logo
УИХ-ын гишүүн, ЗХГЭГ-ын дарга С.Баярцогт хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн, ЗХГЭГ-ын дарга С.Баярцогт хуулийн төсөл өргөн барив

2015/06/25

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Конвенци соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.06.24/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн барилаа.

Монгол Улсад уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтыг эргэн харж, тус салбарын онцлог болон улмаар олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжилтийг хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмж, УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны 2013 оны 13 дугаар тогтоол болон Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2012-2013 оны улсын хэлэлцээрт уул уурхайн салбарт мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааны эрх зүйн цогц зохицуулалтыг бүрдүүлэх, стандарт, журмыг шинэчлэх шаардлагын хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 176 дугаар конвенцид нэгдэн орох асуудлыг оруулсан байна

Иймд дээрх шалтгаануудыг үндэслэн Монгол Улсын олон улсын тавцан дахь нэр хүнд, хамтын ажиллагааг сайжруулах, улмаар уурхайчдын хөдөлмөрлөх эрх, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэх баталгааг нэмэгдүүлэх үүднээс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 176 дугаар конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын даргад танилцууллаа.

Уг конвенц нь 1998 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд 2013 оны байдлаар АНУ, ХБНГУ, Өмнөд Африкийн БНУ, Австри, Бразил зэрэг нийт 26 орон нэгдээд байна. Энэхүү конвенцид газрын тос, байгалийн хий олборлохоос бусад төрлийн ил болон далд уурхайн үйл ажиллагаа хамаарахаас гадна уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг тодорхойлох суурь баримт бичиг болохын зэрэгцээ сацуу холбогдох эрх бүхий байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхойлж, осол гэмтлийг мэдээлэх, тайлагнах, судлах, шалтгааныг олж илрүүлэх, осол гэмтлийн талаар үндэсний мэдээллийн сантай болох зэрэг нөхцлийг бүрдүүлнэ. Түүнчлэн ажиллагсдыг мэдээллээр хангах, мэргэжлийн сургалтад хамруулах замаар болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох эрхийг хангахаас гадна, компанийн зүгээс эрсдлийг арилгах, хянах, бууруулах, нэг бүрийн хамгааллын хэрэгслээр хангах  зэрэг шат дараалсан арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш