Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.22/ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы үйл явц болон батлагдсан хууль, тогтоолын талаар мэдээлэл өгөв. Тэрээр Говь-Алтай аймгийн иргэдэд хандан хэлэхдээ, Өнөөдөр их бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал тохиож байна. Будаг нь ханхалсан шинэ танхимд хийх анхны уулзалт, Алтай чуулгын анхны тоглолт энд өнөөдөр зэрэг тохиож байна. Говь-Алтайчууд бусад аймагт байхгүй театрын байртай болсон байна. Энэ удаа миний бие УИХ-ын ажлаар Говь-Алтай аймагт ажиллаж байна. Өнөөдөр “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах” сургалтад оролцсон.
Мөн Говь-Алтай аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа бодлогын сонголтуудыг бид хийх шаардлага тулгарсан. Учир нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан. Монголын эдийн засаг өөрөө түүхий эдээс хэт хамааралтай болсныг бид өнөөдөр харж байна. Нэг жишээ дурдахад “Алтайн хүдэр” ХХК-ийн борлуулдаг төмрийн хүдрийн үнэ хэдхэн жилийн өмнө тонныг нь 100 ам.доллараар зардаг байсан одоо 36 ам.доллараар зарж байна. Иймээс бид цаашид дан ганц түүхий эдээс шалтгаалдаг эдийн засагтай байж болохгүй түүхий эдийн үнийн өөрчлөлт бидэнд харуулж өглөө. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг Засгийн газраас гарган хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийг богино дунд хугацаанд тогтворжуулах, хөгжүүлэх арга хэмжээ авч байна. Гэхдээ энэ нь зөвхөн засгийн газрын ажил биш. Иргэд ч бас хариуцлага хүлээх ёстой, үүрэг хүлээх ажлууд бий. Ер нь цаашдаа нэг бүтээгдэхүүнээс хараат эдийн засагтай байж болохгүй. Олон тулгуурт эдийн засагтай болох, арьс ширийг дотооддоо боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй баялаг бүтээгчдийг төр дэмжиж байгаа. Цаашид бид төмрийн хүдэр зарж биш, төмөр зарж амьдрах шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ эрс буурсан байхад, төмрөөр хийдэг бүтээгдэхүүний үнэнд өөрчлөлт ороогүй байгаа нь бид түүхий эдээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатайг харуулж байна.
Мөн УИХ-ын дарга, Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувийг улсын төсөвт, 50 хувийг тухайн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх зохицуулалт Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хийгдэх болно.
Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нь дээрх орлогын 50-аас доошгүй хувийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгох болно гэлээ.
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шинэ зохицуулалт хийгдэнэ. Тухайлбал, Говь-Алтай аймгийнхан шүүхээр дамжуулан хэрэг шийдүүлэхдээ Завхан руу очдог байсан. Тэгвэл шинэ хуулиар Завхан аймгийн шүүгчид сард хоёр удаа Говь-Алтай аймагт ажиллах юм. Мөн Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталснаар архи уудаг, тамхи татдаг, буудалд буудаг хүмүүсээс татвар авах зохицуулалт хийгдэж байна.
2000 оноос төрийн захиргааны албан хаагчдын ажлын чиг үүргийг тодорхойлж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх үүднээс гадаад улс орны туршлагыг судалж, Хууль зүйн яам нэлээд хугацаанд ажилласны эцэст өнгөрсөн долоо хоногт Захиргааны тухай хуулийг УИХ-аар баталлаа. Бүх шатны төрийн албан хаагчид хуулийн дор ажиллана. Иргэнд ээлтэй, тэдэнд шуурхай үйлчлэх, захиргааны бүх үйл ажиллагаа нэгдсэн стандарттай болно. Иргэн, захиргааны ажилтануудын бүх харилцааг хуульчлан зохицуулсан. Мөн хяналт, зарчим, үйл ажиллагаа нэгдсэн систетэй. 250 хуульд тулгуурлаж хийсэн нэг хууль юм. Аймаг, сумын засаг захиргаа бүр тус тусдаа ажилладаг байсныг журамлан, Монгол Улсын хэмжээнд нэгдсэн стандарттай болж байна. Бэлтгэл ажил хангах шаардлагын үүднээс 2016 оны 07 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх юм.
Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулиар орон нутгийн иргэд тухайн газартаа хэчнээн газар архи, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл олгох талаараа хэлэлцэж, шийдвэрлэнэ. Харин аймаг, нийслэлийн Засаг дарга согтууруулах ундаа худалдаалах цагийг тогтоох зохицуулалт орсон. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудад архи, согтууруулах ундааны эсрэг сурталчилгааг зөв хэлбэрээр хүргэх ёстой гэдэг заалт орсон.
Алтай хотод ажиллах хугацаандаа дуусаагүй гурван барилгын ажлын явцтай танилцлаа. Яг одоо бидний уулзалт хийж буй “Алтай” чуулгын энэ барилгын шавыг 2007 онд тавьсан, 8 жилийн дараа л ашиглалтад орж байна. Одоо Аврах гал унтраах ангийн байр, Хүүхдийн театрын барилга болон 50 ортой төрөх эмнэлгийн байр дуусаагүй байгаа юм байна. Үүний шалтгаан нь төсвийн сахилга батгүй байдалтай шууд холбоотой, Сангийн яам, нутгийн удирдлагууд болон холбогдох хүмүүс буруутай. Улсын төсвөөс энэ онд Говь-Алтай аймагт 50.9 тэрбум төгрөгөөр 18 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Ямар ч байсан 90 хувийн гүйцэтгэлтэй барилгуудаа ойрын хугацаанд ашиглалтад оруулах тал дээр анхаарал тавьж ажиллах ёстой гэв.
Мөн төсвийн хөрөнгөөр Говь-Алтай аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өгч, Чингис бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцсан талаарх мэдээллүүдийг Алтай хотын иргэдэд танилцууллаа.
Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал УИХ-ын дарга 13 жилийн дараа Говь-Алтай аймагт ажиллаж байгаа болохыг тэмдэглэн хэлсэн юм. УИХ-ын дарга танилцуулгынхаа дараа Алтай хотын иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Алтай хотын иргэд тус аймагт дулааны станц барих нь нэн шаардлагатай байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэх боломж бий эсэхийг тодруулсан. Мөн монголчууд хөгжил гэж их ярьдаг хэрнээ амралтын өдөр ихтэй. Бүтээн байгуулалтын ажил дулааны улирлаар явагддаг, 07 дугаар сард наадам болдог, дээр нь ажлын 5 өдөртэй болохоор ажил хийх цаг хугацаа хомс байна. Тэр хэрээрээ цалин орлого багасдаг учраас уг асуудалд зохицуулалт хийх боломж байгаа эсэхийг тодруулав.
УИХ-ын дарга З.Энхболд хариулахдаа, тухайн дулааны станцыг барьж байгаа компаниуд өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийгээд, борлуулалтаа хийхээр баримт бичиг шийдэгдсэн юм. Дулаанаар хангах ажил бол хувийн бизнес байх ёстой бөгөөд төрөөс тарифын асуудлыг зохицуулах нь зүйтэй. Одоогоор 8 аймагт дулааны станц барих шаардлагатай ч улс дангаараа гүйцэтгэх боломжгүй. Тиймээс хувийн компаниудтай гэрээгээр хамтран ажиллах шаардлага бий. Үүний тулд тарифыг нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Ингэхээр дулааны хэрэглэгчид дулааны мөнгөө хэмнэхийн тулд иргэд орон байраа дулаалж эхэлнэ. Танай аймгийн Засаг дарга тулгамдаад байгаа хоёр асуудал танилцуулсан нь авто замын бүтээн байгуулалт болон дулааны станцын ажил гэж байна. Одоогоор эдийн засгийн нөхцөл байдал, улсын төсвөөс шалтгаалаад энэ хоёр ажлыг зэрэг санхүүжүүлэх боломжгүй. Нэгийг нь ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой гэв. Мөн уулзалтад оролцсон иргэдээс аль бүтээн байгуулалт нэн шаардлагатай байгаа талаар санал асуулга явуулав. Иргэдийн дийлэнх нь УИХ-ын даргын хэлсэнчлэн замын асуудал нь Говь-Алтай аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал гэдэгтэй санал нэгдэж байлаа.
Ажлын бүтээмжийн тухайд бол Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Улирлын чанартай ажил мэргэжлийн онцлогт тохирох хөдөлмөрийн зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгах боломжтой гэлээ.
Мөн тус аймагт байгаа чулууны нөөцөд тулгуурлан үйлдвэр барих тал дээр төрөөс ямар дэмжлэг үзүүлэх бололцоотой талаар асуусан иргэний асуултад УИХ-ын дарга хариулахдаа, нөөц байгаа бол эдэлгээ урттай чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөв. УИХ-аар Үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэлэлцэж байгаа бөгөөд төрөөс дэмжих үйлдвэрүүдэд арилжааны бус зээл олгох зохицуулалт хийгдэхээр яригдаж байна. Банкнаас авсан арилжааны зээлийн хүүгийн зөрүүг төрөөс төлөх хувилбараар төсөлд тусгагдсан. Чөлөөт зах зээлд шилжсэн 25 жилийн хугацаанд худалдаа наймаа хөгжиж байгаа ч үйлдвэрлэлд төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хэмээн үзсэн гэлээ.
Мөн иргэдийн сонирхсны дагуу Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Энэ хууль эдийн засгийн өршөөлтэй холбоогүй, харин нуусан хөрөнгөө ил болгоход ямар нэг хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт л хийх юм. Тиймээс үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгж одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу үүргээ биелүүлэх ёстой. Татвар, эдийн засгийн өршөөл гарна хэмээн найдаж татвараа төлөхгүй, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй зэрэг буруу үйл ажиллагаа явуулж болохгүй. Мөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бас хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төслөөр зарим зөрчлийг гэмт хэрэг болгож, харин зарим зөрчил гэгдэж байгаа үйлдлийг гэмт хэрэгт тооцох зэрэг шилжилтүүд хийгдэж байна.
2004 оноос хойш эрүүгийн орчныг өөрчлөхөөр ажиллаж, эрх зүйн орчны реформыг хийж байна. Олон сайн өөрчлөлт гарна. Тэгэхээр зөвхөн татварын биш нийт эрүүгийн ял шийтгэл хүлээсэн байгаа хүмүүсийг өршөөх хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж байгаа гэсэн мэдээлэлтэй байна хэмээлээ.
Алтай хотын иргэдтэй хийсэн уулзалтын дараа УИХ-ын дарга ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын шинэ орднындоо хийж буй анхны тоглолтыг үзэж сонирхлоо.
УИХ-ын даргыг Алтай суманд ажиллах үеэр УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар болон албаны бусад хүмүүс байлцав