Монгол улсын гавъяат тээвэрчин Н.Хуяг-Эрдэнэ даргатай Улаанбаатар татах хэсэг тэртээ 1956 онд байгуулагдсан өдрөөсөө эхлэн Монгол залуусын хүчээр төмөр замын салбарын ажлын хүндийг нугалж 60-н жилийн нүүрийг үзжээ. Өнөөдөр тухайн үед тус байгууллагыг байгуулан явсан залуус болох ахмад буурлууд маань бидэнд үргэлж ярьдаг юм. 1960 онд манай зүтгүүрийн депогоос улс ардын аж ахуй болон төмөр замын хэмжээнд төдийгүй бүр улсын хэмжээнд Социалист Хөдөлмөрийн бригад гэж анх санаачлан байгуулан хөдөлмөрлөцгөөж байжээ. Социалист хөдөлмөрийн бригад байгуулагдсанаар 20-р зууны дунд үеийн Монгол улсын их сэргээн босголтыг тухайн үеийн залуус маань гардан бүтээж байсан юм. Үүний тод илрэл нь 1960 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн нэрэмжит байгууллага мөн Тэргүүний Залуу Алтан медаль зэргээр шагнагдан залуучуудаараа овоглосоор ирсэн Монгол улсын томоохон үйлдвэрийн бааз байгууллага билээ. Харин ардчилсан хувьсгал гарснаас хойш буюу 1990-д оноос хойш тухайн хөдөлмөрчин залуусын хөдөлгөөн зогсож алга болсон нь харамсаар. Эдгээр түүхийн хэлхээг харан суухад Монголын Залуучуудын холбоо хэмээх 94-н жилийн түүхт том гэр бүлдээ УБ Татах Хэсэг гэх ууган хүү нь эргэн ирж буй түүхэн сайхан үйл явдал болж байна.
Харин 21-р зуунд тэдний үр хойч болсон өнөөдрийн залуус бид үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар татах хэсгийн залуучуудын зөвлөлийг шинээр байгууллаа. Байгууллагын удирдлага тэр дундаа МУ-н улсын гавъяат тээвэрчин Н.Хуяг-Эрдэнэ залуучуудаа бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд залуустайгаа хамтдаа алхан, үргэлж дэмжин ажиллахаа мэдэгдсэн юм. Улаанбаатар Татах хэсгийн залуучуудын зөвлөл нь УБ Татах хэсгийн залуучуудын оролцооны нэгдмэл төв байгууллага байх бөгөөд ашгийн бус нийгэмдээ үйлчлэх төрийн бус байгууллага байх ба тус депогийн 16-40 насны бүх л залуус гишүүнээр тооцогдон явах юм. Тус зөвлөлийн тэргүүнээр машинч Ц.Золбаатар, дэд тэргүүнээр хүлээн авагч А.Энх-Амгалан бусад 26-н тэргүүлэгч гишүүдийн хамт залуусаа манлайлан ажиллахаар боллоо.
Мөн Монголын залуучуудын холбооны цахим мэдээллийн сайтаар дамжуулан нийт Монголын Залуучуудын Холбооны гишүүд салбар байгууллагын зөвлөл, бусад холбоо хороодод халуун мэндчилгээ дэвшүүлэн зүтгүүрчин залуус биднийг үргэлж дэмжин хамтран ажиллаж сайн сайхан амьдрахыг уриалж байна.