logo
Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2015/06/12
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.12/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон ажлын хэсгээс гаргасан найруулгын саналаар санал хураалт явуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин асуултдаа, хуулийн төсөлд субьектив зүйл их байна. Жишээ нь “гадагшаа, дотогшоо” чиглэсэн, “ялимгүй” зэрэг үгнүүдийг юу гэж ойлгох юм бэ. “Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэж байгаа нь мөн ойлгомжгүй байна. Түүнчлэн захиргааны шийдвэр гаргах хугацаа тодорхойгүй байгаагийн зэрэгцээ “шуурхай” гэж байгааг яг ямар хугацаанд гэж ойлгох вэ гээд ойлгомжгүй зүйлүүд их байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, “гадагшаа” болон “дотогшоо” чиглэсэн гэдэг ойлголт 2003 оноос хойш маш тодорхой болсон ойлголт. Захиргааны үйл ажиллагааны тухай ерөнхий хуулиар захиргааны байгууллага хувь хүний асуудлыг зохицуулахгүй. Зөвхөн иргэнтэй гадагш чиглэсэн, иргэнтэй харилцаанд орж байгаа харилцаан дээр захиргааны албан тушаалтан, захиргааны байгууллага үйл ажиллагаагаа хэрхэн яаж явуулахыг нарийвчлан зохицуулж өгч байгаа. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл дараа дараагийн асуудал амьдралын хэрэгцээнээс шалтгаалаад зохицуулаад явах боломжтой.  Хуулиар анх удаа захиргааны үйл ажиллагаа тодорхойлогддог тогтолцоо руу шилжиж байгаа гэсэн тайлбарыг өгөв.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, хуулийн хэрэгжилтийн асуудлыг яаж зохион байгуулах талаар гишүүд ихээхэн анхаарал хандуулсан. Энэ хууль 2016 оны 7 дугаар сарын 1-нд хүчин өгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль хүчин төгөлдөр болж үйлчилж эхлэх хүртэлх хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах асуудал дээр тодорхой ажил хийгдэх ёстой гэлээ.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар дунд суудлын хуралдаанд маргаан гаргасан иргэн өөрөө ирээгүй байхад асуудлыг авч хэлэлцсэн нь зохимжгүй байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагыг Үндсэн хуулийн шүүх гэдэг сонгодог утгаар нь байгуулах хэрэгтэй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Х.Тэмүүжин нар Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эс зөвшөөрөх шийдвэр гаргасан тохиолдолд үндэслэл, тайлбарыг тодорхой тусгаж байх нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргасан байна. Мөн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Уг асуудалтай холбогдуулж саналтай гишүүд байсангүй. Ингээд байнгын хорооны саналаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх нь дэмжив. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт 70,5 хувийн саналаар дэмжигдэв.

Мөн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хуульчийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог үгүйсгэж болохгүй бөгөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гомдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхад анхаарах шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг зохицуулалт байгаа, түүнчлэн хуульчийн хувьд мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрт маргаан гаргах эрхгүй байдаг байх нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргасан байна.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.

Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байсангүй. Ингээд байнгын хорооны саналаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн саналаар санал хураалт явуулсныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг гишүүд 56.8 хувийн саналаар дэмжлээ. Чуулганы үдээс хойших хуралдаан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, санал хураалтаар эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв . 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш