logo
Зүүн Хойд Азийн залуус өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ

Зүүн Хойд Азийн залуус өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ

2015/05/13

          Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей “Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа билээ. Ассамблейд Азийн 23 улс орны залуус оролцоно. Иймд тус ассамблейн хүрээнд  Зүүн Хойд Азийн Залуучуудын симпозиум зохион байгуулах гэж байна. Энэхүү симпозиумыг зохион байгуулснаар Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдал, итгэлцлийг бий болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагад Зүүн Хойд Азийн залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ гэж зохион байгуулагчид тэмдэглэж байна.

          Уулзалтанд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Монгол Улсын залуучуудын төлөөлөл болох нэг улсаас 10 төлөөлөгч оролцох бөгөөд Улаанбаатар яриа хэлэлцээ гэж юу вэ?, Эдийн засгийн хамтын ажиллагаа, Байгаль орчны тулгамдсан асуудлууд, Бүс нутгийн аюулгүй байдлын уламжлалт  бус сорилтууд гэсэн сэдвүүдийг хэлэлцэх юм байна. Мөн Симпозиумд орон орны эрдэмтэн судлаачид өөрсдийн итгэлийг хэлэлцүүлэхээр болжээ. Тухайлбал  “Улаанбаатар энхтайван  аюулгүй байдал” сэдвээр УИХ-ын гишүүн Л.Болд, “Улаанбаатар яриа хэлэлцээнд Зүүн Хойд Азийн Залуучуудын оролцоо” сэдвээр Стратеги Судалгааны Хүрээлэнгийн Хятад, Зүүн Хойд Азийн Судлалын Төвийн эрхлэгч Н.Доржсүрэн,  “Зүүн Хойд Азид энхийн тогтолцоог бий болгох эхний алхамууд” сэдвээр МУИС-ОУХНУС-ийн тэнхимийн эрхлэгч Ж.Баттөр,  “Сенкаку (Дяоюйдао) арлуудын маргаантай асуудал” сэдвээр МУИС-ОУХНУС-ийн магистрант Ван Пэн,  “Монгол Улсын дамжуулах хоолойн бүтээн байгуулалт”  сэдвээр Олон судлалын эрдэмтэн доктор  Ким Жин Мин зэрэг улс орны залуу судлаачид сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавих юм байна.

           Ингэснээр Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдал, итгэлцлийг бий болгохын төлөөх залуучуудын хамтарсан тунхаг бичиг гаргах, Симпозиумаас гарах нэгдсэн санал, үр дүнг шийдвэр гаргах түвшиний байгууллага болон удирдлагуудад хүргэх, цаашдын зорилтод үйл ажиллагаандаа тусгахыг санал болгох, бүс  нутгийн аюулгүй байдал, залуучуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулах санаачлагыг дэвшүүлэх зэрэг үр дүн гарна хэмээн үзэж байна. Тус Симпозиум тавдугаар сарын 20-ны өдөр Гадаад Хэргийн Яамны Зөвшилцөл танхимд болох нь.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш