logo
Хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2015/06/11

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.11/ нэгдсэн хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгт татварын мэргэшсэн зөвлөхийг оруулах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийн дагалдаж өргөн мэдүүлсэн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нь татварын мэргэшсэн зөвлөх байх шаардлагыг хасах гэснийг одоогийн хуулийн зохицуулалтаар нь хэвээр үлдээх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Д.Ганхуяг, С.Дэмбэрэл, Д.Ганбат нар асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, бүх аж ахуйн нэгжүүд заавал мэргэшсэн нягтлан бодогчоор нягтлан бодох тайлан бүртгэл гаргуулж байхаар тусгасан зүйл байхгүй. Богино хугацааны сургалтыг хааж боосон зүйл ч байхгүй. Гэхдээ хагас сарын сургалтад суучихаад санхүүгийн тайлан гаргах гэх нь зохистой зүйл биш гэдгийг хэлж байв. Харин жижиг, дунд үйлдвэрийн нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт гэж байдаг. Манай улсын хувьд уг стандартыг хялбаршуулсан хэлбэрээр мөрдүүлэхээр энэ хуульд тусгасан гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.

Дараа нь байнгын хорооноос уг хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй 6, найруулгын шинжтэй 1 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Мөн уг хуулийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүд дэмжлээ. Уг хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, түүнчлэн уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2001 онд батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох санал чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан юм. Ингээд уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонсов.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал аудитын хуулийн этгээдийн явуулах үйл ажиллагаанаас санхүүгийн холбогдох үйлчилгээ гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Засгийн газраас одоо мөрдөгдөж байгаа Аудитын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлээгүй тул ажлын хэсгээс уг хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх тухай санал дэмжигджээ. Түүнчлэн хуулийн төсөлд шинээр оруулсан аудитын хуулийн этгээдэд тавигдах шаардлагатай холбогдсон шинэ харилцааг шилжилтийн хугацаанд зохион байгуулах үүднээс ажпын хэсгээс Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.

Тус байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн байнгын хорооны ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан байнгын хорооноос дэмжсэн болон дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг хуулийн төслийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Аудитын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох саналыг нэгдсэн хуралдаанаас дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулан Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэх үүргийг байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгөхөөр болов.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуусан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Р.Гончигдорж, Ц.Даваасүрэн нар асуулт асууж тодруулсан юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр маш олон санал гаргасан байгаа тул эдгээрийг нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэхэд ихээхэн цаг авахаар байна. Тиймээс төслийг буцааж татаад ажлын хэсгийн гаргасан саналуудыг тусган дахин өргөн баривал шуурхай хэлэлцэж шийдэх боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Энэ саналтай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч Р.Амаржаргал хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 40 гаруй, холбогдох бусад хуулийн төслийн талаар 20 гаруй санал гаргасан. Иймээс Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөл нэлээд өөрчлөгдсөн, гэхдээ энэ талаар төсөл санаачлагчийн төлөөллийн байр суурийг сонсох нь зүйтэй байх гэлээ. Харин Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хуулийн төсөл өргөн баригдаад нэлээд хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хэд хэдэн хуульд өөрчлөлт орсон нь эдгээр саналын нэлээд хувийг эзэлж байгаа. Түүнээс төсөлд зарчмын өөрчлөлтүүд ороогүй, хуулийн үзэл баримтлал хэвээр байгаа тул боломжтой бол хэлэлцэж шийдэж өгвөл сайн байна гэдгээ хэллээ.

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр зогсоох тухай горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Иймээс энэ хооронд төсөл санаачлагчтай ярилцаж төслийг татаж авах эсэх асуудлыг шийдвэрлэхээр болов. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш