглох хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа гэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 78.2 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш