logo
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат: Ихийг бүтээх, хөгжлийн замд хамтдаа зүтгэцгээе

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат: Ихийг бүтээх, хөгжлийн замд хамтдаа зүтгэцгээе

2015/05/20
-Азийн Залуучуудын XIII Ерөнхий Ассемблейн нээлтийн үйл ажиллагаанд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатын тавьсан илтгэл-



Эрхэм нөхөд өө, найз нар аа! Сайн байцгаана уу?

Хүн төрөлхтөний буурал түүхэнд нэрээ мөнхлөн үлдээж, мянганы хүнээр тодорсон их эзэн Чингис хааны өлгий нутаг, агаар хур, хөрс тэгш, сайхан эх оронд  минь хүрэлцэн ирж, залуучуудын өмнө тулгараад буй, олон чухал асуудлуудыг хэлэлцэж буй та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, мэндчилж байгааг минь хүлээн авна уу?
 
Монгол улсад анх 1994 онд  Азийн Залуучуудын Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны V хурал зохион байгуулагдаж байсан бол Өнөөдөр мөн л анх удаагаа 21 жилийн дараа Дэлхийн залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын холбоо хамтран Монгол Улсын Засгийн Газар, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгаалалын яамны дэмжлэгтэйгээр Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг зохион байгуулж байна.
 
Энэхүү танхимд хуран цуглараад байгаа хүндэт төлөөлөгчид үеийн найзууд, залуучуудаа...

 Ази тивийн 23 орны төлөөлөл болсон залуучууд  өөрсдийн болоод, эх орон, бүс нутаг, олон улсын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэхээр хуран цуглараад байна. Дэлхийн залуучуудын Ассамблей, Азийн залуучуудын Зөвлөлийн гишүүн орон болохын хувьд Монгол улс, Монголын Залуучуудын Холбоо идэвх зүтгэл гарган ажиллаж байна. Энэхүү нэр хүндтэй үйл ажиллагааг зохион байгуулалцаж, арын албанд ажиллаж байгаа хамт олон, залуучууд, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгаалалын Сайд С.Эрдэнэ та бүхэнд Олон мянган залуучуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Бидний урилгыг хүлээн авч  хүрэлцэн ирсэн гадаад дотоодын төлөөлөгч залуучууддаа баярлалаа.

Монголын Залуучуудын Холбоо 94 жилийн түүхтэй, 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоо, чиглэлийн салбар холбоо, зөвлөл, клуб, хороодууд гээд 1200 гаран салбар нэгж байгууллагуудтай бөгөөд үндэсний хэмжээний залуучуудын төв байгууллага болохын хувьд Нийгэм олон нийт, залуучуудын өмнө тулгамдаж буй олон чухал асуудалд гар бие оролцож яваа билээ. Одоо бид улс улсаараа, Тив тивээрээ нэгдэн олон сая залуучууд, хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудалд гар бие оролцох боллоо.

Залуучуудын гэхээсээ илүү, бүхий л хүн төрөлхтний болон та бидний оршин амьдарч буй өнөөгийн ертөнцийн өмнө тулгараад байгаа бэрхшээлтэй олон чухал асуудлууд шийдвэрээ хүлээн, урт дараалал үүсгэн бидний өмнө эгнэн жагсаж байна. Яагаад эх дэлхий минь биднээс нүүрээ буруулах болов, яагаад байгал орчин сүйрч, цэвэр ус хомсдож, дэлхийн нөөц баялаг дуусч байна, яагаад дайн байлдаан тасрахгүй үргэлжилж, эх дэлхийн минь бүхий л баялаг хэдхэн хүний гар дээр төвлөрөн, хүн төрөлхтний ихэнхи нь өлсгөлөн гуйлганчлалд автах болов, яагаад цаг уур өөрчлөгдөн, газар хөдлөлт, хар шуурга, үер усны аюул нүүрлэн, байгалын сүйрэлд хүн төрөлхтөн нэрвэгдэж, яагаад нисэх болон усан онгоцууд удаа дараа сүйрч, урьд өмнө нь дуулдаж үзэгдээгүй элдэв янзын өвчин тахал үүсч, хүн гэдэг амьтан хүн чанараа гээж, бие биенээ дайсагнан, элдэв янзаар авирлан хар тамхи хэрэглэн, архидан согтуурцгаах болов. Яагаад ихэнхи ер нь бүхий л орны төр засгийн удирдлагууд маань элдэв янзын бүлэг фракцуудад хуваагдан, хээл хахууль авлигад автан, ард түмнээ хөсөр хаян, зөвхөн өөрсдийнхөө өнөө маргаашийн өчүүхэн явцуу эрх ашгийн төлөө эд баялагт шунан, луйврын башир арга хэрэглэн, идэх баяжихийн төлөө улайран тэмцэх болов. Энэ мэтээр “яагаад” гэдэг асуудал урт цуваагаар үргэлжлэн хөврөнө.

Нэгэн өглөө үл хождох алтан нар минь элч гэрэлээ түгээхээ больж, үл будилах саран авхай минь үнэнээ нууж, эргэн нүүх хорвоо минь эргэлдэхээ больж, тунгалаг ариун ус минь ширгэж, эх болсон өлгий газар минь хатаж, сүрлэг сайхан уулс минь нурвал хорвоогийн амьтай бүхэн, түүний дотор  хүн төрөлхтөний амьдрал яах вэ? Өнөөгийн тохиолдоод байгаа элдэв янзын гамшиг чинь энэхүү сүйрлийн дохио нь юм биш үү? Сайтар тунгаан бодоцгооно уу? Залуусаа.

Хүн гэж ер хэн юм бэ, гэх философийн үндсэн асуудал, өнөөдөр бүр өргөн хүрээтэй болж өвөрмөц агуулгаар хурцаар тавигдаж байна. Хүний нийгэм нь байгал ба амьдралын аврагч уу, аль эсвэл сүйтгэгч үү, гэсэн асуудал яаралтай тодорхой хариулт шаардах болов. Хүн гэдэг чинь тэгш эрх эдлэх боловсрол чадвартай, төгс дээд амин чанарын жинхэнэ эзэн нь мөн юм уу, гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Эдгээр асуултын хариултаас хүн төрөлхтөн өөрөө амьдарч үлдэх эсэх, үгүй ядахдаа соёл иргэншлийн өнөөгийн хүрсэн түвшин хадгалагдах эсэх нь шийдэгдэнэ.

Түүхийн шийдвэрлэх мөч болон эмзэг нарийн асуудлууд дээр дорно өрнийн ялгаа заавал гардаг. Английн гүн ухаантан, нийгмийн зүтгэлтэн Бертран Рассел: “Европ маань Азиас давуу байгаа нь хэн нэгний боддог шиг  байгалийн мөнх хууль биш бөгөөд, европ соёл иргэншлийг давамгай гэх нь ердөө зүүд.” хэмээн айлдсан байдаг.

Ер нь бол өрнийн соёл ухааныг эзэмшихэд амархан, дорнынх хэцүү гэсэн нэг чухал ялгаа бий. Орчин үеийн буюу явцуу утгаараа шинжлэх ухаан бол өрнийн үзэгдэл. Дорнын уламжлал гүн танин мэдэхүй нь, бодит байдлыг илэрхийлсэн үлэмж өргөн баялаг хэлбэр агуулгатай ба амин чанарыг таньж байж мөн чанарыг тодорхойлдог. Шинж чанар, мөн чанар хоёрын хооронд ойлгоц, үр дүнгийн асар том зөрүү ялгаа байдаг билээ.

Өрнийн соёл нилээд нийтлэг дөхөм стандарт хэлбэршилд тулгуурласан байхад, дорнынх өвөрмөцүүдэд үндэслэдэг байх юм. Европод олон том жижиг улс үндэстэн байсаар атал үндсэндээ нэг л соёл ба уламжлал ноёрхон байна. Гэтэл азид ороод ирэхээр үндэстэн бүр тэс ондоо нэг нь нөгөөгөө орлон дахин давтагдашгүй өвөрмөцүүд байна. Энэ нь Азийнхны онцлог, бас давуу тал юм аа.

Дорно, өрнө хэзээ ч уулзахгүй гэсэн Английн зохиолч Редъярд Киплингийн үг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ. Барууны хувьд шарын аюул байсан бол, одоо харын аюул нэмэгдлээ гэх нь ч бий. Дорно өрнө хоёр ялгаа зөрөөтэй тухайд маргах мэтгэх асуудал төдийлөн биш. Энэ нь соёл, сэтгэлгээ, ахуйн ба төрийн уламжлалын бүх талыг хамрана. Энэ ялгаа орчин цагт арилсаар мэт боловч, үнэндээ бодит үнэн нь халхавчлагдан нуугдсан өнгөцхөн ойлголт. Гүндээ бол соёл уламжлалын ондоошлууд харин ч урьд урьдаас илүү ухамсартай болж, хурцаар илрэх хандлагатай байгааг анзаарахгүй байж болохгүй.

Хэн нэгний хэлснээр, өрнийн ухаан телевизор хийх зорилго чиглэлтэй, дорнынх телевизор шиг юм байвал ертөнц яах бол гээд цааш нь ухах агуулгатай гэнэм. Энд ашигч үзэл ба бодь сэтгэлийн тухай өгүүлж буй бөгөөд лав л өнөөгийн ертөнцөд аль аль нь чухал. Дорнын прагматизм, өрнийн бодь сэтгэл чухам 21-р зуунд л сая хослон нэгдэж хүн төрөлхтөний шинэ хөгжлийн замыг хамтран хайж эхлэх хэрэгцээ шаардлага урьд өмнөхөөс илүү хурцаар тавигдаж байгааг онцлон тэмдэглэж байна.

21-р зуун үндэстэн ястануудын өөр өөрийн гэсэн өнгө аястай өвөрмөц соёлын өрсөлдөөний зуун  байх нь тодорхой. Энэ өрсөлдөөн зарим туйлширсан агуулга, хэлбэрт хальтран орж, үндэсний дээрэнгүй үзэл, дарангуйлалд автагдах эгзэг байгааг ч анзаарч болох байна. Гэвч үндэстний төр оршсоор байх болно. Үндэсний төр улсуудад дэлхий хуваагдсан байна. Ямарч төр улс өөрийн гэсэн том жижиг ашиг сонирхолтой байдаг. Энэ бүхнээс үндэсний үзэл гэдэг хүчин зүйл зайлшгүй гарч ирнэ. Жишээ нь Монгол улс байгаа нь эцэстээ дан ганц Монголын үндэсний үзлийн үр дүн шүү дээ. Үндэстэн байваас үндэстний өөрийн оршихуйн бахархалт ухамсар, сэхээрэл, гэгээрэл байх ёстой. Үүнийг л эрүүл саруул үндэсний үзэл гэж ойлгож байна.

Оршин амьдарч буй энэхүү гайхамшигт хорвоогийн амин эд эс нь үндэстэн ястангууд бид биш юм гэж үү? Үндэстэн бүхэн өөр өөрийн бий болгосон өвөрмөц зан заншил, ёс суртахуун, ухамсар сэтгэхүйгээрээ хорвоогийн хөгжилд хувь нэмрээ оруулах ёсгүй гэж үү, Монгол нь монголоороо, энэтхэг нь энэтхэгээрээ, япон нь японоороо л байх ёстой юм биш үү. Бид өөр хэн нэгэн, тухайлбал, америк юм уу, англи болох албатай гэжүү. Үндэстэн бүр ертөнцийн хөгжилд оруулах өөрийн гэсэн хувь нэмэртэй учираас л өөр өөрөөр заяасан. Үндэстнийхээ үүргийг гүн гүнзгий биелүүлэх асуудал л хамгийн чухал нь хэмээн ойлгож байна.

Үндэстнүүдийн бий болгосон хэл, сэтгэхүй, ухамсарын үнэний шалгарал нь “аврал” гэсэн ганцхан эцсийн зорилготой бөгөөд авралын замын асуудал орчин үеийн тулгамдсан асуудал болон хувирлаа. Бүх хүн төрөлхтөнийг нэгтгэдэг ба салгадаг ганц үг нь “аврал”, тодруулбал ”авралын зам”, гүнзгийрвэл “үндэсний авралын зам”.

Өнөөгийн Монголын залуучууд бид “Тэсэж үлдэх авралын зам”-ыг эцэг өвгөдийнхөө нүүдлийн соёлын их өвөөс хайх шийдвэрийг их хурлаасаа гарган, Монголын СУУ билгийн өвөрмөц онцлог бүхий, танин мэдэхүйн их сангаас шамдан суралцацгааж байна. Бидний өвөг дээдэс “угтаж мэдээд, тосож бэлтгэж, тэсэж үлдэх” арга замуудыг мэддэг төдийгүй, ухамсартайгаар хэрэглэж чаддаг байсан.  Үүгээрээ бид омгорхож бахархдаг. Тэгэх ч үндэстэй.

Дэлхийн 160 тодруул гаруй орны хэл дээр орчуулагдсан “Нууц товчоо” хэмээх монголын эртний судар “Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат” гэж эхэлдэг нь яавч зүгээр нэг хэлсэн үг огтхон ч биш гэж ойлгогдоно.

Монголчууд бол цөөхүүлээ. Дэлхийн түүхэнд үнэмлэхүй цөөнхи үндэстэн байсан, одоо ч тэр хэвээрээ. Гэвч түүх нь агуу хийгээд цуутай юм. Эндээс жижиг мөртлөө их үндэстэн гэсэн бодит үнэн урган гарна. Улмаар Монгол үндэстний үзэл ил далд язгууруудыг өөртөө агуулдаг. Энэ нь “Тэнгэр заяат” гэдэг үгтэй, тодруулбал, “Тэнгэрийн тамга” хэмээн нэрлэгддэг хөх толбоны амин чанартай холбоотой болохыг бидэнд өвлөгдөн ирсэн өнө эртний өв судруудаас гүнзгийрүүлэн ойлгож, итгэл үнэмшилээ онолын гүн мэдлэгээр бататгасаар байна. Энэ бол бидний зорин тэмүүлж буй агуу том ажлын дөнгөж эхлэл нь.

Монголчуудын талаар дэлхийн СУУ-т хүмүүс сургаал номлолдоо янз бүрээр тэмдэглэн үлдээсэн байдаг.

Идеалист үзлийг үндэслэгч, немцийн агуу их гүн ухаантан Ф.Гегель олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаандаа тулгуурлан “Хүмүүн заяа Монголд үүссэн, яагаад гэвэл тэнд төрт ёс байсан юм”, “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн” гэсэн дүгнэлтүүдийг хийсэн.

Францын эзэн хаан Наполеон Бонапарт “..... Би Чингис хаан шиг аугаа их байж чадсангүй” хэмээн гасалж байсан бол, Германы доктор Франц фон Эрдман: “Хар мянганы мунхаг нойронд автаж байсан Европийг сэрээхэд чанга сэгсрэхээс өөр аргагүйг Чингис хаан мэдэж байжээ. Чингис хаанаар сэгсрүүлж байж сэрсэн Орос, Герман бас европын бусад үндэстнүүд ёс суртахууны хувьд өнөөдрийнхөөсөө хавьгүй хол дээд шатанд гарсан юм” гэжээ.

Оросын генерал М.И. Иванин “Чухамдаа юу ч үгүй хоосноос дийлдэшгүй ялгуусан армийг буй болгож, зохион байгуулж, бүр олон жил өнгөрсний хойно соёлт хүн төрөлхтөн үнэн зөвийг нь хүлээн зөвшөөрөх үзэл санаануудыг үндэс болгосон явдал нь Чингис хаан бээр ямар их бүтээлч суутан байваа” гэсэн бол, Оросын хурандаа Рэнк “Ердөө хориод жил үргэлжилсэн дайны үнэ цэнээр 200 жил үргэлжилсэн энх амгалан байдлыг Чингис хаан ертөнцөд тэнгэрийн ёсоор тогтоосон билээ” хэмээн дурьдаж их эзэнийг минь санагалзсан байдаг.

Ертөнцийн бүх үндэстэний өвөг дээдэс нь нүүдэлчин байсан гэдэг нь маргашгүй үнэн. Дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн түүхийн төвд Азийнхан тэр тусмаа Монгол хэзээнээс байсан, цаашид ч байсаар байх болно. Нүүдэлчдийн амин чанарын онцлог нь тэнгэрээ шүтэн, хүнээ дээдэлж, орон зайгаа эрхэмлэн, байгал дэлхийтэйгээ шүтэлцэж, байгалын араншин, цаг уурын онцлогийг урьдчилан таньж түүнтэй зохицон амьдрал ахуйгаа  зохион байгуулдаг явдал.

Шанхайн орнуудын тэргүүн нарын нэгэн ээлжит уулзалт зөвлөлгөөн дээр, “хүн төрөлхтөн буруу замаар явчихжээ, зөв замыг нүүдлийн соёл иргэншлээс хайхаас өөр аргагүйд хүрлээ” гэсэн Билл Клинтоны үг яах аргагүй үнэн байх магадлал маш өндөр.

Тодруулж хэлбэл бид буруу хөгжлийн замаар явчихсан бололтой. Хорвоогийн жам ёсыг танин мэдэхийг  Монголчууд гэгээрлийн зам гэж нэрлэдэг. Бид өөрийн оршихуйн үндэс нь болсон эх дэлхийгээ сүйтгэн амьдарч байгаа нь өнөөгийн хүн төрөлхтөнд дааж давашгүй хор хохиролыг учруулсаар байгааг ухамсарлан ойлгож, мунхаглалаасаа салж, дээр дурьдсан “Зөв хөгжлийн зам”-ыг хурдан хайж олохгүй юм бол сүйрлийн ирмэгт тулж ирээд байгаа ертөнцөө аварч чадахгүйд  хүрнэ. Үүнийг Азийн залуучууд бид хийх ёстой. Та бүхнийг энэ агуу их үйл хэрэгт бидэнтэй мөр зэрэгцэн хамтран ажиллахыг уриалан дуудаж байна.

Оршин амьдарч буй ертөнцын оршихуй болон хүмүүн заяаны хөгжлийг үүслээс нь танин мэдэхгүйгээр НҮБ-ээс дэвшүүлэн тавьж буй тогтвортой хөгжлийн асуудлуудыг зөвхөн өнөөгийн хүмүүсийн ухаанаар шийдвэрлэх боломжгүй гэдэг нь тодорхой болсоор байгаа юм биш үү. Үнэн зөв хариултыг бид эцэг өвгөдийнхөө СУУ ухаанаас хайж, тэдний үнэт сургаалд тулгуурлан зарим тодорхой асуудлын талаар та бүхэнтэй саналаа солилцохыг хүсэж байна.

·         Хүмүүн төрлөхтний оршин амьдрахуйн дээд онолыг сайтар судлах юм бол, өнөөгийн шийдэж чадахгүй байгаа олон асуултын зөв хариултыг гаргаж авч болно хэмээн бид итгэж байна.

·         Монгол бол төрт ёсыг байгуулсан анхны их гүрэн. Өнөөгийн түүхчдийн тодорхойлсоноор 2 мянга гаруй жилийн түүхтэй гэж үздэг. Гэвч үүнээс олон зуун мянган жилийн өмнөөс төртэй байсныг гэрчлэх эртний түүхийн олдворууд олдоод байна. Бидний өвөг дээдэс төр гэдгийг хамгийн хаан ч байсан зайлшгүй дагаж мөрдөх ёстой хорвоогийн жам ёс, засгийг дээрх жам ёсыг зөрчихгүйгээр аж төрөх ёсгүй хэмээн үздэг байсан байна. Төр нь засгаа эрчимнэж, засаг нь ахуйгаа эрхэлж, ард түмэн нь төрөөрөө бадарч, улсаа өмөөрөхүйн босоо голч нь болдог байжээ. Анхны үүссэн төр, засгийн амин чанар нь ийм л байсан байна. Эдгээр нь өнөөгийн бидний төр засгийн тухай ойлголтыг орвонгоор нь өөрчилнө. Хүн төрлөхтнийг эдээр засагладаггүй, төрөөр засаглах нь орчлонгийн амин чанарыг онож амьдрах  үндэс нь болдог байжээ. Төрөөр засаглана гэдэг нь ертөнцийн татах хүчний бодит хуулийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөнө гэсэн гүн гүнзгий учир холбогдол өргөн агуулгатай ажээ.

·         Улс төр, гэр бүл, хоол хүнсний гурвалыг хорвоогийн жам ёсонд зохицуулан нийцүүлж чадвал, ядуурал гуйлганчлал, өвчин зовлонгийн үүдийг хаах боломжтой хэмээн сургасан байдаг. Хүн бүр өөртөө таарч тохирсон дуртай хөдөлмөрөө эрхлэн, нийтээрээ ашиг орлоготой байж, төвшин сайхан амьдрах хамтын хариуцлага дээр тогтдог нийгэмийг бүр 13-р зуунд байгуулж чадсан түүх байдаг билээ.

·         Ертөнц гэдэг үнэн дээр тогтдог  гэж үздэг. Үнэн дээр тогтсон ертөнцөд хуурамчаар амьдарч болдоггүй алтан дээд жаягтай. Бохир цэвэр, худал үнэн хоёр нэг саванд багтдаггүй билээ. Хүчээр багтаах гэвэл хор л найрагддаг. Үнэний зам мөр хэзээ ч арилдаггүй. Үнэнээс зай төдий гажихад оронд нь худал шургалан орж ирж төвгийн орон зайг үүсгэдэг. Өнөөдөр хожмын гай үүсгэх бузар, үнэнийг орлож байгаа нь харамсалтай. Монголчууд ямагт үнэнийг эрхэмлэн дээдэлж, үнэн дээр тулгуурлан амьдардаг байжээ. Өнөөгийн бидэнд энэ л дутагдаад байна.

·         Өнөөдөр цэвэр усны асуудал хүн төрөлхтний амин чухал асуудлын нэг нь болоод байна. Саяхан Токио хотод дэлхийн цэвэр усыг хамгаалах талаар олон улсын зөвлөлгөөн боллоо Монголчуудын өвөг дээдэс цэвэр усаа хайрлан хамгаалж арвижуулах талаар арвин их уламжлалтай. Усаа лус, аршаан хэмээн өргөмжилж бузарлахгүй байх их өвийг хүүхэд байхаас нь эхлэж сурган, заншил болгож чадсан ард түмэн билээ. Усаа дээдэлж, амин чанарыг нь бүрэн таньж, цэвэр ариунаар байлгаж амьдрал ахуйдаа ашиглаж чаддаг төдийгүй бороо хур элбэгшүүлэх өөрийн өвөрмөц арга тахилгатай билээ. Монголын есөн их мөрнийг дэлхийн цэвэр усны эхэн гэж үздэг ба хэрвээ та нар газрын зураг дээрээс анхааралтай харах юм бол төв азийн өндөрлөг Алтай, Ханхай, Хэнтийн болон Саяаны уулсаас Онон, Орхон, Туул, Идэр, Тэс тэргүүтэй есөн их мөрөн гадагшаа урсаж байгааг төвөггүй олж харах болно. Хөвсгөлийн болон Байгал их далайд дэлхийн цэвэр усны 50 шахам хувийн цэвэр нөөц агуулагдаж байдгийг эрдэмтэд аль хэдийн тогтоочихсон байдаг. Энэ талаар бидэнд хамтран ажиллаж, судалж шинжлэх олон чухал асуудал байгаа хэмээн найдаж байна.

·         Уул ус, мал, малчин гурваа хаан зэрэгт тавьж байсан улс орон, миний эцэг өвгөдөөс  өөр хир олон байдгийг би мэдэхгүй. Монголчууд малчин хүнийг мянган хүнсч мэрэгжилтэй гэж үздэг. Цаг уур орон зайгаа онгон дагшинаар нь байлгаж чадсан нөхцөлд л жинхэнэ экологийн цэвэр бүтээгдүүн бий болж, хүнсний аюулгүй байдлыг хангаж чадна. Сүүгээр мянган төрлийн хүнсний бүтээгдүүн хийж болдог, түүнийг айлын эзэгтэй нар өөрсдөө хийж чаддаг ба одоо ч энэ уламжлал хэвээр хадгалагдсаар. Монголчуудыг маханд дуртай л гэдэг, гэхдээ хэдий цагт ямар малын махыг хир хэмжээгээр идэх болохоо мэдэж мөрдөж чаддаг байсан. Өвлийн хүйтэн сэрүүнд мах хэрэглэдэг байсан боловч, түүнийхээ хорыг гаргах зорилгоор хатааж бэлдсэн цагаан идээ болон байгалын гаралтай жимс ургамалыг дозыг нь тааруулан хэрэглэдэг байсан билээ. Уламжлалт хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь өлсгөлөн гуйлганчлалаас аврах нэгэн зөв гарц хэмээн үзэж байна. Уламжлалаа даган бэлчээрийн мал ахуйг эрхлэн, үр өгөөжийг нь ашиглах талаар цаашид хийх ажил асар их байна. тэжээх шаардлагагүй малтай, тэмтэрч дуусахгүй зөнтэй ард түмэн билээ бид.

·         Монголчууд “мунхаглалын гадаад илрэл нь өстөнгүүдийн талцаан” гэж үздэг. Өнөөдөр улс гүрнүүд, нам эвсэл холбоод, түүгээр ч барахгүй айл гэр ах дүүс хүртэл өстөнгүүдийн талцаан болон хувирч байгааг аль ч улс оронд харж болох байх. Ялангуяа ямар нэг сонгуулийн үед энэ нь дээд цэгтээ хүртэл хурцаддаг. Хүн төрөлхтөний насан туршийн мөрөөдөл нь цэвэр, шудрага, ариун нийгэмд тэгш эрхтэйгээр амьдрах асуудал гэж үздэг, одоо ч тийм л байна. Энэ бүхэн зөвхөн үнэн дээр л тогтдог. Үнэн гэдэг их эвлэрлийг бий болгодог. Өнөөгийн хүн төрөлхтөн их эвлэрэл гэдгийг мөн чанараар нь ойлгож мөрдөж хэрэгжүүлж чадах юм бол өнөөгийн тулгамдаад байгаа олон асуудал элдэв хөрөнгө мөнгө шаардагдахгүйгээр шийдэгдэж болохоор байгаа нь ойлгомжтой.

·         Монголчууд “эргэж нүүх хорвоод суухуйн жам байхгүй, суухуй нь тэсэхүй,  нүүхүй нь оршихуй” гэж үздэг. Үнэхээр хүн амын их төвлөрөл араасаа асар их хохирол бэрхшээлийг дагуулсаар байгааг бид харсаар,  хор хохиролыг нь амссараар л байна. Энэ асуудал хүн төрөлхтний зайлшгүй шийдвэрлэх асуудал болсоор байгааг анхаарахгүй орхиж болмооргүй байнаа.

Найз нараа энэ мэт олон асуудлын талаар бид хөндөн ярилцаж болохоор байна. Ямартай ч болов та нар өнөөгийн залуус бидний дэвшүүлэн тавиад байгаа гол асуудлын мөн чанарыг ойлгосон байхаа хэмээн найдаж байна.

Монголын Залуучуудын Холбоо та бүхэнтэй бүхий л тал дээр хамтран ажиллахад бэлэн байна. Бид Дэлхийн Залуучуудын байгууллагад 2014 оноос эхлэн Монгол улсаа, цаашлаад Ази номхон далайн орнуудыг хариуцан ажиллахаар болсоныг та бүхэн мэдэж байгаа энэ бол Дэлхийн олон орон, олон залуучууд, үеийн найзууд Монголчууд бидэнд итгэл хүлээлгэж эхлэж байгаагын илэрхийлэл юм аа. Бид хичээж, чадах бүх зүйлээрээ зүтгэж ажиллах болноо. Өнөөдрийн Ассамблейг хамтран зохион байгуулж байгаа Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөл, Монгол Улсын Засгийн Газарт дахин талархаж байгаагаа илэрхийлье. Азийн залуучуудыг нэгэн дээвэр дор хуран чуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа G-Mobile ХХК, Монголын Арьс Шир Үйлдвэрлэгчийн Холбоо, Эрдэнэс таван толгой ХК, БОСА холдинг, Мөнхийн шүүдэр ХХК, Петровис ХХК, АПУ ХХК,  Нэтком ХК,  Дүнжингарав ХК зэрэг дэмжигч байгууллагууддаа баярлалаа.

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн хүндэт зочид төлөөлөгчдөө бид богино хугацаанд олон чухал салбарын асуудлуудаар хэлэлцэж үр дүнгийн бичиг баримтыг боловсруулнаа. Түүнчлэн Дэлхийн залуучуудын Ассамблейн Ази дахь төлөөлөгчийн газрыг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхийг зорьж байгаа билээ. Үүнийг бид бүс нутаг, Зүүн хойд Ази, Ази номхон далайн улс орнуудын нийгэм эдийн засаг, залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн байр суурь, нэг зорилгын төлөө хамтран ажиллах эх суурийг тавих цаг хугацаа, хамтын ажиллагааны эхлэл болно гэж үзэж байнаа.

Энэ удаагийн Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейгаас Азийн төдийгүй дэлхийн залуучуудын хүсэн хүлээж байгаа санал санаачлага, бодот үр дүнг гарган ажиллахыг төлөөлөгч залуус та бүхнээс чин сэтгэлээсээ хүсэж байна. Мөн Бид залуучуудын хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлж, эвлэлдэн нэгдэж цоо шинэ давалгаа, шинэ хандлага, шинэ зохион байгуулалтыг бий болгож ажиллах нь чухал юм аа.

Бидний өнөөдөрийн үйл ажиллагаа залуучууд гэлтгүй хүн төрөлхтний өмнө зайлшгүй тулгамдаж байгаа Эрүүл мэнд Жендер, Боловсрол, Хөдөлмөр эрхлэлт, Тогтвортой хөгжлийн зорилтуудад залуучуудын оролцоо, Залуучуудын талаар бодлого хөтөлбөр ба тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэг таван салбарт асуудлуудаа тодорхойлон хэлэлцэх гэж байна. Мөн Олон улсын хэмжээнд бизнесийн салбарт амжилттай яваа олон залуучууд цугларан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжоо нээх гэж байна. Бид ирээдүйнхээ төлөө сайхнаар төсөөлж, Шинжлэх ухаан технологийн хөгжлийг зөв чиглүүлэх үнэтэй бөгөөд хувьтай төөрөг бидний үеийн залуучуудад оноогджээ. Ихийг бүтээх, хөгжлийн замд хамтдаа зүтгэцгээе.

 “Мөнх хөх тэнгэр минь та биднийг ивээх болтугай” гэсэн мөнхийн уриа байдаг. Эцэг өвгөдийнхөө уламжлалт энэ сүрт уриагаар илтгэлээ дуусгахыг минь зөвшөөрнө үү.   “Мөнх хөх тэнгэр минь та биднийг ивээх болтугай”...

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш