Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь “Монгол Улс – АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих хэлэлцээрийн хамтарсан зөвлөл”-ийн ээлжит хуралдааны хүрээнд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Тус зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, америкийн талаас АНУ-ын Төрийн департаментийн дэд сайдын орлогч Көрт Тонг нар ахлав. Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/, Номхон далайн бүсийн түншлэлийн хэлэлцээр /TPP/, Мянганы сорилтын сангийн хоёрдугаар компакт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, шинжлэх ухаан, технологи болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар харилцан мэдээлэл, санал солилцлоо.
Талууд тус зөвлөлдөх уулзалтыг цаашид жил бүр зохион байгуулахаар тогтсон бөгөөд ээлжит уулзалтыг 2016 онд Вашингтон хотноо хийхээр харилцан тохиров.