Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хийсэн мэдээлэлдээ, 2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны хооронд нийслэлд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц байдалтай газар дээр нь очиж танилцсаны зэрэгцээ барилгын компаниудын удирдлага, иргэдийн санал бодлыг сонссон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хэрэгжилт нийслэлийн 24 байршилд хийгдэж байгаа бөгөөд үүнд нийт гэр хорооллын 7 хувь хамрагдаж өнөөдрийн байдлаар 20 хувьтай явж байна. Ажиллах явцад иргэдээс ирж буй саналуудын дийлэнх нь хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол Улсын Засгийн газар санхүүгийн баталгааны эх үүсвэр гаргаж өгөх мөн төвийн дулааны шугам сүлжээнд холбож өгөх асуудлыг хөндөж байсан талаар дурдлаа.