logo
Г.Энхбат: Манайх 14 хоногт олон улсын төвшинд үнэлэгдэх мэргэжлийн үнэмлэх олгодог

Г.Энхбат: Манайх 14 хоногт олон улсын төвшинд үнэлэгдэх мэргэжлийн үнэмлэх олгодог

2011/09/30
Говь-Сүмбэр аймгийн Чойр дахь МСҮТ 2010 оноос МСС-ын төслийн хүрээнд уул уурхайн аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтаар Монгол Улсын Уул уурхайн жишиг сургууль болсон ажээ. Уул уурхай, геологийн салбар хөгжиж буй өнөө үед мэргэжлийн анхан болон техникийн ажилчдыг бэлтгэж дэлхийн төвшинд хүрсэн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор байгуулагджээ. Говь-Сүмбэр аймгийн Чойр дахь МСҮТ-ийн захирал Г.Энхбаттай ярилцлаа.
-Уул уурхайн мэргэжилтэн болох хүсэлтэй залуучууд их болжээ. Танай сургууль цаг үеэ олж байгуулагдсан бололтой?
-Манай сургууль МСС-ийн сангаас 3,3  сая, Оюутолгой компаниас 3,5 сая, Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгууллагдаж буй шинэ сургууль юм. Сургалтын технологи  Ази-Номхон далайн орны магадлан итгэмжлэгдсэн Австралын Уул уурхайн институтын  сертификатын төвшинд бэлтгэнэ. Ингэснээр манай залуучууд уул уурхайн дэлхийн өндөр түвшний компанид тухайн мэргэжлээрээ ажиллах бүрэн боломж нээгдэнэ.
-Мэргэжлийн байгууллагын сургууль төгссөн дипломтой хүнийг олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтай компани хүлээн зөвшөөрдөггүй. Танай сургууль төгссөн хүмүүс боломж бий юу?
-Магадлан итгэмжлэгдсэн Австралын Уул уурхайн институтын  сертификатын төвшинд бэлтгэх учраас манайхыг төгссөн ямарч мэргэжилтэн гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллах баталгаа нь сургалтын технологи юм. “Оюутолгой”, “Тавантолгой”, “Энержи Ресус”  компаниуд дэлхийн төвшинд хүрсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж нэвтэрүүлж байна. Энэхүү төнөг төхөөрөмж дээр ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин манайхаас төгсч гарна. Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа чухал мэргэжлийн ажилчид ямар төвшинд байх ёстой тэр төвшинд бэлтгэх зорилт тавьж байна. Үүний төлөө нийгмийн түншлэл ажил олгогчдод суурилсан уян хатан, чадамж олгох сургалтын технологийг нэвтрүүлж байгаа.
-Танайд суралцах хүсэлтэй хүмүүс ямар шалгуур хангасан байх ёстой вэ?
-Элсэлтээ гурван шатанд зохион байгуулдаг. Аймгуудын БСГ-т хөдөө орон нутгаас элсэх хүмүүсийн квотыг элгээдэг. Мөн Улаанбаатар болон, хөдөө орон нутагт элсэлтийн төлөөлөгч ажилладаг. Ер нь манайд элсэх хүсэлтэй хүмүүс дээд боловсролтой байх албагүй. Тухайн хүн ажлын байранд сурсан уу, өөрөө дадлага туршлага олж авсан зэрэг хамаагүй. Нэг жил эсвэл гурван сар сурах уу, 14 хоногт эзэмших үү гэдгийг тусгай тестээр оношилж сургана. Өөрөөр хэлбэл 14 хоногт олон улсын төвшинд үнэлэгдэх мэргэжлийн үнэмлэх олгодог сургалтын технологийг Монголд нэвтрүүлж байгаараа онцлогтой. Манай элсэлтийн шалгалтын тестийг Вагнер Ази компани боловсруулсан. Мэргэжилийн анхан шатны техникийн логик сэтгэлгээг сорьсон асуулттай. Мөн боловсролын салбарт үзүүлж буй бүх хөнгөлтүүдийг суралцагчид эдэлнэ.   
-Анхны төгсөгчид хэзээ төгсөх вэ?     
-Сургалтын үйл ажиллагаа 2010-2013 онд үргэлжилж  анхны төгсөлт болно. Хамгийн сүүлийн үеийн мэргэжлийн анхан болон дунд шатны төгсөгчид байна. Одоогоор 589 оюутан 14 мэргэжлээр суралцаж байна. Төгссөн бүх мэргэжилтэнг уул уурхайд ажлын байраар хангана. Хөдөлмөрийн зах зээлийг судалж нарийн мэргэжлийн найман анги нээсэн. 9,11 дугаар анги төгссөн хүүхдүүдийг 15 мэргэжлээр элсэлт авч 1-2,5 жил сургана. 21 аймгаас элсэлт авсан. Оюутолгойд 90 мянган ажилтан бэлтгэнэ. Ирэх арваннэгдүгээр сард 200 хүний элсэлт авна. Өнгөрсөн онд 65 оюутан төгссөн. Зургаан багшийг МСС-ийн хүрээнд Вагнер Ази компанид 18 сар суралцана. Сар бүр 45 мянган төгрөгийн тэтгэмжтэй. Мөн манайд суралцах оюутан Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан тохилог дотуур байранд амьдарна.
-Танай  шинэ сургалтын байр, лабортори хэзээ ашиглалтад орох вэ?
-Нарийн мэргэжлийн найман төрлөөр дадлага ажлын лабортори баригдаж байна. Оны өмнө ашиглалтад орно. Токарчин, гидрийн технологич, эксковаторчин, гагнуурчин, өрөмдөгч гэсэн мэргэжлээр бэлтгэнэ.Мөн Оюутолгой төслийн хүрээнд хичээлийн байр ирэх онд барина.
-Орон нутагт болж буй өрөмдөгчдийн тэмцээнд хэр ач холбогдол өгч байна вэ? 
-Ирэх жилээс далд уурхайн өрөмдлөгийн мэргэжилтэн бэлтгэх гэж байгаа. Тиймээс багшлах боловсон хүчин хангалттай эсэх, хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, техник технологийн төвшин  ямар байгааг судлаж байна. Бид үүнд тохирсон сургалтын орчин бүрдүүлэх ёстой. Мөн өөрийн сургуулийн чадвахийг дээшлүүлэх боломж байгааг мэдэх зорилгоор оролцож байна.  

 Чойрын МСҮТ-д уул их дээд сургууль төгссөн хүмүүс суралцаж байна

Уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутанууд тохилог орчин бүрдсэн дотуур байранд амьдардаг. 21 аймгаас ирсэн үе тэнгийн хүүхдүүд ирээдүйн уул уурхайн мэргэжилтэн болохоор хамтдаа суралцаж, хамтдаа амьдарч байна. Энэ жил 341 хүүхэд элсэнээс 45  МУИС, ШУТИС уул уурхайн инженерийн ангийг төгссөн дээд мэргэжилтэй иргэд байна. Балгас болсон байрыг Оюутолгойн хөрөнгө оруулалтаар засч тохижуулан 350 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дотуур байр болгосон байна.  Хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Ж.Эрдэнэбаяр: ОХУ-ын уул уурхайн сургуульд суралцах хэлний бэлтгэл хийхээр ирсэн
 -Би Улаанбаатар хотоос ирсэн ашиглалтын инженерийн ангийн оюутан. ШУТИС-ийг төгссөн. Цаашдаа ОХУ-ын уул уурхайн сургуульд суралцах хүсэлдээ хөтлөгдөн хэлний бэлтгэл хийхээр ирлээ.Энэ сургуульд элсэндээ маш их баяртай байгаа. Манай улс ирээдүйд уул уурхайн орон болох нь тодорхой болсон. Тиймээс уул уурхайн мэргэжлийг сонголоо. Практикт дадлага эзэмшинэ. Хэлний бэлтгэл хийнэ. Мөн манай сургууль соёл хүмүүжлийн олон сайхан тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Өнөөдөр сагс бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан.Манай баг түрүүлсэн. Би сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог.

О.Баасанхүү: Би эксковаторийн жолооч болно

- Би Хөвсгөл аймгаас ирсэн. Арваннэгдүгээр анги төгссөн. Аав ээжтэйгээ ярилцаж байгаад уул уурхайн мэргэжилтэй ажилтан болохоор зорьсон. Хүнд машин механизмийн ангид суралцаж байна.
-Дотуур байрны тохижилт, хоол ундны амт чанар ямар байна вэ?
-Маш сайн, ирээд 20 хонож байна. Өрөөндөө дөрөвүүлээ амьдардаг. Олон найзтай болж байна. Мөн үе тэнгийхэнээсээ суралцах зүйл олон байна.
Чи аймагтай суралцах боломж байсан уу?
-Манай аймгийн МСҮТ-д уулуурхайн нарийн мэргэжлийн анги байхгүй. Цаашдаа нээгдэх байх.
-Ямар шалгуураар элссэн бэ?
-Аймгийн БСГ-т шалгалт өгч тэнцсэн.
-Олон хүүхэд өрсөлдсөн үү?
-Өрсөлдөөн маш их байсан. Манай аймагт 50 орчим хүүхэд элсүүлэх байсан.Түүний нэгд баглсандаа баяртай байдаг. Хичээл сонирхолтой. Дадлага давамгайлсан аргаар хичээллэдэг. Мөн нэг хичээлийг дагнан олон цаг үздэг болохоор ойлгоход хялбар санагдсан. Энэ дашрамд Хөвсгөл аймагт суугаа бүх ах дүү нартай би сайн сурч байна. Та нартаа энэ өдрийн мэнд хүргэе.Санаа зоволтгүй гэж дамжуулья.

С.Эрдэнэбаяр: Намайг энэ сургуульд оруулж өгсөн ахдаа баярлалаа

-Би О.Баасанхүү, Ж.Эрдэнэбаяр буюу амидатайгаа цуг амьдарч байна. Төв аймгаас ирсэн. Наймдугаар ангиа төгсөөд энэ сургуульд орсон. Намайг энэ сургуульд оруулж өгсөн ахдаа маш их баярлалаа. Уулын баяжуулалтын мэргэжлээр суралцаж байна.
-Гэрээ санаж байна уу?
-Гайгүй ирээд удаагүй болохоор.
-Шинэ орчиндоо дасч байна уу?
-Дажгүй, дасч байна.
-Чи энэ мэргэжлээ өөрөө сонгосон уу. Эсвэл гэрийнхэн чинь зөвлөсөн үү?
-Өөрөө сонгосон.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш