logo
 АШУҮИС-ийн төгсөлтийн эрдмийн баяр боллоо

АШУҮИС-ийн төгсөлтийн эрдмийн баяр боллоо

2015/05/25

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 69 дэх удаагийн төгсөлтийн эрдмийн баяр, тангараг өргөх ёслол өнөөдөр /2015.05.25/ боллоо. Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, тус сургуулийн алтан босгыг алхаж эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжил эзэмшсэн төгсөгчид Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 90 гаруй хувийг эзэлж, төгсөгчдийн тоо 20 мянга давлаа. Тэдгээрийн дотроос Монгол Улсын баатар, ардын эмч, ардын багш, гавьяат эмч, гавьяат багш, шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич, профессор, дэд профессор, клиникийн профессорын эрхэм цол хүртсэн олон зуун алдартнууд төрөн гарсныг энд онцлон тэмдэглэж байна. Эдгээр алдар хүндтэй багш сурган хүмүүжүүлэгчид тус сургуулийн эрдмийн их танхимд, эмнэлгийн тасагт та бүхэнтэй хамтран ажиллаж, эрдэм оюуны асар их үнэт баялгаа харамгүй зориуллаа.

Өнөөдөр та бүхэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн диплом, энгэрийн тэмдгийн анхны эзэн боллоо. Бужигнаж өнгөрүүлсэн оюутны танхим, ижил дасал болсон анд нөхөд, багш нартаа “баяртай” гэж хэлээд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист хөлгийн жолоо залах гэж байна. Энэ бол Анагаахын шинжлэх ухааны эрдмийн их уурхай болсон сургууль, эрдэмтэн багш нарынхаа өмнө асар том хариуцлага хүлээж байгаа хэрэг юм. Бид “Эрүүл мэндийн тухай” хуулийн дагуу өрх, сум, тосгонд ажиллаж байгаа эмч нараа 5 жил тутамд хүлээн авч, улсын төсвийн хөрөнгөөр мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх зорилт тавьж байна.

Хоёр жилийн дараа нарийн мэргэшил эзэмшихээр, таван жилийн дараа мэргэжил дээшлүүлэхээр ирэхэд чинь таны сургууль Удирдах Зөвлөлөөс баталсан “2015-2024 он хүртэл хөгжүүлэх сургуулийн хөгжлийн бодлого”-ын хүрээнд Япон Улсын 130 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар баригдах өндөр зэрэглэлийн сургалтын эмнэлэг, сургуулийн цогцолбор, иж бүрэн цөм лаборатори, эмийн үйлдвэр гээд сургалт эрдэм шинжилгээ, оношилгоо эмчилгээний олон том бүтээн байгуулалтыг хийсэн байх болно гэж тэмдэглэн хэллээ.

АШУҮИС-ийн 2014-2015 оны хичээлийн жилд 25 мэргэжлээр нийт 1386 оюутан амжилттай төгсөж байна. Хүний их эмч 470, Уламжлалт анагаахын их эмч 72, Био-Анагаах судлалч 58, Эрүүл мэндийн мэдээлэл зүйч 15, Эм зүйч 63, Эм найруулагч 29, Лаборатори техникч 49, Нүүр амны их эмч 124, Нүүр амны эрүүл ахуйч 13, Нүүр амны техникч 21, Нийгмийн эрүүл мэнд судлалч 31, Эрүүл мэндийн эдийн засагч 18, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан 23, Сувилагч 216, Эх баригч 47, Хөдөлгөөн засалч 27, Дүрс оношилгооны техникч 18, Туслах сувилагч 32, Уламжлалт анагаахын бага эмч 28, Уламжлалт анагаахын сувилагч 16, Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн угсралт, ашиглалтын техникч, электроникч 16 тус тус бэлтгэгдэн гарсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш