logo
Мандала Гандандаржаалин дацангийн тэргүүн  С.Батбаяр: Тэнгэр лусын дээд тахилгын Лус савдагтай харьцдаг цамын тусгайлсан арга хэмжээг зохион байгуулна

Мандала Гандандаржаалин дацангийн тэргүүн С.Батбаяр: Тэнгэр лусын дээд тахилгын Лус савдагтай харьцдаг цамын тусгайлсан арга хэмжээг зохион байгуулна

2015/06/10
Энэ сарын 19 нөөс 20 нд Төв аймгийн Баянцогт суманд шашин, соёлын нэгэн  томоохон арга хэмжээ болох ажээ. “1000 ХӨХ ЛУСЫН ЧУУЛГАН” хэмээх арга хэмжээг “Монгол шүтээн” төвөөс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд “Мандала Гандандаржаалин дацан”, “Мандала” ТББ, “Монгол Их цам 108” төсөл  уламжлалт анагаах ухааны “АГЧУ” эмнэлэг сувилал хамтран Тэнгэр лусын бумбаны дээд тахилга зохион байгуулах юм байна. Үүнтэй холбогдуулан Мандала Гандандаржаалин дацангийн тэргүүн “Монгол Их цам 108 төсөл” -ийн удирдагч С.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

- “1000 ХӨХ ЛУСЫН ЧУУЛГАН” шашин, соёлын арга хэмжээг танай хамт олныг хамтран зохион байгуулах гэж байгаа гэж сонслоо.
-Тийм ээ, “1000 ХӨХ ЛУСЫН ЧУУЛГАН” буюу Тэнгэр лусын дээд тахилгын Лус савдагтай харьцдаг цамын тусгайлсан арга хэмжээг зохион байгуулна. 

Ерэн есөн насыг зооглосон, есөн шувууны хэл мэддэг цагаан өвгөн гэж монголчууд домоглон ярьдаг шүү дээ. Лус савдагийн эзэн гэгддэг Маха, Шива нар бас бүжих юм. Маха, Шива нь онгон байгалын сүрлэг сайхан амьтан, хангайн эзэн буга, 5 хошуу малын нэг болох шимт сүргийн эзэн бух байдаг.

Эрт дээр үеэс эцэг өвгөд маань цам харайх, цагаан өвгөн буян хишгээ хайрлах нь байгаль дэлхийгээ аргадах том зан үйл гэж үзсээр ирсэн ба жилдээ ганц хоёр удаа л болдог шашин соёлын их цэнгүүн байсан.
2013 онд “Их цам Их засал” гэсэн шашин урлагын цэнгүүн болж сүсэгтэн олон ихээр цугласан арга хэмжээ болсон. Энэ цэнгүүнд Монголын VIII богд Жавзандамба хутагтын цуглуулгад байсан аврага могойг залж сүсэгтэн олныхоо буян заяаг дуудсан.


- Тус арга хэмжээнд энэхүү хаан могой сахиус залагдана гэсэн үү? 
-Тиймээ. VIII Богд маань элдэв зүйл цуглуулдаг байж, Богдын бор халзан заан ч гэж байсан. Хаа холын халуун орны шувууд, хойд мөсөн далайн оцон шувуу  ч олж авчирсан байдаг. Богд хаан таалал төгссөний дараа хөрөнгийг нь нийтэд зарсанаас  хүрээний нэгэн  цуглуулагч могойн арьсыг нь авч хадгалж байжээ.

Энэхүү 8м урт могойн арьс ардын гар дамжиж явсаар манай дацанд ирсэн юм. Богд хааны үеийн тэрхүү могойн арьсыг бид бүтэн могойн сахиус хэлбэрт оруулж залсан.
 Лусын эрх баялагт хаан буюу Луваан Жалбуу бурхан гэж байдаг. Бурхан багш бодь модны доор ном айлдаж байх завсар их хур буухад Лусын бурхан өөрийн сахиус могойнуудыг Бурхан багш руу илгээж дээгүүр нь шүхэрлэн бороонд норгоогүй, хамгаалсан домог байдаг. Монголчууд бид могойг лусын эзэн хэмээн билэгшээн ярьдаг.

-Таныг “Монгол Их цам 108” төсөл хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Одоо ямар шатандаа яваа вэ?
-Энэ төсөл 20 гаруй  жилийн судалгааны үр дүн. 17-р жарны Могой жилийн шинийн 14 буюу шашин улс төрийн томоохон зүтгэлтэн Өндөр гэгээний их дүйцэн өдөр “Их 108 цам”-аа шинэ мянганд анх удаа нийт Монголчууддаа толилуулсан.
Үүний дараа 2013 оны наймдугаар сарын 9-нд Алтан овооны 100 жилийн ойд зориулж  “Их 108 цам”-аа бүрэн хэмжээгээр Сүхбаатар амгийн хөгжим драмын театрын жүжигчид болон СУИС-ийн бүжгийн ангийн оюутнуудтай хамтарч Алтан овооны лус савдгийг аргадаж нутгийн зон олонд толилуулсан.

Буяныг олуулаа хийдэг гэдэг. Бидний хийж буй ажлыг төр засгаас илүү сүсэгтэн олон ойлгон тусалж дэмждиж байдагт бид бүхэн талархаж явдаг. Энэ удаагийн арга хэмжээнд Нийслэлчүүдээ байгаль дэлхийгээ хайрлах эко аялал, Лус савдагаа аргадах шашин соёлын арга хэмжээнд оролцохыг урьж байна. Могойн чуулганд оролцож Тэнгэр лусын бумбаны дээд тахилганд оролцсон сүсэгтэн олон VIII Богд Живзундамба хутагтын залсан Монголд цорын ганц байгаа 200 гаруй жилийн настай 8 метр урт могой сахиуснаас адис хүртэх боломжтой. Энэхүү боломжийг Монгол шүтээн төвийн тэргүүн, Айлдалын багш, Лүнрэг эш Төмөр санаачилсаныг бид бүхэн талархан дэмжиж байна.

Ярилцсан: П.Алтан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш