logo
Монгол өрөмдөгчид дэлхий түвшинд үнэлэгдэнэ

Монгол өрөмдөгчид дэлхий түвшинд үнэлэгдэнэ

2011/09/30
Намрын нар ээх нь хоног хоногоор цөөрч налгар сайхан өдрүүд ховордож буй энэ үед Улаанбаатарын дуу чимээнээс түр ч гэсэн холдож уурхайн гүнд очих завшаан сэтгүүлч бидэнд оногдсон. Шивээ Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрийн ихэнх талбайг эзэлдэг нүүрсний нөөцийн илэрц ихтэй нутаг. Шивээг Говьсүмбэр аймгийн ирээдүйн хөгжлийн гарц, Монгол Улсын стратегийн чухал орд гэж үздэг. Энэхүү  судлаагүй, нөөц нь тогтоогдоогүй Шинэ шивээгийн шинэхэн талбайд мэргэжлийн байгууллагууд өрөмдлөгийн улсын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулсан юм. Шивээгийн ширдэг шиг сайхан талд өрмийн машин дуугаа хадаан шинэ хүн төрөхтэй адил шинэ баялаг нээх гэж өрөмдөгчид өдөр шөнийг ялгалгүй ажиллана. Тэд богино хугацаанд өндөр ур чадвар гаргаж уралдсан нь цаг хугацаа хожихоос гадна нөөц тогтоолтонд сайнаар нөлөөлсөн зүйл болж байна гэж Монголын өрөмдлөгийн холбооны гүйцэтгэх захирал н.Цэвээнжав хэлсэн. Манай улсад өрөмдлөгийн 250 компани үйл ажиллагаа явуулж, арван мянган хүн ажилладаг. Тэмцээнд долоон байгууллагын арван хоёр компанийн баг оролцсон. Монголын туршлагтай өрөмдөгчид нэг дор цугларч ур чадвараа гайхуулан өрөмдсөн. Үйлдвэрлэлийн цооног дээр  шилдэг өрөмдөгчид өрөмдөх нь нөөцийн тооцоонд хамгийн том үзүүлэлт болох ач холбогдолтой аж. Шинэ Шивээгийн нүүрсний нөөцийг тогтоохоор 20 гаруй компанийн 33 өрөм ажиллаж байгаа юм байна. Түүний нэг нь багант өрөмдлөгийн улсын тэмцээнийг өөрийн кемпид зохион байгуулж ивээн тэтгэсэн MUD  компани юм. Тус компанийн гурван өрмийн машин дээр багууд хуваагдаж нэг баг таван цаг өрөмдөх үүрэг хүлээн тэмцээнийг эхлүүлсэн. Тэмцээнд өмнөх дөрвөн үеийн уралдаанд түрүүлж байсан Монголын алт корпораци, Эрдэнэт уулын үйлдвэр, Танан Импекс, Говьгеологи компаниуд 2-3 багтай даагаа нэхэхээр ирсэн байлаа.  Өнгөрсөн жилийн аврага “Танан Импекс” компанийн шилдэг өрөмдөгч Б.Цагаанхүү, Т.Гэрэлт-Од, “Ордгео” компанийн Бүдбазар, Галбадрах нар иржээ. 2007 оноос Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, ЭБЭХЯ, АМГ, МХЕГ-ын санаачлагаар 20 жил тасарсан өрөмдөгчдийн тэмцээн зохион явуулснаас хойш тав дахь жилтэйгээ золгож байна. Дөрвөн байгууллагын шилжин явах цомын энэхүү уралдаанд 2000 онд Монголын Алт Корпорацийн  Цагаан суврага”, 2008 онд Эрдэнэтийн геологи хайгуулийн ангийн, 2009 онд “Говь геологи” компанийн, 2010 онд “Танан Импекс” компанийн өрөмдөгчид магнайлж цом өргөмжлөлийн эзэд болж байжээ. Тал сайхан нутагт ашигт малтмал хайх өрөмдөгчдийн бүжгийн талбар нь зэс, уран, нүүрсний орд  хайгуулийн “Цагаан суврага”, Эрдэнэтийн зэс молбидений, Дорноговь аймгийн Дулаан харын уулын ураны, Цайдамын нүүрсний зэрэг манай орны ашигт малтмалын томоохон орд газруудад болж байжээ.Энэ оных ийнхүү нүүрсний томоохон ордын нэг Говь-Сүмбэр аймгийн Шивээ овоогийн нүүрсний ордод “Монголия Юниверсал Дриллинг” компанийг түшиглэн явуулсан. Өрөмдөгчдийн уралдаан хүрээгээ тэлж, өрөмдлөгийн багууд, тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүллэгч “Хера Экуйпмент”, ”САМS”, Японы “Гровбиг Монголия” компанийн төлөөллөгчид, ирсэн нь байлаа. ЭБЭХЯ-ны Геологийн газрын дарга н.Оюунбаатар, ШУА-ийн бага чуулганы гишүүн доктор Алтанхуяг, АМГ-ын мэргэжилтэн, МХЕГ-ын геологи уул уурхайн хэлтсийн дарга Баатарцогт,  Монголын Уул уурхайн Үндэсний Асисоцийн ерөнхйилөгч Дамба, Монголын өрөмдлөгийн холбооны нарийн бичгийн дарга Ундармаа, ШУТИС-ийн геологи, газрын тосны сургуулийн багийн ахлагч өрмийн багийн ахлагч доктор професор Л.Төвхөө, Монголын Антаркидийн нийгэмлэгийн тэргүүн Л.Дүгэржав Монгол Улсын төрийн соёрхолт өрөмдөгч н.Баяраа, өрөмдлөгийн зөвлөх инженер н.Эрдэнэ зэрэг өрмийн инженер мастер, мэргэжлийн байгууллагын төлөөлөл уралдааныг шүүн явуулсан. Өрөмдөгч  богино хугацаанд мэргэжлийн ур чадвар гаргаж  хэр гүн өрөмдөх нь түүний амжилт төдийгүй тэр хэмжээгээр компанийн захиалга нэмэгдэж нэр хүн өсдөг. Уул уурхайн амин сүнс болсон өрөмдлөгийн нүргэлсэн дуу чимээг Шивээ нутгийн зон олон, дэмжигчид, шүүх ч нар нүд цавчилгүй гурван өдөр харуулдаж дуусгасан. Хоёр өдөр, гурван шөнө үргэлжилсэн уралдааны  дүн дуусах цагтаа нэгэн зэрэг зогссон. Энэ жилийн шилдэг өрөмдөгчөөр “МUD” компанийн өрөмдөгч Д.Содномдаржаа, Т.Амгалантөгс нар 48 метр гүн өрөмдөж дээжийн гарц 90 хувиар нэгдүгээр байранд орж шилжин явах цомын эзэд болсон. Өөрийн дадаж сурсан өрөм дээр өрөмдсөн нь тэдний түрүүлэх боломж давуу тал байсан.  Хоёрдугаар, гуравдугаар байранд “Танан импекс”-ийн өрөмдөгч өнгөрсөн жилийн аврага Б.Цагаанбаатар, Т.Гэрэлт-Од 41,7 метр, Мөнх-Онон, Айболат нар 34,5 метр гүн өрөмдөж шалгарсан. Тусгай байрын шагналыг “Ордгео” компанийн Бүдбазар, Галбадрах нар гардсан.

Өрөмдөгчдийн өдөртэй болох санаачлагыг гаргалаа
Өрөмдлөгийн Улсын уралдааны үеэр МUD компанийн дэд захирал Н.Энх-Амгалан  өрөмдлөгийн өдөртэй болох санаачлагыг гаргалаа. Өрөмдлөггүйгээр уул уурхайн, геологи хайгуулийн салбарыг төсөөлөх аргагүй. Өнөөдөр өрөмдлөгийн 250 компанид арван мянга орчим өрөмдөгчид ажиллаж байна. Уул уурхайн салбарт өрөмдөгчдийн оруулж буй хувь нэмэр их ажээ. Цаашдаа өрөмдөгчдийг ур чадвараар нь зэрэглэх, үнэлэмж бий болгох зэрэг зайлшгүй шаардлага байгаа гэж MUD компанийн өрөмдөгчид хэлсэн. Мөн олон улсын хэмжээнд Монгол өрөмдөгчдийн нэр хүндийг өсгөх ач холбогдолтой гэсэн. Тиймээс нийт өрөмдөгчид энэхүү санаачлагыг дэмжихийг уриалж байна гэж тус компанийнхан өрөмдлөгийн тэмцээний үер хэлж байсан. Монголын өрөмдлөгийн холбооны гүйцэтгэх захирал, ШУТИС-ын газрын тос өрөмдлөгийн салбарын эрхлэгч Д.Цэвээнжав “ MUD компанийн гаргасан өрөмдөгчдийн өдөртэй болох санаачлагыг дэмжиж байна. Өрөмдөгчдийн улсын уралдаан манайхаас өөр улс оронд болдоггүй. Тиймээс энэ тэмцээнээ өргөтгөж олон улсын хэмжээнд зохион байгуулдаг болгох хэрэгтэй” гэв. Уралдааны үеэр “Монголд уул уурхайн чиглэлийн 18 холбоо бий. Түүнээс өрөмдлөгийн холбооны ажил тогтворжсон. Өрөмдөгчдийн өрмийн хошуу хурц, ажил үйлс нь оргилж байхыг хүсэн ерөөж амжилт хүсье” гэж Уул уурхайн асисоцын ерөнхийлөгч н.Дамба онцлон хэлсэн.
Ц.Мягмярбаяр
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш