logo
НББСШУБХ-ны хурал хойшлов

НББСШУБХ-ны хурал хойшлов

2015/05/27

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09 цаг 53 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлсэн. Тус байнгын хорооны дарга С.Батцогт Ховд аймагт ажлын томилолттой байгаа тул өнөөдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей даргалав.

Байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан. Мөн Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдаж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг сонсох байв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс хуулийн төслүүдийг нарийвчлан томьёолох чиглэлийг ажлын дэд хэсэгт шилжүүлээд байгаа учир энэ удаад хэлэлцэх асуудлын дарааллаас хасч хойшлуулах санал гаргасныг гишүүд дэмжлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар сонсохдоо Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар 14 хоногийн дотор саналаа оруулж ирэх үүрэг, даалгавар өгсөн ч хугацаандаа орж ирэхгүй байгааг хэлж, иймээс энэ асуудлыг өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөх санал гаргасан юм.

Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн өгсөн тайлбартаа, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээллийг байнгын хорооны хуралдаанд сонсох хугацаатай үүрэг өгөгдсөн. Одоогийн байдлаар байнгын хороонд мэдээлэл хийх талаар санал ирээгүй байна. Гэхдээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр өглөө ажлын явц байдлын талаар байнгын хороонд албан бичиг ирүүлсэн гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, байнгын хорооноос өгөгдсөн хугацаатай үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж тайлагнах ёстойг онцолсон юм. Байнгын хорооноос өгсөн тодорхой сэдвийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийхгүй болсон тул Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар хуралдаанд оролцох боломжгүй гэж үзсэн. Ингэснээр байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн ирц хүрэхгүйн улмаас хойшлов
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш