logo
Аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөлүүдийн нэгдсэн зөвлөлгөөн болж байна

Аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөлүүдийн нэгдсэн зөвлөлгөөн болж байна

2015/05/21

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос Аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөлүүдийн нэгдсэн зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. Эрчим хүчний хуулийн дагуу Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос томилж, тэднийг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажилладаг. Энэ хүрээнд зөвлөлгөөнд оролцогчдод   “Орон нутаг дахь эрчим хүчний хангамжийн талаар баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Орон нутаг дахь дулааны тарифын зохицуулалт”,  “АНЗЗ-ийн үйл ажиллагаа цаашид анхаарах асуудлууд”, “Шинээр баригдаж байгаа Эрчим хүчний барилга, байгууламжид гарч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавин, санал солилцож байгаа бөгөөд зөвлөлгөөнд Эрчим хүчний яам, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөл оролцож байна.

Өнөөдрийн байдлаар  Улаанбаатар хот болон дөрвөн аймаг дулааны цахилгаан станцын эх үүсвэртэй төвлөрсөн дулаан хангамжийн системтэй холбогдсон бол  долоон аймаг төвлөрсөн дулаан хангамжийн системтэй, 10 аймаг халаалтын зуух болон хэсэгчилсэн дулаан хангамжаар халдаг. Улсын хэмжээнд 22 зохицуулах зөвлөлийн 65 гишүүн үйл ажиллагаа явуулж, дээрхи дулааны эрчим хүч, үйлдвэрлэгч, түгээгч, зохицуулалттай хангагч  нарт тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, олгосон тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах, харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах зэрэг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Үйл ажиллагаа явуулж буй дулааны эрчим хүчний компаниудын хүчин чадал, техник, тоног төхөөрөмжийн насжилт, нүүрс, усны хангамжийн байдлаас хамаараад дулааны эрчим хүчний хэрэглэгчийн хамрах хүрээ харилцан адилгүй байдаг бөгөөд улсын хэмжээнд 168 аж ахуйн нэгж 462 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш