Онол практик хослуулах, оюутан залуусыг баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэлтэй танилцуулах зорилгоор Ялалтын баярын өдөр буюу 05 сарын 09-ний өдөр Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон оюутан залуусыг Дархан-Уул аймгийн үйлдвэрүүдтэй танилцах аяллыг “Жасрай” сан зохион байгуулжээ. Тус аяллыг УБ 90/16 клуб, МУИС-ийн “Оюутан-Интерпренёр” клубтэй хамтран зохион байгуулсан бөгөөд улс төр судлаач оюутнуудыг хамт авч явсан юм.
Эдгээр оюутан залуус Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг болох “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-тай танилцжээ. “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь 1990 оны Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан-Уул аймагт байгуулагдсан түүхтэй. 1994 онд үйлдвэр ашиглалтанд орсноос хойш компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр Уул уурхайн олборлолт, боловсруулалт, Төмөрлөгийн үйлдвэрлэл, Гадаад болон дотоод худалдаа гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь Монгол Улсдаа хар төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани юм.
Мөн 2011 оноос Монголдоо анх удаа импортыг орлох бүтээгдэхүүн болох ургамалын цэвэр тос үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлсэн “Монгол алтан тос” компанийн үйлдвэртэй танилцсан юм. Монгол Улсын нэг жилийн ургамалын тосны хэрэгцээ нь 16000 тонн гэсэн судалгаа бий. Тэгвэл энэхүү ургамлын тосны үйлдвэр нь өдөрт 100 тонн буюу жилд 33000 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Уг нь “Монгол Алтан Тос” компани нь Монгол Улсын жилийн хэрэгцээ хангах төдийгүй, бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлох бүрэн боломжтой юм байна гэдгийг оюутан залуус маань харсан юм. Үүнээс гадна ургамлын тос үйлдвэрлэх явцад гардаг хаягдлыг өөр бүтээгдэхүүний түүхий эд болгон ашиглах боломжтой байдаг юм байна. Жишээ нь саван, лаа, мөн барилгын салбарт будаг шингэлэгч олип гэх мэт. Хэрэв зөв бодлого явуулж чадвал нэг салбарыг түшиглэн хэд хэдэн салбар бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломж бололцоо бий гэдгийг шинэ үеийн оюутан залуусд танилцуулсан юм. Энэ үеэр “Оюутан-Интерпренёр” клубын гишүүн оюутнууд өөрсдийн санаачлагаар хийсэн зах зээл, хэрэглэгчийн судалгааны үр дүнг “Монгол Алтан Тос” компанийн удирдлагад танилцуулж санал, зөвлөмжөө хуваалцаж амжсан юм.
Монгол орны ирээдүй болсон оюутан залуусын үзэл бодол, дуу хоолойг сонсох нь нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйлсийн нэг. Тиймээс энэ үеэр зохион байгуулагчид оюутан залуусын дуу хоолойг сонсож залуу хүний зорилгийг тодорхойлох үүднээс Дарханы ШУТИС-ийн шилдэг оюутнуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Улаанбаатар хотоос ирсэн найзууд нь “Номтой нөхөрлөе – хэрхэн амжилтанд хүрэх вэ”, “Сайн залуу хүн – зөв манлайлал”, “Хайр, үерхэл, гэр бүл – нөхөн өржихүй, эрүүл мэнд”, “Өнөөдөр” гэсэн сэдвээр үзэл бодлоо хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэний дүнд оюутан залуус хэд хэдэн санал чухалчилжээ. Үүнд: “Залуу хүн ёс суртахуунтай, хичээл зүтгэлтэй, өөртөө хариуцлагатай, зорилготой байх хэрэгтэй. Харин төр нийгэм нь иргэдээ сонсон, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжин, нийгэмд үүсээд байгаа баян ядуугийн заагийг арилгаж чинээлэг дундаж давхаргыг бий болгох, эдийн засгийн оновчтой шийдэл гаргах хэрэгтэй. Төрийн түшээд Эх орны төлөө чин сэтгэлээс ажиллаж, олон нийтийн эрх ашгийг хамгаалж, авилга, хахуульгүй орчин нөхцөлийг бий болгох хэрэгтэй” гэжээ.
Оюутан залуус бие биетэйгээ дотно нөхөрлөн, санал бодлоо илэн далангүй солилцсон аяллын мөч бүхэн тэдэнд ухаарал, хийж бүтээхийн оргилуун эрч хүч хайрласан гэдэгт итгэл төгс байна.