logo
Сүхбаатар дүүрэг “Иргэдийн өдөрлөг”-өө хийлээ

Сүхбаатар дүүрэг “Иргэдийн өдөрлөг”-өө хийлээ

2015/06/22

Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Иргэдийн өдөрлөг” хэмээх үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт Чингисийн талбайд боллоо. Өдөрлөгт тус дүүргээс УИХ-д сонгогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал болон Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Х.Болормаа, Л.Нармандах нарын тэргүүтэй албаны хүмүүс ирсэн байв. Олны танил эрхмүүдээс төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат харагдаж байлаа. Түүнчлэн “Иргэдийн өдөрлөг”-т тус дүүргийн Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллага аж ахуйн нэгжүүд оролцож өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан юм.

Уг өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн албаны хүмүүс 50 жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байв. Тухайлбал, хороодын өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн нийтийн хоолны худалдаа, үлээвэр найрал хөгжмийн тоглолт боллоо. Мөн Зэвсэгт хүчний 032 буюу Хүндэт харуулын ангийн албан хаагчид жагсаалын үзүүлэх тоглолт хийсэн бол тус дүүргийн цагдаагийн I, II хэлтсийн хамт олон бие хамгаалах урлаг болон сургуультай нохойн үзүүлбэрийг үзүүлсэн юм. Үсчин гоо сайхны “Vidal” салоны Д.Одонгоо үс засалт, “Сити” дээд сургуулийн загвар зохион бүтээгчид шилдэг загва­руудаа сонирхуулсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байсан арга хэм­жээний нэг болов. Энэ мэтчилэн сагсан бөмбөг, “Замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн мэдэх вэ” сэдвээр АХА тэмцээн зэргээр өдөрлөгийн үйл ажиллагаа өрнөсөн.

 Ерөнхийдөө 50 жилийн ойн ажлын нэг хэсэг болоод тэр үү 50-ийн тоог бэлгэдэл болгосон олон үйл ажиллагаа олныг явуулсан. Тодруулбал, 50 жилийн ой тохиож буй энэ жилд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч буй иргэн, гэрлэлтээ батлуулж буй залуу гэр бүл, 50 ба түүнээс дээш жил хамт амьдарсан ахмад гэр бүл, 50 нас хүрч буй иргэн, дүүргийн 50 жилийн ой тохиож буй жилд төрсөн нярай хүүхэд, дүүрэгт 50 ба түүнээс жил үр бүтээлтэй ажиллаж амьдарсан иргэнд гэх мэтчилэн тус тус хүндэтгэл үзүүлж дурсамж гардуулж байв.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан “Бид 50 жилийн ойн хүрээнд 50 багц 125 ажил хийхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өдөрлөгийг зохион байгуулж байна. Уг өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг ч энэ жил арай онцлог байдлаар буюу дүүргийн бүхий л салбарынхан хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавих, цаашид хийх ажлын төлөвлөгөө танилцуулах, иргэдээс ирж байгаа санал санаачилга бүрийг ажилдаа тусгах зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх маягаар өдөрлөгт орол­цож байгаа. Өдөрлөгт дүүргийн иргэд олноороо ирж оролцож байгаад талархаж байна” гэж байлаа.

Түүнчлэн ойн хүрээнд хийгдэх бусад ажлын талаар “Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэдэд үйлчлэх төв байр өнгөрсөн оны есдүгээр сарын 24-ний өдөр ашиглалтад орсон юм. Энэ өдрөөс эхлэн нэг цонхны үйлчилгээг илүү өргөжүүлж, хүртээмжтэй, болгох үүднээс 23 цонхоор найман хэлтэс, албад 50 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлж, өдөрт дундажаар 150-350 иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилж байна. Төрийн үйлчилгээг ийнхүү нэг дор төвлөрүүлэх нь үйлчилгээнд зарцуулагдах цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнээд зогсохгүй, үзүүлж байгаа үйлчилгээ нь хяналт чирэгдэл багатай, харилцагчдын сэтгэлд нийцсэн, хүртээмжтэй байх давуу талууд бий болж, үр дүнд нь төрийн захиргааны үйлчилгээ хялбар хүртээмжтэй, шуурхай, ил тод болж байгаа. Манай дүүрэг томоохон дүүргийн тоонд ордог учир сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хүнд байдаг байлаа. Бид энэ асуудалд анхаарлаа хандуу­лан ажилласнаар ойрын хуга­цаанд дүүргийн хэмжээнд 15 сур­гууль, цэцэрлэгийн барилга барьж байгаа бөгөөд үүнээс долоон сургууль, цэцэрлэг ашиглалтанд ороод байна. Энэ ондоо багтааж үлд­сэн барилгуудыг ашиглалтад оруулахаар зорьж ажиллаж байгаа. Өнгөрсөн 2012 оны байдлаар дүүргийн хэмжээнд 4912 хүүхэд цэцэр­лэгт хамрагдаж чаддаггүй байсан. Одоо 3200 болж буурсан. Энэ нь 1600 гаруй ээж хөдөлмөр эрхлэх боломжтой болсон гэсэн үг. Үлдсэн сургууль цэцэрлэгүүд ашиглалтад орчихвол энэ тоо эрс буурна. Бид цаашдаа ч энэхүү ажлыг эрч хүчээ алдахгүй хийсээр байх болно” гэв.

Энэ үеэр зарим албаны хүмүүс болоод иргэдийн сэтгэгдлийг авлаа. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга Д.Баярмаа “Өнөө жил дүүргийн 50 жилийн ой болон Эрүүл мэндийн төвийн 45 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой. Дүүргийн 50 жилийн ойг угтан 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэд, хүүхдүүдэд зориулан 65 ортой Сэргээн засах цогцолборыг саяхан нээсэн байгаа. Манай эмнэлгээр өдөрт давхардсан тоогоор 1500-2500 хүн үйлчлүүлж байна. Иргэдэд гол төлөв биеийн жингийн индекс болон даралт үзэж, халдварт болон халдварт бус өвчний талаар мэдээлэл өгч байна” хэмээлээ. Харин тус дүүргийн V хорооны Засаг дарга С.Бат-Өлзий “Манай хороо 4780 хүн ам 1300 өрхтэй. Томоохон 150 гаруй аж ахуйн нэгжтэйгээрээ онцлог. Хорооны хэмжээнд  40-өөд гар урлалын үйлдвэрлэл эрхэлдэг хүн бий. Өнөөдрийн арга хэмжээнд манай урчууд урласан гутал, үндэсний хувцас, ноосон эдлэлээр үзэсгэлэн гаргаад байна” гэв.

Харин өдөрлөгийг сонирхож явсан тус дүүргийн иргэн Ц.Батболд “Өнөөдөр дүүргийн Газрын алба, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс болон Эрүүл мэндийн төв нэг дор иргэдэд үйлчилж байгаад олон хүн дуртай байна. Манай дүүрэг хотын төв хэсэгт байрладаг гээд онцлог ихтэй шүү дээ. Өдөрлөгийн үеэр дүүрэгт хийсэн ажлуудыг баримтат кино хэлбэртэй болгоод үзүүлж байна. Түүнийг харж байхад дүүргийн хэмжээнд маш олон ажил өрнүүлжээ гэж бодогдож байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн удирдлагууд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаардаг. Энэ нь 2013, 2014 онд боловсролд оруулсан хөрөнгө оруулалтаараа “Боловсролд ээлтэй дүүрэг”-ээр шалгарсан, 2014 онд нийслэлийн хэмжээнд тус дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн шилдэг байгууллагаар шалгарсан зэргээс харагддаг. Энэ мэтээр “Хоггүй дүүргээс хоггүй хот” уралдаанд тэргүүлсэн гэх мэтээр амжилтууд нь хөвөрнө. Ийм амжилтуудаараа тэргүүлж яваа 50 жилийн ойгоо тэмдэглэж буй тус дүүргийн түүхээс товч танилцуулья.

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгч­дийн 1965 оны дөрөвдүгээр са­рын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж болох 10 хороог хувааж, дөрвөн раойн болгосны нэг нь Сүхбаатар район юм. Сүхбаатар районд 44 хороодыг нэгтгэсэн 19452 өрхтэй, 96661 хүн амтай, 500 гаруй байгууллага, үйлдвэр, соёл, үйлчилгээний газар хамарсан нь тэр үеийн нийслэлийн хүн амын гуравны нэг нь байсан аж. Тус дүүргийн газар нутгийн түүхийг 1778 онд Их хүрээг энэ суурьшлын бүсэд байгуулсан тэр цагаас эхэлсэн гэж үздэг байна. Тиймээс ч нийслэл хотын түүхтэй холбоотой олон дурсгалт газар, тухайн салбартаа анхныхаа гал голомтыг асаасан ууган байгууллага, төр засгийн төв байгууллагууд төвлөрөн байрлаж иржээ. Өнөөдөр ч урлаг соёл, шинжлэх ухаан, боловсрол, худалдаа үйлчилгээний ихэнх байгууллага тус дүүргийн хамрах хүрээнд байдаг гэнэ.

Сүхбаатар дүүрэг өнөөдөр 20,8 мянган га газар хамардаг. 20 хороо, 36062 айл өрхтэй, 136424 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг болжээ. Үүний зэрэгцээ төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, Элчин сайдын яамд, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагууд, АН, МАН зэрэг улс төрийн нам эвсэл холбоодын 30-аад байгууллага байрладаг. Мөн Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан тех­но­логийн их сургууль, Монгол Ул­сын Боловсролын их сургууль зэрэг их дээд сургуулиуд, Улсын клини­кийн нэгдсэн эмнэлэг зэрэг 6276 байгууллага, аж ахуйн нэгж тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байна.

Ж.Баярсайхан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш