Тус хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газрын захирал А.Төмөр хөтлөн явуулж, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж, олон улсын тавцанд нэр хүнд өсөхийн хамт олон талт гэрээнд нэгдэн орох, хоёр талт гэрээ байгуулах хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа нь онцлог юм.
Хуулийн төсөл батлагдсанаар олон улсын гэрээ байгуулах үйл явцын зохицуулалт илүү тодорхой болж, хууль зүйн болоод практик асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр боловсронгуй болно" гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганхуяг хэлсэн үгэндээ, "Гадаад бодлого, харилцааны бодит илрэл, үр дүн болсон олон улсын гэрээ байгуулах идэвхтэй, процедурын харилцааг зохицуулж буй Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг шинэчлэн найруулах хууль зүйн үндэслэл, практик шаардлага олон байна. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг дахин тодотгох, олон улсын гэрээ үйлдэх хэл, орчуулга хийх, орчуулгыг хянах харилцааны зохицуулалтыг тодорхой болгох, олон улсын гэрээнд хоёр аргаар нэгдэн ордог буруу практикийг халах зэрэг олон асуудал байгаа" гэдгийг дурдав.
Үүний дараа Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга Н.Анхбаяр хийсэн юм. Тэрээр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад хуулийн нэр томьёоны зарим тодорхойлолтыг тодотгов.
Хэлэлцүүлгийн явцад оролцогчид хуулийн төсөлтэй холбогдуулан өөрсдийн санал бодлоо илэрхийлж, зарим зүйл, заалтыг тодотгож хариулт авлаа.