logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

2015/05/28
Хамаг Монгол Улс хийгээд Их Монгол гүрэн, Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан Халдун уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв.

Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Гандантэгчэнлин хийдийн Тамгын дарга лам н.Эрдэнэхүү Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Оюунбаатар болон орон нутгийн удирдлагууд, хишигтэн олон өргөнөөр оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх өдрийн орой Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, орон нутгийн хийдийн лам нар “Итгэл”, “Ганданлажаа”, “Өлзийхутаг буулгах сан” зэрэг ном хурж Долоон бурхан одны тахилга үйлдсэн юм.

2015 оны 5 дугаар сарын 27-нд буюу Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх тахилга эхлэх үед лам хуваргууд жавдандаа сууж Ламчодов, Жигжид, Очирваань /Жанлавцогзол/, Овооны сан /Дашчиров сан, Эзний сан, Бурхан халдун уулын сан/, Юлтий, Дэвжид сэржим зэрэг ном хурсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бурхан Халдун уулын “Чингисийн овоо” буюу “Тэнгэрийн овоо”-ноо хүрэлцэн очив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтаж авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч "Ганжуур" их хөлгөн судраас адис авч ёслоход хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны хоёр талд хүндэтгэн залж байрлуулав. Энэ үед Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Эзэн Чингисийн намтар цадиг, Их Монголын түүхийн нууцыг хад чулуу, үндэс мөчир бүртээ онголон хадгалсан, хаан төрийн сүлд шүтээн-Халдун хайрхан уул нь монгол түмний мандал буурлын аль ч үед итгэлийн гал болж сэтгэлийн гүнд бадамласаар ирсэн билээ. Монгол омогшил бахархал, монголын цог золбоо, хийморь сүлд, монгол ухаан, эр зориг, сэтгэл оюуны ундарга чухам энэ л уул хангай, орон газрын эрчмээс эхтэй гэлтэй. Тиймийн учир 2013 онд Бурхан Халдун хайрханыг "Монгол түмний үндэсний бахархалт хайрхан" уул хэмээн өргөмжлөн зарлигласан билээ.

Их эзэн Чингис хаан, Бурхан Халдун хайрхан уул хоёрын алдарын түүх үүнийг нотолно. Халдун хайрханы өвөр нөмөр, өмгөөлөл хамгаалал дор Тэмүжин хүү татуужин торниж, бусдын дэмжлэг итгэлийг хүлээж бүгдийн хаан болсон. Хаан болсон ч  их үйл хэргийг эхлэх, шийдвэрлэх, алс холын аян дайнд мордохын өмнө Чингис хаан их Хайрханыхаа оройд гарч, Мөнх хөх тэнгэрт хүсэл зоригоо айлтгаж, аз хийморь, зориг золбоо, хүч тэнхээ хайрлахыг сүслэн гуйж мөргөн залбирдаг байсан тухай түүх шашдирт олонтоо өгүүлдэг. Хааны үйл хэрэг бүтэж, нэр алдар түгэхийн хэрээр Бурхан Халдун хайрхан ууланд буман олны сүсэг шингэж, алдар суу, аврал илгээл нь даянд алдаршиж, дархлагдаж хүндлэгджээ. Энэ бол гайхамшиг.

 Одоогоос таван жилийн өмнө буюу 2010 онд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан ЮНЕСКО-д бүртгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосон билээ. Өдгөө энэхүү бүртгэх ажиллагаа ЮНЕСКО-ийн холбогдох журам дүрмийн дагуу ахицтай явагдаж байгааг хэлж, байгаль орчноо хамгаалж, өв уламжлалаа дээдлэн явахын чухлыг өгүүлэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх айлтгалаас адис авч тахилгын гал болох мандлын бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдэв.

Лам хуврага нар тахилгын цацлын өчил уншиж цацал өргөж, судар дуудахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны сорогшин модонд хадаг уяж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж дээжийг овоонд тавив.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий Үндэсний сурын харваач, спортын мастер, аймгийн мэргэн Д.Гомбод өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв. Энэ ёсыг хийж дуусангуут хишигтэн олон өөрсдийн байранд гурвантаа сөгдөн сууж, есөн удаа мөргөв.

Түүний дараа хуврагууд "Морины сэтэр" ном уншиж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Бурхан халдуун ууланд онголон сэтэрлэх бор морийг тэнгэрийн хүлэг болгох ёс үйлдэв. Энэхүү тэнгэрийг хүлгийг Хэнтий аймгийн , Хан хэнтийн дархан цаазат газрын захиргааны дарга Б.Хашмаргадын адуунаас сонгон авчээ.

Бурхан Халдун уулын Тэнгэрийг тайх ёслолд хол ойроос цугласан нийт 400 гаруй хишигтэн олон оролцсон бөгөөд нар хур тэгширсэн сайхан өдөр тохиолоо хэмээн сүсэгтэн олон бэлэгшээж байв.

Монгол түмний олон зуун жилийн туршид тахиж дээдэлж ирсэн Бурхан Халдун уул нь түүхэнд гурван гол хэмээн алдаршсан Онон, Хэрлэн, Туул голуудын эх Хэрлэнгийн баруун гарын томоохон цутгал Богдын голын эхэнд орших бөгөөд далайн түвшингээс дээш 2361.5 метрт өргөгдсөн уул юм.

Монголын нууц товчоонд 25 удаа тэмдэглэгдсэн хэмээх энэ уул нь судлаачдын үзэж байгаагаар Хияд боржигоны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Монгол туургатны сүлд уул болгосон байна. Түүнээс хойш Хан Хэнтий уулыг 1818 оноос албан ёсоор тахидаг болжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Өлгий, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон Төрийн тахилгын асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших Алтай ханы Таванбогд уул, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд орших Говь гурван сайхан уулын Их Тахилгат хайрханыг тус тус төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргасан ба уг зарлигаар төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолын давтамжийн хугацаа 4 жил байсныг уртасгаж, цаашид 5 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосон байна. Үүгээр жил бүр үйлдэх төрийн тахилгын ёслолын тоог цөөрүүлж жилд хоёроос илүүгүй удаа хийхээр болсон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш