СИНГАПУР. /Reuters/. Монгол Улсын Засгийн газар, дэлхийн уул уурхайн томоохон групп “Рио Тинто” болон түүний охин компани болох “Туркойз Хилл Ресурс” зэс, алтны “Оюутолгой” төслийн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Монголын засгийн газрын бондуудын ханш өнөө өглөө гурван хувиар өслөө.
Бонд арилжааны “Tradeweb” компанийн ханшийн мэдээллээр, Монголын засгийн газрын 2022 онд эргэн төлөх бондын ханш өнөөдрийн хамгийн эхний худалдаагаар 3.125 хувиар өсөн 92.375 цент болсон бол Монголын Худалдаа, хөгжлийн банкны /ХХБ/ өнгөрсөн долоо хоногт 105.1/106.1 центийн ханшаар гаргасан засгийн газрын баталгаатай, 2020 онд төлөгдөх 9.375 хувийн хүүтэй 500 сая долларын бондын ханш өнөөдөр бараг гурван хувиар өссөн байна. ХХБ-ны энэ бондын ханш тавдугаар сарын 12-нд гаргаснаас хойш тав гаруй хувиар өсөөд байна.
“Оюутолгой”-н талаарх хэлэлцээр Монголын засгийн газрын санхүүг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалт руу чиглэсэн Монголын дайсагналыг тойрсон айдсыг багасгана.
“Оюутолгой”-н гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх нь Монголын эдийн засагт маш чухал бөгөөд Монголын иргэдэд ашиг тусаа өгнө” гэж Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд, “Бидний хамтарсан хэлэлцээр нь Монгол бол хөрөнгө оруулалт хийхэд хамгийн таатай улсуудын нэг, Монгол Улс бизнес эрхлэхэд нээлттэй улс болохыг онцлон харууллаа” гэсэн юм.
Монголын “Mongolian Mining Corporation” компани, Хятадын “Shenhua Energy” болон Японы “Sumitomo” корпорациас бүрдсэн консорциумын хөрөнгө оруулалт хийх дөрвөн тэрбум долларын өртөг бүхий “Тавантолгой” нүүрсний төслийн асуудлаар мөн адил тохиролцоонд хүрч, хэлэлцээр байгуулахыг гадаадын хөрөнгө оруулагчид хүсэн хүлээж байна.
2014 оны эцсийн байдлаар улсын өр ДНБ-ий 60 хувьтай тэнцэж, 2014 оны 12 дугаар сард 2.3 тэрбум доллар байсан гадаад валютын нөөц 2015 оны гуравдугаар сар гэхэд 1.7 тэрбум доллар болж буурсныг “Fitch” агентлаг тэмдэглээд, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” гэж үнэлэн хэтийн төлөвт сөрөг үнэлгээ тавьсан юм. Гэхдээ урьд шөнө нийтлэгдсэн судалгаанаас үзвэл, “Оюутолгой”-н талаарх сүүлд байгуулсан хэлэлцээр нь энэ сөрөг хандлагыг хувиргаж болох юм.