logo
Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэдэд шалгуур тавина

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэдэд шалгуур тавина

2015/06/24

Барилга, хот байгуулалтын яамнаас орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал яригдаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхийг Засгийн газраас дэмжиж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох ажлын хэсэгт даалгасан. Тус ажлын хэсгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахалж Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар ажиллаж байгаа юм. Энэ нь Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох зорилготой.

Зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувьд нь Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлэн баталгаа гаргаж байгаа. Ингэснээр иргэд эхлээд зөвхөн 10 хувиа төлөх нөхцөл бүрдэх юм. Харин энэ талаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж  орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувийн баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлж, ипотекийн зээлийн баталгаанд хамруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох санал боловсруулан энэ оны долоодугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болголоо.
 
Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
 
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд зорилтот бүлгийн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, барилгын салбарын санхүүгийн эрсдлийг багасгах, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах үүднээс Засгийн газраас орон сууцны тодорхой хөнгөлөлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд иргэд ипотекийн зээлээр орон сууц худалдан авахад Засгийн газрын зүгээс орон сууцны үнийн дүнгийн 20 хувьд дэмжлэг үзүүлснээр хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш