logo
УИХ-ын дарга З.Энхболд “Блю скай кашмер” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын дарга З.Энхболд “Блю скай кашмер” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2015/06/15

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд /2015.06.13/ “Блю скай кашмер” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Блю скай кашмер” ХХК нь ямааны ноолуур, тэмээний болон хонины ноосыг будаж ээрмэл үйлвэрлэхээс сүлжмэл хувцас, нэхмэл даавуу, хөнжил, нөмрөг үйлдвэрлэх хүртэл дамжлагуудтай цогц үйлдвэр байгуулахаар зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн 2015 онд ээрмэлийн үйлдвэр, нэхмэл даавууны эцсийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах юм байна. Тус компани нь “Ноолуурын үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын дагуу 5.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авчээ.

Улсын Их Хурлын дарга болон дагалдан яваа хүмүүс тус үйлдвэрийн загвар зохион бүтээх товчоо, будах цех, сүлжих цех, оёх цех болон бэлэн бүтээгдэхүүний агуулахаар орж үйл ажиллагаатай танилцан, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо. Дараа нь ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын удирдлагуудтай уулзаж, тус салбарт ямар эрх зүйн орчин дутмаг байгаа, төр засгийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлэх болон тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.

Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, Засгийн газраас 2012 онд бонд гаргахыг зөвшөөрсөн. Чингис бонд болон бусад бондын хөрөнгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэл болон эргэлтийн хөрөнгийн зээл өгч байгаа юм. Сүүлийн хэдэн жил төр засгийн зүгээс ноос, ноолуурын үйлдвэрлэлийн салбарыг дэмжсэний хүчинд түүхий эд бэлтгэл 2 дахин нэмэгдсэн, тоног төхөөрөмж шинэчлэгдсэн, зах зээл тэлж Япон Улс руу ноос, ноолууран бүтээгдэхүүн татваргүй ордог болж байгаа гээд үр дүнгүүд гарч байна. Мөн хамгийн их ажлын байр бий болгодог салбар. Тиймээс УИХ, ЗГ-аас аж үйлдвэрийн салбарыг дэмжиж байгаа. Үүний тулд Аж үйлдвэрийн яамыг байгуулсан. Энэ яамнаас орж ирж байгаа хэд хэдэн бодлогын бичиг баримтуудыг наадмаас өмнө баталчихвал үйлдвэрийнхээ үндсэн тоног төхөөрөмжөө барьцаалах бус бэлтгэж байгаа ноос, ноолуураа барьцаалаад зээл авч, эргэлтийн хөрөнгө нь саатахгүй байх боломжтой гэлээ.

Үйлвэрлэгчдийн төлөөлөл УИХ, ЗГ-аар шийдүүлэх саналуудаа танилцуулаад шийдвэр гаргагчид ийнхүү энэ салбарт анхаарал хандуулж, бодит байдалтай газар дээр нь танилцаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Д.Арвин, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар болон албаны бусад хүмүүс байлцав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш