Энэ нь сүүлийн үед Таван толгойн орд газрыг УИХ-аар хэлэлцэх эсэх,Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь зөв буруу эсэх, Гачууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлууд дээр бүүр ч ихээр илрэх боллоо.
Уг нь эдийн засгийн томоохон асуудлуудаа гацаанаас гаргаж хамтдаа шийдээд явах, бүтээн байгуулалтаа урагшлуулах үүднээс Засгийн газарт хамтарсан гэдгээ МАН-ынхан ярьж гэрээндээ гарын үсэг зурж баталгаажуулсан гэдэг.
Гэвч үнэн чанартаа дээрх асуудлуудыг урагшлуулах хөдөлгөх сонирхол МАН-ынханд төдийлөн байхгүй байх шиг. Аман дээрээ “хөдөлгөе, урагшлуулья” гэцгээвч ачир дээрээ гэдийж суучихаад ам амандаа хамтрагчаа буруутгаж байгаа ах намынхныг харахад эдийн засгаа энэ хэвээр нь мөлхүүлж байгаад АН-д хамаг бурууг өгчихөөд дараачийн сонгуульд уул уурхай орд газрын асуудлаа дангаараа шийдэх хүсэл сонирхол байгаад байна уу гэж хардах сэтгэл ч эрхгүй төрмөөр.
Энэ мэт асуудал дээр бие биенээ чичэлж суугаа намуудын хэрүүл дээр Чингис бондын зарцуулалтын мөнгө гал дээр тос асгах мэт дүрэлзүүлж орхилоо.
Өчигдөр л гэхэд АН-ын бүлгийн хурал дээр “Чингис” бондын зарцуулалттай холбоотой асуудлыг нухацтай хэлэлцжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “МАН Засгийн газарт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор муухай бүхнээ Ардчилсан намд үүрүүлж, идэж уусан гэж гүжирдэж таарахгүй. Гишүүд нь “Чингис бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь” гэж гүжирддэг болсон. Цаашдаа ийм байдлаар буруу зөрүү ярьж, гүжирдэх юм бол тухайн гишүүнтэй ёс зүйн асуудал ярьж, хууль хяналтын байгууллагад хандах болно” гэсэн юм.
АН-ын бүлгийн хувьд “Чингис” бондын өгөөж МАН-ын гишүүдийн хэлж байгаачлан огт үр дүнгүй зүйлд зарцуулагдаагүй. Эхнээсээ өгөөж нь мэдрэгдээд эхэлсэн. Зарим төслийн тухайд хоёр сарын дараа, хоёр жилийн дараа өгөөжөө өгнө гэдгийг тодотгосон. Өнгөрсөн хугацаанд аж үйлдвэрийн салбарыг дэмжихэд зориулж “Чингис” бондоос 948.9 тэрбум төгрөг, уул уурхайн салбарыг дэмжихэд зориулж 550 гаруй тэрбум төгрөгийг зарцуулснаар экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг болсон гэж буй. Тухайлбал, Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсанаар нэг их наяд төгрөгийн арилжаа хийгдэж, үүний үр дүнд дамын наймаа зогсч малын гаралтай түүхий эд үндэсний үйлдвэртээ очиж, үнийн огцом өсөлт буурсан. Дээр нь барилгын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр шинээр үйлдвэрүүд баригдаж, арьс ширний үйлдвэрүүд технологио шинэчлэн, эхнээсээ бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлсэн зэрэг эерэг үр дүн гарсныг тайлбарлаж буй.
АН-ынхан Чингис бондын талаар тайлбараа өгч байгаатай сөргүүлээд МАН-ынхны төслийн мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх асуудал ч сөхөгдөж эхэллээ.
Өмнө нь Засгийн эрх барьж байхдаа Оюутолгой, Тавантолгой төслөөс урьдчилгаа хэлбэрээр авсан хоёр их наяд төгрөгийг иргэдэд бэлнээр тараагаад дууссан, нүүрсийг нь барьцаалаад 350 сая доллар тараасан гэх асуудалд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын явуулж байсан бодлого зөв байсан гэдгийг ард иргэд хүлээн зөвшөөрдөг. Үүнийг бид мэдэрсэн. Та ч бас мэдэрч байгаа байх. Ганц жишээ хэлье. 1990-2012 он хүртэлх 22 жилийн хугацаанд авсан зээлээс илүү их зээлийг өнгөрсөн хоёр жилд авсан. Өөрөөр хэлбэл, их мөнгөтэй байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөөр үйлдвэрлэлийг дэмжсэн. Гэтэл өнөөдөр 2012 онд байсан эдийн засгийн өсөлт, ажлын байр хаана байна вэ. Бид хэрэглээг дэмжиж үүгээрээ эдийн засгийнхаа өсөлтийг бий болгож байсан. Хэрэглээгээр дамжиж аж ахуй нэгжийн орлого нэмэгдэж, энэ хэрээр ажлын байр бий болж, баялаг бүтээгддэг байсан. Тэр үед эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол өнөөдөр дөрвөн хувь болтлоо дөрөв дахин буурсан. Энэ бодит байдлыг илэрхийлнэ гэж бодож байна” гэж хариулсан юм.
Орд газраа барьцаалж их хэмжээний бэлэн мөнгө авч тарааснаа эдийн засгийн өсөлтийг дэмжсэн гэж ярьж буй түүний үгийг эрүүл ухаантай хүн хэлсэн гэхэд итгэмээргүй.
“МАН мөнгө тарааж, хэрэглээг дэмжсэн бодлого явуулсан бол АН үйлдвэрлэлийг дэмжиж байна” гэх харьцуулалтад уншигч та дүгнэлт хийх биз ээ.