logo
Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болохоор ажиллаж байна

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болохоор ажиллаж байна

2015/06/17
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын холбогдох заалтыг үндэслэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн 2015 оны сонгуульд Монгол Улс нэрээ 2012 оны 1 дүгээр сарын 9-нд дэвшүүлсэн билээ.

ХЭЗ-ийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод суугаа ДТГ-ын тэргүүн нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөгч нарт зориулан ёслолын арга хэмжээ ГХЯ-нд зохион байгуулж, өөрийн улсын кандидатурын давуу талыг танилцуулж, дэмжлэг хүсэв. Хүний эрхийг дээдлэх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, авилгыг үл тэвчих тухай Мянганы хөгжлийн 9 дэх зорилтыг дэвшүүлсэн орны хувьд Монгол Улс ардчилал, зах зээлийн замналыг сонгосон өнгөрсөн 25 жилийн туршлага, сургамжаас бусад улс оронтой хуваалцах эрмэлзэлтэй болохыг сайд Л.Пүрэвсүрэн онцлов. Монгол Улс хүний эрхийн асуудлаарх 30 гаруй гэрээ, конвенцид нэгдэж орсон бөгөөд хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд дотоодын хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх ажлыг үргэлжлүүлж байна.

ХЭЗ-ийн сонгуульд оролцох бэлтгэл ажилд манай улс нэрээ дэвшүүлснээс хойш ГХЯ онцгойлон анхаарч ажиллаж байгаа болно. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, тодорхой төлөвлөгөөний дагуу холбогдох арга хэмжээг авч байна. Мөн Гадаад хэргийн сайд болон бусад түвшний айлчлал, яриа хэлэлцээний үеэр холбогдох улсаас дэмжлэг хүсэх, НҮБ-ын гишүүн 192 улсад дэмжлэг хүссэн ноот бичиг, Гадаад хэргийн сайдын захидлыг тараах, НҮБ болон олон улсын байгууллагын сонгуулиар харилцан дэмжих тохиролцоо байгуулах, манай улсаас хийлийн чанадад суугаа ДТГ-ын тэргүүн нарт чиглэл өгч нийт системийн байгууллагын хэмжээнд ажиллаж байна. Түүнчлэн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг Засгийн газраар шийдвэрлүүлсэн болно. Үүний үр дүнд одоогийн байдлаар нийт 120 орчим улсын дэмжлэгийг хүлээгээд байна.

НҮБ-ын ХЭЗ нь 47 гишүүнтэй бөгөөд 3 жилийн хугацаанд гишүүнээр нь ажиллах улсыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 192 гишүүний ердийн олонх буюу наандаж 97 улсын төлөө саналаар сонгодог. Энэ жилийн сонгууль Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр ирэх 10 сард болох юм.

Манай улс харъяалагддаг 54 гишүүнтэй Ази, Номхон далайн орнуудын бүлэг Хүний эрхийн зөвлөлд 13 суудалтай бөгөөд жил бүр сулрах 4-5 суудалд нөхөн сонгууль болдог. ХЭЗ-ийн 2015 оны сонгуульд манай бүлэгт 5 суудал сулрах бөгөөд түүнд одоогийн байдлаар манай улсаас гадна Лаос, Киргиз,  Арабын Нэгдсэн Эмират Улс, Пакистан, БНСУ болон Филиппин тус тус нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш