logo
Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг өргөн барив

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг өргөн барив

2015/06/16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.16/  Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн барилаа.

Дотоодын цэргийн тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болж, гүйцэтгэж байсан чиг үүргийг Цагдаагийн байгууллага хариуцахаар болсон. Дотоодын цэргийг цомхон бүтэцтэйгээр байгуулан, бие даасан байдлыг нь хангаж, мэргэшсэн бүрэлдэхүүнээр улсын онц чухал обьектын хамгаалалтыг зохион байгуулах болон шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл болсон, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох, терроризмын эсрэг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх бэлтгэгдсэн хүч хэрэгсэлтэй байх хэрэгцээг харгалзан Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан болохыг УИХ-ын даргад танилцуулсан юм.

Монгол Улсын дотоодын цэргийн тогтолцоо, үйл ажиллагаа, дотоодын цэргийн алба хаагчийн  эрх зүйн байдал, түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахаар уг хуулийн төслийг 4 бүлэгтэй байхаар боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар улсын онц чухал обьектын хамгаалалт, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон гамшиг, аюулт үзэгдэл болсон үед аврах, хорио цээрийн дэглэмийг сахиулах ажиллагаанд оролцох харилцаа хуульчлагдан зохицуулагдах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш