Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц угтан авав. Угтах ёслолд Европын Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга Клаус Велле, Европын Парламентын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Франческа Ратти, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Маркус Винклер, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Армин Махмер, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Вальтер Масур, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Арнольдас Пранкевичиус,Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн, Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хишигдэлгэрийн Даваадорж нар оролцов.
Өнөөдөр 6-р сарын 9 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц нар уулзалт хийж, хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Мөн Европын Парламентын нэгдсэн хуралдаанд үг хэлнэ.
Европ тивийн 28 улсыг эгнээндээ нэгтгэсэн, 505 сая гаруй хүн амтай улс төр, эдийн засгийн томоохон нэгдэл болох Европын Холбооны түүхийг өгүүлэхэд Бельги, БНФУ, Баруун Герман, Итали, Люксембург, Нидерланд гэсэн зургаан улс 1951 онд Парисын гэрээнд гарын үсэг зурснаар Баруун Европын орнуудын аж үйлдвэр, гангийн нийгэмлэгийг байгуулах байгуулсан юм. Улмаар 1957 онд Европын Эдийн засгийн нийгэмлэг, Европын цөмийн энергийн нийгэмлэг байгуулагдсан бөгөөд 1967 онд дээрх гурван холбоо үйл ажиллагаагаа нэгтгэн Европын нийгэмлэгийг буй болгосноор өнөөгийн Европын Комисс, Сайд нарын зөвлөл, Европын Парламентын эхлэл тавигдсан байна.
1979 онд Европын нийгэмлэгт Дани, Ирланд, ИБУИНВУ, 1981 онд Грек, 1986 онд Испани, Португаль Улсууд тус тус нэгдэн орсон байна. Улмаар 1992 оны Маастрихтын хэлэлцээрээр гадаад харилцаа, батлан хамгаалах нэгдсэн бодлоготой болохын зэрэгцээ нэг мөнгөн тэмдэгт, нэг зах зээлтэй болохоор тохиролцсон. Австри, Финланд, Швед улсууд 1995 онд тус холбоонд нэгдэн орсон бөгөөд 1999 оны 1 дүгээр сарын 1-ээс Европын холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгт Евро гүйлгээнд орж тус холбооны гишүүн Дани, Швед, ИБУИНВУ-аас бусад 12 оронд хэрэглэгдэх болсон. Европын холбоонд 2004 онд Кипр, Чех, Эстони, Унгар, Латви, Литва, Мальта, Польш, Словак, Словен 2007 онд Болгар, Румын, 2013 онд Хорват нэгдэн орсноор Европын холбоо өдгөө 28 гишүүнтэй болсон байна. 2009 оны 12 дугаар сарын 1-нээс Европын Холбоо хэмээн албан ёсоор нэрлэх болжээ.