logo
З.Энхболд: ОХУ руу цемент экспортлох талаар ярих цаг болсон

З.Энхболд: ОХУ руу цемент экспортлох талаар ярих цаг болсон

2015/06/08

Тус үйлдвэр нь "Хөтөлийн цемент, шохойн комбинат" нэртэйгээр 1983 онд  байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар ISO стандартад нийцсэн, өндөр чанартай цемент 1 000.0 мянган тонн, 85 хувиас дээш идэвхжилтэй, 0-120 мм ширхэглэлтэй технологийн болон барилгын шохой 65.0 мянган тонн шохой, 162.0 мянган Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийт 890 ажиллагсадтай.

“Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт технологийн шинэчлэлт хийж, хүчин чадлыг 1 сая тоннд хүргэх зорилгоор УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 86 дугаар тогтоолоор 2011 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр бүтээгдэхүүн хуваах зарчим бүхий Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хуурай технологийн үйлдвэрийн туршилт тохируулгын ажил 2013 оны арваннэгдүгээр сараас эхэлж, өнгөрсөн оны 05 дугаар сард ашиглалтад оржээ. Дэвшилтэт хуурай технологийн шинэ үйлдвэр ашиглалтад орсноор цементийн нэгжийн өртөг 37 хувь буурсан.

Одоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, валютын гадагшлах урсгалыг зогсоох үүднээс чулуунцарын импортын гаалийн татвар 5 хувь байгааг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх, зах зээлийн оргил ачааллаас бусад үед импортын цементийн гаалийн татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчийг “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-аар дамжуулахгүйгээр “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-аас шууд худалдан авах эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай талаар "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирал Г.Батдорж УИХ-ын даргад танилцуулсан юм.

Танилцуулгын дараа УИХ-ын дарга "Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийг саяхан УИХ-д өргөн барьсан. Тэр төсөлд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт шилжүүлэх зохицуулалт хийхээр байгаа. Ингэсэн тохиолдолд улирлын ялгаа зэргийг харгалзсан татварын зохицуулалт хийх боломж бүрдэнэ. Гэхдээ танай тавьж байгаа хүсэлтээр татварыг 50 хувьд хүргэх боломжгүй. Дэлхийн худалдааны байгууллагат нэгдэхдээ хүлээсэн үүрэг бий, тэр хүрээнд л шийднэ" гэлээ. Эрчим хүчний асуудлын тухайд 2000 онд Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээг хувьчлахдаа энэ асуудлыг тооцоогүйгээс хүндрэл үүссэн. Хуучин бичиг, баримтаа эргэж харах хэрэгтэй, шударга зарчмаар ажиллах ёстой болохыг хэлсэн юм.

Түүнчлэн танилцуулгатай холбогдуулан 110 сая ам.долларын өртөг бүхий өргөтгөлийн талаар тодруулж, мэдээлэл авсан. Байгуулагдсан цагаасаа хойш бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаагүй тус үйлдвэр шатаадаг зуух, агуулах, бэлтгэлийн цех гээд 2 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Өргөтгөл хийснээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах болсон байна. Шаардлагатай бол дахин өргөтгөл хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой гэв. Энэ үеэр УИХ-ын дарга "ОХУ руу цемент экспортлох талаар ярих цаг болж байгаа гэсэн үг. Өргөтгөлийн 110 сая ам.долларын тал нь Чингис бондоос, үлдсэн нь хувийн хэвшлээс гаргасан томоохон бүтээн байгуулалт юм" гэлээ.

Үүний дараа үйлдвэрийн өргөтгөлийн бүтээн байгуулалттай танилцлаа.

УИХ-ын даргыг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллах үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш