Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2015.06.22/ ээлжит хуралдаан болов. Хуралдааны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар болон бусад асуудлуудыг хэлэлцлээ. Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа талаар гишүүдэд товч мэдээлэл өглөө. Айлчлалын хүрээнд хийн хоолой, төмөр зам, авто замын талаар ОХУ-тай хамтран ажиллах боломж байгаа эсэх талаар санал солилцоход ОХУ-ын талаас дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ. Мөн “Эрдэнэт” ХХК-ийн Оросын талын хувь нийлүүлэгч болох “Орос технологи” компанийн талаар шийдвэр гаргаж өгөөч” гэж ОХУ-ын тал хүсэлт тавьсан байна. Үүнийг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд мэдээллээ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол Улсаас ОХУ-д экспортлох мах, махан бүтээгдэхүүнийн талаар ярилцсан төдийгүй визний асуудал, хил гааль дээр гарч байгаа хүндрэлүүдийг зохицуулах, арга хэмжээ авахуулах шийдэлд хүрсэн гэдгийг хэллээ. Мөн Ерөнхий сайд "Орос-Атом" компанийн удирдлагуудтай Арбитрын шүүхийн асуудлаар ярилцаж байна. Тус компанийн удирдлагууд судалж үзээд ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдсэн байна” гэлээ.
Мөн “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн тухайд намын бүлгүүд зарим асуудал дээр санал нийлэхгүй байгаа. Тогтоолын төслийн 4.2-ын заалтыг хасах шийдвэр дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ. Тодруулбал нийгэм болон боловсролын салбарын менежментийн хувьчлалыг тогтоолын төслөөс хасч бусад асуудлыг хэвээр үлдээхээр боллоо” хэмээн хэллээ.
Тэрбээр “МАН-тай Засгийн газарт хамтархад байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ий талаар гишүүд санал бодлоо солилцлоо. Намын дарга орон нутагт ажиллаж байгаа учраас дараа хэлэлцэхээр болсон” гэдгийг онцолсон юм.
Үүний дараа бүлгийн удирлагууд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Өмч хувьчлал хэр хугацаанд явагдах вэ. Улсын төсөвт хичнээн хэмжээний мөнгө төвлөрнө гэж тооцоолсон бэ?
Б.Гарамгайбаатар: -Тогтоолын төслийн 4.2 дахь бүлгийг бүрэн хассан. Өмч хувьчлалаар жагсаалтаар 170-аад тэрбум төгрөгийн орлогыг олно гэж Засгийн газар үзэж байгаа.
Ш.Түвдэндорж: -Өмч хувьчлалын хүрээнд эмнэлэг, сургуулийн удирдлага, зохион байгуулалтыг төрөөс салгах зорилготой байсан. Хувьчлагдсан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийг очиж үзээрэй. Яаж сайн ажиллаж байгааг харж болно. Тийм л ажил хийхийг зорьсон, гэхдээ МАН-ын бүлгээс хойшлуулах шаардлагатай гэсэн учраас зарим заалтыг хаслаа. Өргөн баригдсан төсөл маань хоёр жил гаруй үргэлжилж байгаа учраас хурдавчлахын тулд ийм шийдвэр гаргалаа.
-Ардын намтай байгуулсан хамтран ажиллах гэрээний талаар гишүүд ямар байр суурьтай байсан бэ?
Б.Гарамгайбаатар: -Энэ асуудлыг зайлшгүй ярих цаг болжээ гэж бүлгийн гишүүдийн дийлэнх нь үзэж байна. МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр бүрэн биелсэн. Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн.
Ш.Түвдэндорж: -Судалгаанд үндэслэх хэрэгтэй. Ард иргэдээс АН, МАН хамтарсан нь зөв үү гэхэд 1000 оролцогчдын 63 хувь нь хамтрах шаардлагагүй гэж үзсэн байна билээ. Түүнчлэн орон нутгийн байгууллагууд хамтарсан явдалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бид 73-уулаа нийлээд том бүлэг байгуулсан /гурван бие даагчийг эс тооцвол/ хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төслүүдийн хэд нь УИХ-ын босгыг давж, хэд нь унаж байна гэдгээс хэрхэн хамтарч ажиллаж байгааг бүгд харж байгаа.
-Эдийн засгийн байдал хүнд, төсвийн орлого тасарсан гээд энэ хүнд үед хамтарсан Засгийн газрын гэрээг эргэж харах нь хэр оновчтой гэж бодож байна вэ?
Б.Гарамгайбаатар: -"Эдийн засаг, Эдийн засаг" гэсэн уриатай Ерөнхий сайд Засгийн газрыг бүрдүүлсэн. Үүний дагуу МАН, "Шударга ёс эвсэл"-ээс сайд нар орж хамтарсан Засгийн газар байгуулсан. Харамсалтай нь эдийн засгийг сайжруулах дорвитой арга хэмжээ өнөөдрийг хүртэл авахгүй байна. Жишээ нь, МАН-аас орон даяар "Бид хамтдаа" аяныг өрнүүлж байгаа. Энэ аянд хамтарсан Засгийн газрын гишүүд өөрсдөө оролцоод Засгийн газраа болохгүй, бүтэхгүй талаас нь яриад явж байна. Архангай аймагт очсон ажлын хэсэгт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар явсан байгаа юм. УИХ-ын гишүүн, УИХ-ын бүтцийн байгууллагууд тойрогтоо очиж ажил ярихыг бид үгүйсгэхгүй. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газрын гишүүд өөрсдөө орон нутагт очиж хамтарсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилж, буруутгаж яваа нь анхаарал татаж байгаа юм. Энэ бол баримттай зүйл.
Хоёрдугаарт, МАН том намын хувьд Засгийн газарт гол яамдыг хариуцан ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт АН-ын мөрийн хөтөлбөрийг дүгнэж ярилцлага өгсөн. Уг нь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байна гэж ойлгож байгаа. Гэтэл “Нэг ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт байхгүй байна” гэж ярьсан нь хамтарсан Засгийн газрын ажил явахгүй байгааг харуулж байна. Хамтын ажиллагааны гэрээний хугацаанд бид мониторингийн судалгаануудыг гаргаж үзэж байна. МАН-ын байр суурь, МАН-ын бүлгийн гишүүдийнх нь илэрхийлж байгаа байр сууриудыг харахад хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг аль болох явуулахгүй тээг тавих, асуудлуудыг унагаах хандлага байгаа нь ажиглагдаж байна.
Ш.Түвдэндорж: -Өмч хувьчлалаас үнэгүйднэ гэсэн асуудал байхгүй. Бизнес өөрийн жам ёсоороо явна. Эвслийн гэрээний хувьд “эр эм битгийг хэл, эрүү толгой сална гэдэг шиг” салахад амархан. Засгийн газрын тогтвортой байдлын асуудал яривал одоогийн Засгийн газарт 10 гишүүн нь АН, хоёр гишүүн нь МАХН-МҮАН “Шударга ёс” эвсэл, долоон гишүүн нь МАН-ын сайд нар байгаа. Хэрвээ гэрээ цуцлагдлаа гэхэд 12 гишүүний бүрэлдэхүүнтэй Засгийн газар тогтвортойгоор цааш ажиллаад явах боломжтой.
-Хамтарсан Засгийн газраас МАН гарах асуудал нь хамтын ажиллагааны гэрээн дээрээ хэрхэн тусгагдсан бэ. Дан АН-ын санаачилгаар гарчих юм уу. Хоёрдугаарт, Засгийн газраас оруулж ирсэн асуудлууд унаад байна гэж байна. Энэ асуудал дээр аль нам нь Засгийн газрын асуудлыг унагаад байгаа талаар тоо баримт гаргасан уу?
Б.Гарамгайбаатар: -Дүгнэлт гаргаагүй байгаа учраас “дүгнэж байна” гэж ярих нь эрт байна. Гэрээ хэрхэн яаж цуцлагдах талаар гэрээнд тусгагдсан. Тийм учраас намууд нэг бүрчлэн зүйл заалтаар нь гэрээгээ хамтарч дүгнэнэ. Гэрээний үүрэг даалгавар хэрхэн хэрэгжсэн талаар МАН-тай харилцан ярилцаж, ойлголцохыг оролдъё гэж бид ярилцлаа. Хоёрдугаарт, УИХ-д орсон олон чухал хууль, эдийн засагтай холбоотой асуудлууд унасныг та бүхэн мэдэж байгаа. Хамгийн наад зах нь Улаанбаатар хотын газар өмчлөлтэй холбоотой Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл унасан. Газрыг иргэдэд албан ёсоор өгч, иргэд нь өөрсдөө газраа барьцаалж хөрөнгө босгох боломжийг олгоё гэсэн боловч харамсалтай нь МАН дэмжээгүй. Тавантолгойтой холбоотой асуудлаар МАН, тодруулбал Д.Хаянхярваа гишүүн “манай нам бол дэмжих гээд байна, АН өөрсдөө дотроо зодолдоод байна” гэж хэлснийг сонссон. Гэхдээ зөвхөн АН-ын дотоод асуудлаас болоод Тавантолгой төсөл гацаад байгаа хэрэг биш. Хэрвээ хамтарсан Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа бол бүх намууд энэ асуудалд анхаарал тавьж ажиллах ёстой. Ингэж ажиллахын оронд бүх бурууг зөвхөн Ардчилсан намд тохоод байх нь буруу гэж үзэж байгаа.