Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан эхлээд сар болж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны 51 ажлын хэсгийн ахлагч, хяналтын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.
Нэгдсэн уулзалтын үеэр 2015 оны 04 дүгээр сарын 20-ноос хойш хийсэн ажлынхаа талаар танилцуулж хэрхэн хамтран ажиллах талаар солилцов. Энэхүү уралдааны хүрээнд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг бодитоор хийж хэрэгжүүлэх үүднээс дүүрэг, хороод ч хоорондоо өрсөлдөн ажиллахаар болжээ.
Ажлын хэсгийн гишүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 15 мянган аж ахуйн нэгжийн тохижилт, ногоон байгууламж цэвэрлэгээнд хяналт тавьж эхэлсэн бөгөөд байгууллагууд, иргэд хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хугацаатай үүрэг өгч байгаа юм. Хоёр долоо хоногийн дараа үүрэг даалгаврын хэрэгжилттэй эргэн танилцаж биелэлт нь хангалттай бол “smile”наалт , хангалтгүй бол “гахай” наалт наах юм. Аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх наалтаа ажлын хэсгийн гишүүд хүлээн авч үүрэг даалгаврын хэрэгжилттэй ирэх даваа гаригаас танилцах гэж байна.
Хог хаягдал, цэвэрлэгээний чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж шаардлагатай тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Удаа дараа зөрчил дутагдал гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр болон бүр мөсөн зогсоох хүртэл арга хэмжээ авна.