logo
Наадмын худалдаа үйлчилгээнд нийслэл, дүүргээс хяналт тавьж ажиллана

Наадмын худалдаа үйлчилгээнд нийслэл, дүүргээс хяналт тавьж ажиллана

2015/06/23
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмын хэрэгжилтийг хангахад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хяналт тавина.

Худалдаа, үйлчилгээг 2015 оны долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнд явуулах худалдаа, үйлчилгээг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж, хяналт тавьж ажиллах юм. Харин Хүй 7 худгийн худалдаа, үйлчилгээг Сүхбаатар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцан ажиллана.

Худалдаа үйлчилгээ эрхлэгчид наадмаар дараахь чиглэлийг баримтална. Үүнд:
  • Дүүрэг бүр өөрсдийн заагдсан талбайд дүүргийн таних тэмдэг лого бүхий нэгдсэн нэг загварын мэдээллийн байгууламжийг байрлуулна.
  • Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь тухайн харьяалах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон дугаар авна.
  • Павильон асрын гадна талд дугаарыг нэгдсэн нэг загвараар харагдахуйц томоор бичиж байрлуулна.
  • Үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна.
  • Худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн нь тухайн харьяалах дүүргийн зөвшөөрөл олгосон цэгт, заасан өнгөний дагуу цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч, гэрийг байрлуулах бөгөөд аж ахуйн нэгжийн онцлогийг харуулсан эмблем бүхий малгай дүрэмт хувцсаар жигдэрсэн байна.
  • Хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу зөв хадгалах, худалдаалах нөхцлийг бүрдүүлэх хөргөх төхөөрөмж болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уут, торыг хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байна.
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь өдөр бүрийн хоолны дээж авч, тэмдэглэл хөтөлсөн байна.
  • Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар ариутгах бодис, нойтон болон амны салфеткийг хүрэлцэхүйц хэмжээгээр байлгана.
  • Тухайн аж ахуйн нэгж нь орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцах ба асрын гадна талд хогийн сав заавал байрлуулсан байна.
  • Зүлэгжүүлсэн хэсэгт байрлах аж ахуйн нэгж нь асар майхныхаа дор шалавч болон хулдаасыг дэвсэж тоос шороо босохоос сэргийлж, эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаж ажиллана.
 Хориглох зүйл
  • Албан ёсны зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхлэх
  • Гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх /Гутал, хувцас, ахуйн хэрэглээний бараа    бүтээгдэхүүн, бусад /
  • Согтууруулах ундаа худалдаалах
  • Майонез, өндөг, крем, чанамал хиам буюу түүнийг оролцуулсан түргэн
  • муудах бүтээгдэхүүнийг худалдах
  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан  хоолыг дахин боловсруулж хэрэглэх
  • Шорлог хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заагдсан байрлалаас өөр газарт худалдаалах
  • Дүүргийн зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд айрагны гэр болон сүүдрэвч байрлуулах
  • Хог хаягдлаа ил задгай хаях
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш