Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс хамтран өнгөрсөн баасан гаригт Цэрэндоржийн гудамжинд “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдөр” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Ганбаяр хэлэхдээ “Энэ өдөрлөг нь олон нийтэд түшиглэсэн арга хэмжээ юм.
Иргэдэд Цагдаагийн байгууллагаа сурталчилсан мэдээ мэдээлэл өгөх, иргэдээс санал гомдол хүлээн авч, саналыг нэгтгэн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө тусгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна. Хамгийн чухал нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд ямар оролцоотой байх вэ, оролцооны ач холбогдлыг таниулах зорилготой” гэлээ.
Мөн тус дүүргийн III хорооны урамшуулалт эргүүл П.Цэнгэлмаа энэ өдөрлөгийн талаар ярихдаа “Урамшуулалт эргүүл өдрийн дөрвөн цагаар ажиллана. Бид гэмт хэрэг гарч болзошгүй орчин, чиглэлд ажилладаг. Урамшуулалт эргүүл ажилласнаар гэмт хэрэг, зөрчил буурсан” гэв. Энэхүү үйл ажиллагаа нь цагдаагийн байгууллагад хийгдсэн шинэчлэл, үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцдог байгууллага, сайн дурын бүлгийн үйл ажиллагааг алдаршуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн ач холбогдол бүхий сургалт боллоо гэдгийг өдөрлөгт оролцсон иргэд болон албаныхан хэлж байлаа.
Энэ онд Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа билээ. Нийслэл Улаанбаатар хотын нүүр царай болсон хамгийн оюунлаг хэмээгдэх тус дүүрэг түүхэн ойгоо угтаж ямар ажлууд хийж байгаа талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай дүүрэг энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна?
-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойг энэ оны есдүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан. Дүүргийн ой гэдэг бол дүүрэгт ажиллаж амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд бид бүхний хамтын баяр байх ёстой. Тийм учраас бид ойн жилдээ хэрэгжүүлэх ажлын саналыг “Ойг зохион байгуулах хороо” байгуулан бүх хэлтэс албад, албан хаагчдаас авч нэгтгэсэн. Мөн “Хөгжилд хөтлөх-таны санал” уулзалтыг зохион байгуулж, иргэдийнхээ саналыг авч төлөвлөгөөндөө тусгалаа. Энэхүү төлөвлөгөөнд иргэд рүү чиглэсэн 50 багц 124 ажил бий.
-Эдгээр ажлуудаас онцлооч гэвэл?
-Бид Сүхбаатар дүүрэг байгуулагдсан түүхт ойнхоо хүрээнд дүүрэгтээ тасралтгүй 50 жил ажиллаж, амьдарч байгаа иргэн, 50 жил хамт амьдарсан ахмад гэр бүл, 2015 онд гэрлэлтээ бүртгүүлсэн залуу хос, 2015 онд төрсөн хүүхэд, 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа иргэд, дүүрэгтэйгээ чацуу буюу 50 настай иргэдийн төлөөлөл тус бүр нийт 40 иргэдээ алдаршуулж урамшуулах, орчны тохижилтондоо анхаарч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулна. Хүүхэд, залуучуудын дунд танин мэдэхүй, түүхийн ач холбогдолтой уралдаан тэмцээн зарлах гэх мэт бүтээлч ажлууд зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэлээ хангаж байна. Эдгээр ажлуудын үр дүнд бидний амьдарч байгаа орчин сайжирч, оны эцэс гэхэд энэ жил явуулсан үйл ажиллагаа болон ямар аж ахуйн нэгжүүд иргэдэд ажил үйлчилгээгээ онцлог байдлаар хүргэв гэдгээ дүгнэн хэлэлцэх юм.
Мөн энэ сарын 20-нд ойн жилд хийгдэх ажлуудаа сурталчилан таниулах зорилгоор Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Иргэдийн өдөрлөг” зохион байгуулна. Энэ өдөрлөгт дүүргийн маань иргэд төдийгүй нийслэлчүүд идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна.
“Бүтээлч ажлын өдөр”-тэй хороо
Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулах болзолт уралдааныг зарлажээ. Энэ хүрээнд тус дүүргийн XII хорооны Засаг даргын ажлын албанаас хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж ахуйн нэгжүүдэд хандан долоо хоног бүрийн баасан гаригийг “Бүтээлч ажлын өдөр” болгох уриалга гарган ажлаа эхлүүлсэн байна. Өнгөрөгч баасан гаригт тус хорооныхон сайн санаачилгынхаа нээлтийг зохион байгуулж, угааж, цэвэрлэх талбайн зураглал, төлөвлөгөөнийхөө дагуу 32-ын автобусны буудлаас Жаст ойл ШТС хүртэлх нийтийн эзэмшлийн 800 мкв талбайн хогийг цэвэрлэжээ. Энэ хүрээнд 32-ын тойргийн замын хашлагыг цэвэрлэж, автобусны буудал, эрчим хүчний шон болон нийтийн эзэмшлийн талбайн бүх заруудыг хуулж угаасан байна.