Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос өнгөрөгч ням гарагт “Хүүхдийн эрхийг дээдлэе” унадаг дугуйтай өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хүсэл тэмүүллийг дэмжих, ялангуяа автозамын хөдөлгөөнд аюулгүй зорчих боломжийг нь олгох, хүүхдийн эрхийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү өдөрлөгийн нээлт Чингисийн талбайд болсон юм.
“Хүүхдийн эрхийг дээдлэе” өдөрлөгт 07-50 хүртэлх насны нийт 1000 орчим дугуйчид оролцсон бөгөөд Улаанбаатар хотын төв цэгээс Баруун дөрвөн замыг зорьж, улмаар Зүүн дөрвөн зам руу хөдөлж, тэндээсээ буцаад төв цэг хүртлэх маршрутын дагуу аяллаа. “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос санаачилсан энэхүү өдөрлөгийг ХАХНХ-ын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, “Өнөр бүл” гэр бүл хөгжлийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн замын цагдаагийн газар, “Эй Би” хүрээлэн, “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК, “Оргил” дугуйн клуб, “UB social” байк, “Romanza” лоунж, “Нинж гоо” ХХК, “Итали зайрмаг” зэрэг олон байгууллага дэмжиж хамтран ажилласан юм.
Урлаг соёлын тоглолт, сонирхолтой сюрприз, амтат бэлгээр дүүрэн өрнөсөн тус өдөрлөгт “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Анхбаяр, “Ардчилсан хүчний холбоо”-ны тамгын газрын дарга Ч.Чимэд-Отгон, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар оролцож, өөрсдийн сэтгэгдлийг хуваалцлаа. Мөн энэ үеэр “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Анхбаяр шилжин явах бамбараа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад гардуулж, хүүхдэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахыг хүслээ. “Хүүхдийн эрхийг дээдлэе” өдөрлөгийн хүрээнд зарим хүмүүсээс авсан сэтгэгдлийг уншигчиддаа сонирхуулья.
“Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Анхбаяр: Нийгэмд чиглэсэн олон ажил хийхээр зорьсон
-Энэ өдөрлөгийн хүрээнд та бүхэн ямар санал санаачилга дэвшүүлж, уриалга гаргахыг зорьсон бэ?
-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос санаачлан дугуйн парадыг анх удаа зохион байгууллаа. Унадаг дугуйг сонгож авсан шалтгаан нь гэвэл, сүүлийн үед зам тээврийн осолд хүүхдүүд маш их өртөх болсон шүү дээ. Тиймээс энэ өдөр төв замын зорчих хэсгээр дугуйчдаа явуулан нийт жолооч нар болон автозамын хөдөлгөөнд оролцож буй бүх хүмүүст хандан “Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж оролцоорой” гэсэн уриалга гаргаж, санаа сэдэл өгөхийг зорьсон юм. Монголын ирээдүй бол хүүхэд. Харин хүүхэд багачуудын маань ирээдүй бол өнөөдөр бидний хэлж ярих үг, хийж бүтээх үйлдэл байх болно. Энэ ч утгаараа, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон газар өнөөдөр биднийг дэмжин оролцож байна.
-Хүүхдийн төлөөх үйл ажиллагаа тань ирэх аравдугаар сарыг хүртэл үргэлжилнэ гэсэн?
-Тийм ээ, энэ үйл ажиллагаа маань ирэх аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Манай холбооны зүгээс дараагийн сарын бамбараа хүүхдийн эрхийг хамгаалах асуудалтай холбоотой, олон нийтийг хамарсан ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулж чадахуйц тодорхой албан байгууллага, томоохон компаниудаас сонгож өгнө. Энэ шилжин явах бамбараа бид бүхэн Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олонд гардуулж өглөө.
-Танай холбооноос цаашид хийхээр төлөвлөсөн ажил юу байна вэ?
-Хоёрхон хоногийн өмнө бид “Оюун санааны шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурлаа амжилттай зохион байгууллаа. Оюутан залуусын маань өмнө тулгарч буй саад бэрхшээл, тулгамдаж буй асуудал болон ирээдүйн амьдралын чиг хандлага, хөгжил боловсрол зэргийг тодорхойлох зорилготой юм. Нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн сургуулиудын оюутан залуус өргөнөөр оролцож өөрсдийн санал бодлоо хуваалцахын сацуу өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар илтгэл тавьж, шилдгүүдээ шалгарууллаа.
Цаашид бид Олон улсын залуучуудын байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Япон, Герман, Америк зэрэг орны залуучуудын байгууллагаас эх орондоо урьж хамтарсан сургалт семинар зохион байгуулах, туршлага солилцох, гэрээ хэлэлцээр хийх төлөвлөгөө бий. Ер нь цаашид нийгэм болон хувь хүний хөгжилд хандсан олно ажлыг зохион байгуулахаар зорьж явна.
“Ардчилсан хүчний холбоо”-ны тамгын газрын дарга Ч.Чимэд-Отгон: Ирэх аравдугаар сард үйл ажиллагаагаа дүгнэнэ
-Энэ өдрийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж буйн хувьд, таны сэтгэгдэл?
-“Ардчилсан хүчний залуучуудын холбоо” болон “Ардчилсан хүчний холбоо”-ноос хамтран зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ нийтдээ таван сарын хугацаанд явагдана. Томоохон албан байгууллага, компаниуд дангаараа юмуу аль эсвэл хоёр гурваараа нэгдээд нэг сарын хугацаанд хүүхдийн төлөө юу хийж чадах вэ гэдгээ олон нийтэд харуулах юм. Ирэх аравдугаар сард эдгээр байгууллага, компаниудаас хүүхдэд чиглэсэн тодорхой үйл ажиллагаа, зорилтот ажлуудаар нь дүгнэж шилдгийн шилдийг шалгаруулах зорилготой байгаа. Хойч ирээдүй минь болсон хүүхэд багачуудынхаа төлөө монголын ард түмэн нэгдэж, олон зүйлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Хүүхдийн төлөөх үйлсэд нэгдэхээр зорьсон газрууд хэрхэн оролцох юм бол?
-Албан байгууллага, компаниудын хувьд нэг сарын хугацаанд хүүхдийн төлөө юу хийж бүтээхээр төлөвлөж буйгаа бидэнд төсөл хэлбэрээр ирүүлэх ёстой. Энэ маягаар тус үйл ажиллагаанд оролцоно гэдгээ мэдэгдэж, хийх ажлуудаа төсөл хэлбэрээр ирүүлсэн олон газар бий. Тэр бүхнээс бид бүхэн шалгаруулж Хүүхдийн төлөө үндэсний газарт илгээх юм. Тус газрынхан өөрсдийн сонгосон байгууллага, компаниудад шилжин явах бамбараа гардуулж үйл ажиллагааг нь хянаж явах ёстой. Харин ирэх аравдугаар сард үйл ажиллагааныхаа үр дүнг нэгтгээд шилдэг байгууллага, компаниудыг олон нийтэд танилцуулан хаалтын арга хэмжээ зохион байгуулна.
-“Ардчилсан хүчний холбоо”-ноос нийгэмд хандсан цөөнгүй арга хэмжээ зохион байгуулсан нь бий?
-Тийм ээ, манай холбооны хүрээнд маш олон клуб үйл ажиллагаагаа явуулдаг. Эрүүл мэнд, спорт сонирхогчид, уул уурхай, явган аялал гэх мэт. Эдгээр клубүүдийн үйл ажиллагааг дэмжихээс гадна бид нийгэмд хандсан олон арга хэмжээ зохион байгуулахыг эрмэлздэг. Өнгөрсөн жил “Ардчилсан хүчний холбоо” болон Эрүүл мэндийн клубтэй хамтран мансууруулах бодисын эсрэг зорилготой “Саруул Монгол” аяныг зохион байгуулсан. Маш өргөн цар хүрээг хамарсан энэ аянд олон байгууллага оролцож байлаа. Цаашид манай холбооноос Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран томоохон үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхдэд чиглэсэн дорвитой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа.