Олноо “Сөүл”-ийн Болороо хэмээн нэршсэн Г.Өнөрболор Зайсанг эзэгнэдэг гэхэд болно. Дээдсүүдэд зориулсан тансаг зэрэглэлийн сууцыг жинхэнэ утгаар нь “машиндах” шиг болдог тэрбээр баргийн хүн үзүүрийг олохгүй урт утасны судас атгасан нэгэн. Түүний нэр дээр олон компани бий, “Уушги цохио”, “Мантууш”, “Рояаль нью кастл”, “Сөүл групп” гэх мэт. Бусдын нэрээр газар авах, бусдын нэр дээрх газрыг худалдан авах замаар тэр “Зайсан”-г залгиж бүр тэргүүн хатагтай нь болоод буй.
Эртний намтар түүх сөхвөл МУИС-ийн Олон улсын харилцааны солонгос хэлний ангийг дүүргэсэн, хангүг нөхрийнхөө буянаар өөдөлж өндийх эхлэлээ тавьсан гэгддэг. Тэртээ 2002 онд барилгын үнэлгээ нэг м.кв нь 250 ам.доллар байхад Г.Өнөрболорын “Рояль кэстл” хотхон 1200 ам.доллараар захиалга авч баячууд зургаан сарын дотор захиалгаа өгч дууссан түүх ч бий. Өнөөдөр тус хотхоны байр м.кв нь 3000-4500 ам.доллараас даваад буй.
Энэ хотхонд ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нар 12 давхрын байрны 8 давхрыг эзэгнэн суудаг. Н.Багабандийн хүүхдүүд ч тэнд амьдардаг аж. “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр, “Бурхан Халдун”-ы Н.Мөнхдаш гэхчлэн олны танил эрхмүүд олноороо Сөүл Болороогийн барьсан байранд амьдардаг гээд бодохгүй юу. Түрээс нь л сарын 5000 ам.доллар гэж байгаа.
Ийм нэгэн бийлэгжүү, сүйхээ, самбаа гэж хэлэх ч юм биш нэгэн хатагтай ирэх сонгуульд нэр дэвшсэн ч яахав гэсэн шиг суугаа сурагтай байна шүү. Мөнгө хүчтэй, мөнгөөр юуг ч бүтээж болдог эсэхийг магадгүй энэ сонгууль бидэнд харуулж магад юм. Г.Өнөрболор хатагтай нэг л тоглоомын дүрмийг санах хэрэгтэй. Саналыг элит зиндааныхан, хотхоны чинь оршин суугчид биш масс өгнө гэдгийг. Ард түмэнд төдийлөн танил биш, гоц гойд юмгүй дэндүү эгэл төрхтэй, дээр нь гадаад нөхөртэй байсан бүсгүйд сонгууль хэр элэгтэй хандахыг тааж хэлэхэд бас бэрх.