logo
“Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь” сэдэвт ЭШХ боллоо

“Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь” сэдэвт ЭШХ боллоо

2015/05/07
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи, Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгчийн газартай хамтран 2015 оны тавдугаар сарын 07-ны өдөр “Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны академи зэрэг төрийн байгууллагуудаас гадна ТББ-уудын төлөөлөл, мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг Германы байгууллагуудын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй, нийт 120 гаруй хүн оролцсон бөгөөд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн өөрийн биеэр хүрэлцэн ирж эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд УИХ-ын гишүүн, АН-ын дэргэдэх Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл “Ардчилал дахь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал”, Удирдлагын академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүх “Орон нутгийн түвшин дэх иргэдийн оролцоо”, Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар “Өнөөгийн ардчилалд өнгөрсөн үеийг үнэлж, дүгнэхийн ач холбогдол”, Өөрчлөлтийн Төлөөх Залуу Эмэгтэйчүүд ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Х.Номингэрэл “Залуучуудын оролцоо чухал болох нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хурлыг Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ажиллаж байгаа Доктор Даниел Шмюкинг хамтран ажиллагч байгууллагуудтайгаа танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцах зорилготой зохион байгуулсан байна.

“Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар шууд ардчилалд иргэдийн оролцооны чиглэлээр сүүлийн жилүүдэд яригдаж буй асуудлуудыг хөндөн ярилцаж, түүнийг ул үндэстэй судалж зөв хөгжүүлэх, олон улсад түгэн дэлгэрсэн оролцооны олон хэлбэр, арга хэрэгслүүдийг туршин нэвтрүүлэх шаардлага байгаа тухай хэлэлцжээ.

IMG_0525 IMG_0540 IMG_0563 (1)

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш