logo
Ё.Нямжав: Хүн улс төрч болж төлөвшдөг байх л гэж би боддог

Ё.Нямжав: Хүн улс төрч болж төлөвшдөг байх л гэж би боддог

2015/06/15
Шадар сайдын зөвлөх, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч, Бриллиант клубын тэргүүн Ё.Нямжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Уулзсан хүнтэйгээ мэнд мэдэж, хол ойрын сонин хуваалцаж яриагаа эхэлдэг Монгол ёсоо дагая. Та сайн байна уу, сонин ихтэй байх, гадаад дотоод ч их явлаа ?

- Сайн байнуу, сонин ихтэй байлгүй яахав, зүгээр суухгүй байгаа учраас тэр л д ээ. АНУ, БНСУ-р явж ирээд хэд хэдэн аймгуудаар явсан. Яг үнэндээ хаанаас  нь ярихаа ч мэдэхгүй байна. Маш их ажлыг хийсэн байна. Гэхдээ би ганцаараа биш л дээ, манай клубын, хамт олны ажил  байсан.

- Би яг л асууя гэж бодож байлаа. Таныг мисс  гэхээс гадна улс төрч болж яваа гэдгээр хүмүүс багагүй мэддэг болж, харин сүүлийн үед цахим ертөнцөд Бриллиант гэсэн нэртэй клубын талаар мэдээлэл байнга л явж байх юм, таныг үүсгэн байгуулсан гэж дуулсан. Зорилго,үйл ажиллагаагаа танилцуулаач?

- Тиймээ энэ клубыг би жил хагасын өмнө үүсгэн байгуулж, 5 өөр мэргэжилтэй бүсгүйд  хамтарч ажиллая гэж санал тавьж байсан нь саяхан. Харин одоо клуб маань 21 аймаг болон гадаадын 4 улсад салбартай,  Улаанбаатарт 40 орчим залуу эмэгтэй байнга идэвхитэй ажилладаг маш том гэр бүл болжээ. Биднийг чухам юу хийдэг тухай та мэдээж асуухаар зэхэж байгаа байх. Эмэгтэй хүн бол зөвхөн үр хүүхдийнхээ эх нь биш энэ амьралын эх нь байдаг. Тэд хаа ч явсан амьдралын төлөө маш идэвхитэй бодож сэтгэж, хөдөлмөрлөж, бусдад нөлөөлж, сурч сургаж чаддаг. Энэхүү байгалийн өгөгдлийг  зөвхөн үр хүүхдээ хараад гэртээ суух, амьтан хүнийг асарч халамжлах, ажил гэр цэцэрлэг гэсэн замаар амьдралаа  төсөөлж алхах ёстой гэж харахаас  хэд дахин илүү агуулга, орон зай, өөрчлөлтөд орохыг  энэ цаг үе  биднээс шаардаж байна.

Хөгжил дундах өрсөлдөөнд хоцорч үлдэхгүй байх, магадгүй хоцорлоо ч дахин босоод өрсөлдөх чадварыг олж авахын тулд бид гэртээ суудаг цаг өнгөрчээ гэж л хэлэх гээд байгаа юм. Учир нь бид энэ нийгмийн гол баялаг болох хүнийг төрүүлж бас төлөвшүүлэх их үүрэгтэй хүмүүс . Өөрөөр хэлбэл бид хойч үеийн өмнө хариуцлагатай хүмүүс.

Тиймээс л хоцорч үлдэхгүйн тулд хувь хүний хувьд, ажил мэргэжил боловсрол мэдлэгийн хувьд, мөн иргэн хүнийхээ хувьд цаг үедээ  тод өнгө болж зөв нөлөөлж амьдрахыг хичээх ёстой болоод байна. Ийм бодлын үндсэн дээр би Бриллиант клубыг байгуулах санаа төрж, өдгөө өнөр болоод байна. Манай клуб нийгэм, бизнес,улс төр гэсэн гурван үндсэн чиглэлээр залуу эмэгтэйчүүдийн зорилго тэмүүллийг нэгтгэж,  хамтын хүчээр нэг ч гэсэн зөв зүйлийг энэ нийгэмд тамгалж үлдээхээр ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд бид гадаад дотоодод 40 орчим ажил зохион байгуулсанаас дурдвал Монголд анх удаа Тэргэнцэртэй сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн, Эрдэмтэй оюутнаас-Эрдэмтэн судлаач эрдэм шинжилгээний бага хурал, Монгол эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна 10000 эмэгтэйн үндэсний чуулган, Эмэгтэйчүүийн эмнэлгийн чанар ба стандарт хэлэлцүүлэг, Даралтгүй ээжүүдийн төлөө аян, найзын цүнх аян болон гадаад дотоод сургалтууд, НҮБ-н  Эмэгтэйчүүдийн аж байдлын комисын 58,59 дэх чуулгануудад оролцсон гээд олон ажил байна. Дээрх гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа бидний баримталдаг гол зарчим бол хөнгөн хийсвэр, өнгө хэлбэрт автсан аливаа хандлагаас зайлсхийж шинжлэх ухаанч, оюунлаг байдлыг суурь болгохыг хичээдэг.

Оюунлаг байх гэдэг нь зөв хандлага,  зөв суурь, зөв санаачилга, зөв бодлоос гээд зөл бүхнээс л эхлэнэ гэж үзсэн юм.

- Аливаа юмыг дандаа хараар буддаг нь энэ нийгмийн алдаа  бас заримдаа аргагүй ч гэмээр зүйл юм шиг. Түүний нэг нь мисс гэхээр хөөрхөнөөс цаашгүй хүмүүс гээд л ярьдаг. Та одоо улс төрд зүтгэж яваа. Хэт эрс тэс салбарууд бишүү?

- Мисс бол салбар биш. Энэ зүгээр л нэг төрлийн үнэлэмж, нэр төрийн нэг хэсэг.  Улс төрийн тухайд би  хувь хүний үзэл бодол, итгэл үнэмшил дээрээ тулгуурлан сонголт хийсэн маань намайг энэ салбар луу ороход нөлөөлсөн. Нөгөө талдаа түрүүчийн миний хэлсэнчлэн эмэгтэйчүүдийн бүх түвшний асуудал тэдгээрийн эргэн тойрон дахь нөхцөл байдлууд,гаргалгаа, шийдлүүдийн төлөө ажлууд олон жил хийгээд явах тусмаа эцсийн эцэст бид шийдвэр гаргах түвшинд хангалттай хэмжээний төлөөлөл, оролцоо байх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд л хүрсэн. Энэ ганц миний дүгнэлт ч биш, олон улсын эмэгтэйчүүд ингэж үзэж байгаагаа чухалчилж Нow many women on board?

Нөлөөлөл, шийдлийн түвшинд хэдэн хүн байгаагаас эмэгтэйчүүдийг нийгмийн асуудлуудад гарц шийдэл төдий ойрхон байгааг хэлэлцэж ярьдаг.   Энэ нь надад улс төртэй ойр байхад нөлөөлсөн байх. Түүнээс би улс төрч болоогүй ээ. Болдог, төрдөг  зүйл ч биш байх, хүн улс төрч болж төлөвшдөг байх л гэж би  боддог.

- Тэгвэл таныг эмэгтэйчүүдийн асуудлын төлөө л улс төрд яваа юм байна гэж ойлгож байна. Тэгвэл НАМЗХ дэд ерөнхийлөгч байхдаа Шадар сайдын зөвлөхөөр томилогдсон тань бас энэ л асуудалтай холбоотой юу?

- НАМЗХ бол Монголын хамгийн том залуучуудын байгууллага. МАН дэргэдэх гэдгээр нь хүмүүс сайн мэдэхийн хажуугаар их ч улс төржүүлж хардаг. Залуучуудын байгууллага гэдэг утгаараа залуу эмэгтэйчүүд энэ байгууллагаар дамжуулан нөхөрөлөлийн  хэлхээ холбоогоо сайжруулах, мэргэжлийн болоод сонирхлын олон хороод клубуудтэй хамтран ажиллах мөн шаардлагатай бол улс төрд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож өөрийгөө бэлдэх гээд боломжууд чамгүй бий болдог.

Хүн амын 51 хувь эмэгтэйчүүд, Их дээд сургууль төгсөгчид болон суралцагсадын 70 орчим хувь охид, мөн төрийн алба тэр дундаа эмч, багш нарын дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа энэ цаг үед эмэгтэйчүүдийн баялаг бүтээхэд  гүйцэтгэж буй үүргийг бага гэж үздэггүй, гүйцэтгэх түвшинд харин ч сайн ажиллаж байгаа. Гэвч томоохон нөлөөллийн түвшинд байгаа тоогоо хараад чамламаар байгаа нь эргээд асуудлын шийдлүүд дээр явц муутай байгаатай бас л холбоотой байдаг юм шиг.

Жишээ нь манай клуб Стикер нэртэй аянаараа эмэгтэйчүүдийн дунд тулгамдаад байгаа асуудлуудыг гаргаж ирэх ажлыг өөрсдөө зохион байгуулсан. Өрх тэргүүлсэн ээжүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, архины хэрэглээтэй холбоотой сөрөг үр дагаварууд, охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тэр дундаа эмэгтэйчүүдийн өвчин, хавдарын өсөлттэй холбоотой асуудал, ажлын байран дээрх ялгаварлан гадуурхалт, шинэ төрөх болон хүүхдийн эмнэлгүүдийн хэрэгцээ их байгаатай холбоотой асуудлууд гээд бидний эргэн тойронд шйидлээ хүлээсээр байгаа олон асуудлуудыг  эмэгтэйчүүд шийдэгдээсэй гэж олон жил харж хүлээж байна.

Тэгвэл үүнийг хараад зүгээр сууна гэдэг бүр ч харамсалтай. Багаар ч болов шийдүүлэхийн төлөө, шийдээсэй гэж харж хүлээж байгаа урам, зоригийг нь ядаж дэмжих дээр  эмэгтэйчүүдийг нэгтгэнэ гэдэг өөрөө л улс төр шүү дээ миний ойлгож байгаагаар. Түүнээс биш заавал хэн нэгэн улс төрч эмэгтэйг та шийдүүл гэж шахах, хэн нэгэн төрийн ордонд орж сууснаар шийднэ гэсэн утга биш л дээ.

Иймээс л эмэгтэйчүүдтэй, залуучуудтай ойр ажилласан туршлага, цаашид ажиллах боломжийг маань харж дээрх ажлуудыг хариуцуулсан байх. Эмэгтэйчүүд угаасаа нийгмийн том бүлэг. Эмэгтэйчүүдгүйгээр амьдрал, нийгэм, улс орон, хөгжил, дэвшил юуг ч төсөөлөх боломжгүй. Мөн эрчүүдгүйгээр ч адил. Тиймээс л Жендэр гэдэг нэр, ойлголтыг бид өргөн хэрэглэх болж.

- Жендэрийн асуудал руу оръё тэгвэл. Танай залуучуудын байгууллага дотроо зөрчил үүсч, асуудал гарсан тухай хэвлэл мэдээллээр нилээдгүй явж байна. Зарчмын зөрүүтэй байр суурь дотор жендэрийн асуудал байгаа юу, Монгол залуучууд маань ер нь жендэрийн мэдрэмж хэр өндөр гэж та бодож байнa.

- Зарчмын зөрүүтэй асуудал дотор жендэрийн асуудал байгаа гэж би хэлнэ. МАН дүрмийн 1.5.8 д   намын бүх шатны сонгуульт байгууллагад 25с доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн тов тодорхой заалт бий.

НАМЗХ нь МАН дэргэдэх байгууллага гэдэг утгаараа үүнийг хэрэгжүүлэх бүрэн үндэстэй бас үүрэгтэй. Гэвч тун удахгүй болох гэж байгаа НАМЗХны 5-р бага хуралд орох төлөөлөгчдийг сонгохдоо эмэгтэйчүүдйин квотоо барьж ажиллахыг зориг ухамсартайгаар дэмжиж чадахгүй байгаа хүмүүс байна. Олон гэж хэлмээргүй байна. Өөрсдийн мэдрэмж, ухамсараар эмэгтэйчүүдээ дэмжээд явж байгаа аймгийн залуучуудын байгууллагын тэргүүд болон удирдлагууд олон байгаад би хувьдаа талархаж байгаа. Тэртэй тэргүй энэ улсын тэн хагас нь эмэгтэйчүүд байна шүү дээ. Мөн  МАН нам өөрөө зүүний үзэл баримтлалтай нам. Хүн бол нийгмийн хөгжил дэвшлийн гол түлхүүр мөн, хүмүүс нийгмийн баялаг боломжоос тэгш хүртдэг байх ёстой, нийгмийн халамж, хүний хөгжлөө гэсэн бодлого нь хүчирхэг дундаж давхаргыг бий болгож улс орон хүчтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн дархлаатай байя гэсэн гол санааг бид үзэл баримтлалдаа авч үздэг.

Тэгвэл эмэгтэйчүүд, ээжүүд,охидын асуудлыг хойш тавина гэдэг хүнээ хойш тавьж байнаа л гэсэн үг. Тиймээс байж болох бүх түвшинд эмэгтэйчүүдийг дэмжихийг аливаа дүрэм журмаас гадга сэтгэл зоригоороо шийдвэрлэх хэрэгтэй гэдэг дээр би хувьдаа хатуу байр суурьтай байдаг.  Жендэр бол тэгш харьцааны тухай ойлголт болохоос зөвхөн эмэгтэйчүүдийг хүч түрж явнаа гэсэн үг биш гэдгийг эрчүүд  ойлгох хэрэгтэй юм даа.  Залуусын жендэрийн мэдрэмж, хандлага, дэмжлэгийн тал дээр дэвшилт бий гэхдээ  цагаан дээр хараар бичсэн хэмжээнд хүрсэнийг л бид хүрсэн дэмжсэн гэхээс өөр шалгуур Монголд алга байна шүү дээ.

- Эмэгтэйчүүд өөрсдөө үүн дээр хэрхэн яаж ханддаг вэ.

- Яг үнэндээ сүүлийн хэдэн жил л эмэгтэйчүүд хамтдаа байхдаа илүү хүчтэй, даацтай байж чадна гэдгээ ойлгож ярьж эхэлсэн. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, хамт олонтой, нөлөөлж нөлөөлөх эрх мэдэлтэй эрчүүдтэй эмэгтэйчүүд маань хүч үзэж ирсэн. Улс төрийн сонгуульд ялангуяа.

Бид чамлалтгүй, 11 төлөөлөлтэй болсон.  Үүнээс  ч илүү боломж нөөц байгаа гэдгээ Монгол эмэгтэйчүүд салбар бүрт харуулж байна. Гадаад, дотоодод өндөр мэргэжил ур чадвар эзэмшсэн эмэгтэйчүүд гарч ирж байна, санхүү бизнесийн салбарт хэдийгээр зовлон бэрхшээл ихтэй ч бүсгүйчүүд олон болж,  шийдэл шийдвэр гаргах түвшнүүдэд идэвхи оролцоо өндөртэй болсон байна гээд олон сайшаалтай зүйл байна.

Одоо гагцхүү бид өнөө маргаашийн гэхээсээ илүү өргөн утга агуулгаар эрх ашиг, хамтын ажиллагаагаа харж сурах, хамтарч баг болж ажиллах, бие биенээ дэмжих тал дээр илүү нягт байх хэрэгтэй гэж би бодож байна. Бриллиант клубын үйл ажиллагаа амжилттай сайн яваагийн гол түлхүүр нь бид нэг тийшээ зүглэж, нэгэн том хөдөлгүүрээр ажилладаг л гэж боддог.

Мэдээж үүний хамгийн гол дархлаа нь тэнд байгаа хүн бүр өөр өөрийн гэсэн  өнгөтэй бүсгүйчүүд гэлээ ч  бидэнд нийтлэг  нэг үнэт зүйл бий гэдгээ ойлгосонд л байгаа юм. Тэр нь бидний хойч үедээ сайн сайхан, зөв зүйлийг үлдээх гэж бид  ойлгодог. Өөрийн гэсэн өнгөтэй байна гэдэг нь өнгөн талд явахын нэр биш, өөрийн гэсэн ертөнцтэй байх боловуу.

- Саяхан та Англи хэл дээрярилцдаг Inspired by Zaya нэвтрүүлэгт орж жендэр болон эмэгтэйчүүдийн тухай бас нилээд дэлгэрэнгүй ярьж байсан. Ингэхэд таны хувьд боловсрол гэж хэр чухал зүйл вэ?

- Боловсрол бол амьдралд тохиолдох аливаа бэрхшээлийг туулж, өнөөдрийн байгаагаас илүү дээгүүр амьдрах боломж гэж нэг хүн хэлсэн байсан. Магадгүй тийм, магадгүй бас үгүй. Миний бодлоор боловсрол сайхан амьдралыг цогцлоох нэмэлт хэрэгслүүдийн хамгийн чухал нэг нь. Үндсэн хэрэгсэл бол хүний суурь ухаан, мөн чанар.

Өнөөдөр боловсролыг хэт өндөрт тавьж эргээд сөрөг үр дагаварыг нь үзэж байгаа тохиолдлууд цөөнгүй байна. Маш олон сайхан сургуулийн нэр, цаас авчихсан ажил хийж чаддаггүй, хийх сэтгэл зорилго байхгүй, хийгээгүй болон хийж чадахгүй ажлынхаа төлөө их цалин хөлс шаарддаг сэтгэлийн боловсролгүй залуу боловсон хүчнүүд гарч байгаад харамсдаг. Энэ нэг талаас боловсролын чанартай холбоотой ч нөгөө талдаа хүний чанартай ч холбоотой гэж би боддог.

Мэдээж сайн сайхан эзэмшсэн боловсрол хүний амьдралын насан туршийн зэвсэг. Тэгэхээр хүн болгох суурь боловсролыг хамгийн чухалд үзэх ёстой юм шиг санагддаг.

- Танай клуб ойрд ямар ажил төлөвлөөд байна даа?

- Бид  дэлхийн 90 гаруй оронд салбартай Мэргэжилтэй болон бизнестэй эмэгтэйчүүдийг дэмжиж ажилладаг  BPW International (International Association  of Business and Professioanl Women)  байгууллагын Монгол дах албан ёсны гишүүн клуб болсон.

 Энэ байгууллага нь эмэгтэйчүүдийн асуудлаар НҮБ болон Европийн комисст зөвлөх эрхтэй нөлөө бүхий байгууллага юм. Түүний хамгийн залуу гишүүн  болох Бриллиант клуб маань нилээд хичээл зүтгэлийн хүчинд Зүүн Азийн гишүүн орнуудын чуулга уулзалтыг Монгол улсад хийхээр эрхээ авсан байгаа. Энэ оны 10 сард хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

Мөн Монголын анхны Тэргэнцэртэй сайхан бүсгүйн тэмцээнээс  шалгарсан тэргүүн мисс Цолмон маань Итали улс руу ээжийн хамт явж  хөгжлийн бэрхшээлтэй залуусын Олон Улсын зусланд амарч, үйл ажиллагаануудад оролцох гэж байна. Тун удахгүй 8 сардаа багтаад ХБНГУ, Швед, Бегьид ажиллаж амьдарч байгаа Монгол эмэгтэйчүүдтэй хамтран клубын салбаруудаа байгуулж албажуулна. Энэ ажилд маань Европ дах Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо их тус болж байна. Мэдээж орон нутагт ажлаа орхихгүй.

Дашрамд дурдахад манай орон нутгийн салбар клубууд маш идэвхитэй ажиллаж байгаа шүү. - Эмэгтэйчүүдэд хандаж танд хэлэх зүйл байна уу? - Бүх зүйл тухайн орон зай, цаг хугацаагаар хэмжигддэг. Тэр орон зайдаа хэн байх вэ гэдэг асуултыг хүн бүр л өөрөөсөө асуудаг. Өөрийнхөө асуултад хариулахаас гадна бусдын хариултыг бодохгүй бол болохгүй тийм цаг үед бид амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл бүх зүйл, бүх хүмүүс хоорондоо хамааралтай тийм цаг үе. Энэ үед залуучууд  бидний хамгийн сайн сурах ёстой зүйл бол манлайлал. Манлайлал бол нөлөөлөл. Олон сайн зүйлээр манлайлж, бусдад нөлөөлж чадна гэдэг нь  тухайн хүний өөрийн сайн сайхан явахын гол дархлаа болно гэж би боддог. Өөрөөр хэлбэл бид ямар орчин, ямар нөлөөлөл, ямар нөхөрлөл, ямар харилцаан дунд амьдрахаа өөрсдөө зохиож бий болгох хэрэгтэй юм байна.

Үүний тулд бид  эмэгтэй хүн, эх хүн гэдэг талаасаа, ажилтан- боловсон хүчин гэдэг талаасаа, мөн иргэн хүн гэдэг талаасаа ч бүтээлч, зөв нөлөөлөгч байх хэрэгтэй болов уу. Тиймээс би бүсгүйчүүдээ зүгээр битгий суугаасай л нэж хэлмээр санагддаг.

Эх сурвалж : tsag.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш