Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр , Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нар танилцуулсан юм.
1992 оны Үндсэн хуульд зааснаар шүүхийг гагцхүү хуулийн дагуу байгуулна. Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно гэж баталгаажуулсан. Үндсэн хуульд заасан ёсоор 1993 оны зургаадугаар сарын 14-ний өдөр, 2013 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр тус тус Шүүх байгуулах тухай хуулийг баталсан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн юм. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг иш үндэс болгож Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, хяналтын шатны болох Улсын дээд шүүх, давж заалдах шатны болох аймаг, нийслэлийн шүүх, анхан шатны болох сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс тус тус бүрдэхээр хуульчлагдаж, улмаар хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан. Гэвч Үндсэн хуулийн цэцийн 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэг, 2 дугаар зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсгийн 6, 11 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2015 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээг холдуулсан, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, удаан хугацаагаар хоригдох зэрэг нөхцөл байдлыг бий болгохоор байгааг анхаарч үзэх, мөн хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг дахин нягталж үзэх шаардлагатайг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, цаашид хүнийг хорилгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцох бүрэн боломжуудаар хангаж байх ёстой гэв. Хуулийн төслүүд болон тогтоолын төслийг байнгын хорооны саналаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 62,2 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр танилцуулсан.
Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссанаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна