logo
Загас үржүүлгийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа

Загас үржүүлгийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа

2015/06/08

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 6-7-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан томилолтынхоо төгсгөлд Улаанбаатар хотоос 35 километрийн зайд Туул голын сав газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг загас үржүүлгийн “Хилэм ост” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Хилэм ост” загас үржүүлгийн аж ахуй нь 2002 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани нь загас үржүүлгийн байр, лаборатори байгуулан шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан шинэ арга технологиор үнэт хар түрс бүхий хилэм болоод бусад тэмжээллэг загасыг өсгөн үржүүлдэг байна. Одоогоор 17 төрлийн загас үржүүлж байгаа бөгөөд 08 дугаар сараас жилдээ 10-25 мянган тонн загасыг Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэхээр ажиллаж байгаа болохыг тус компанийн захирал Б.Алтаншанд УИХ-ын даргад танилцууллаа.

Засгийн газраас 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Загас” дэд хөтөлбөрт "Хилэм ост" компани хамрагдаснаар 1.7 тэрбум төгрөгийн зээл авсны 200 сая төгрөг нь Чингис бондын эх үүсвэрээс, 200 сая нь Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээр санхүүжүүлсэн байна. Мөн олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, техникийн туслалцаа авсан бол 2014 оноос БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан “Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны төсөл”-д хамрагдан техник, арга зүйн туслалцаа авч байгаа гэв. Энэ төслийн хүрээнд ойрын хугацаанд 6000 ширхэг хилэм загасны жагамхайг БНХАУ-аас авчрахаар төлөвлөөд байгаа болохыг УИХ-ын даргад танилцуулав.

Үүний дараа загас үржүүлгийн аж ахуйн нэгжийн хэтийн төлөвлөгөө, зах зээлийн судалгаа болон холбогдох бусад асуудлын талаар УИХ-ын дарга З.Энхболд тодруулж, харилцан ярилцсан юм.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс ажиллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш