logo
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

2015/06/16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.16/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны нэг төрөл нь нотариатын үйлчилгээ бөгөөд 1997 оноос энэхүү чиг үүргийг төрийн бус, олон нийтийн байгууллагад шилжүүлж, гишүүдээр нь гүйцэтгүүлэхээр хуульчилсан юм. Гэхдээ Нотариатын тухай хуулиар нотариатч нь өмчийн эрх зүйн харилцаанд төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэж, иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үйлчилгээг үзүүлэх, зөвлөгөө өгөх, тэдний эд хөрөнгийн баталгааг хангах, аливаа эрсдэлээс хамгаалах, шүүхэд хөдлөшгүй бичмэл нотлох баримт бүрдүүлэх, шүүх хэрэг, маргааныг үнэн зөв шийдвэрлэх, хариуцлагатай нийгмийг бий болгох чиг үүрэг гүйцэтгэдэг.

Иймээс нотариатч нь шүүгч, прокурорын нэгэн адил төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын гэрчлүүлж буй үйлдэлтэй холбоотой хууль тогтоомжийг судлах, эрх зүйн зөвлөгөө өгч, хууль зүйн үр дагаврыг тайлбарлан хариуцаж оролцдогийн хувьд хуульч байх зайлшгүй шаардлагатай хэмээн үзжээ. Үүнтэй холбогдуулан нотариатчид цахим нотариатын үйл ажиллагаа эрхлэх, нотариатын үйл ажиллагааг мэргэжлийн зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд уг зөвшөөрлийг нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнд хугацаагүй олгох, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй олгохтой холбогдуулан нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд гурван жил тутамд дүгнэлт гаргах ба дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах зэрэг зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

Уг хуулийн төсөл батлагдсанаар нотариатын үйлчилгээний хүртээмж дээшилж, үйлчилгээ иргэдэд ойртохоос гадна нотариатын мэргэшлийн шалгалтыг шударга, ил тод явуулж, нотариатын үйл ажиллагаанд түгээмэл гардаг зөрчил эрс багасч, зөрчил гаргасан нотариатчид хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн үзсэн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш